“Хүүхдийн амилуулах суурь тусламж”-ийн сургалт зохион байгуулна

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд 2017 оноос эхлэн хүүхдийн яаралтай тусламжийн чиглэлээр “Хүүхдийн амилуулах суурь тусламж” (Pediatric Basic Life Support-PBLS)-ийн сургалтуудыг зохион байгуулна.

Энэхүү сургалтуудыг зохион байгуулснаар амьсгал, зүрх судас зогссон хүүхдэд тусламж үзүүлэх эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар дээшилж улсын хэмжээнд анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжрах ач холбогдолтой юм.

Уг сургалтуудын “Үндсэн зааварлагч”-ын сургалт 1-р сарын 13-ны өдөр ЭМХТ дээр зохион байгуулагдаж байна. Сургалтыг төслийн богино хугацааны мэргэжилтэн, хүүхдийн яаралтай тусламжийн эмч Иноүэ Нобүаки удирдан сургалтад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс - 2, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс-1, Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс-2, Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс-2, Булган аймгийн нэгдсэн эмнэлгээс-2 эмч тус тус “Үндсэн зааварлагч”-аар бэлтгэгдэхээр суралцаж байна. “Үндсэн зааварлагч” нар нь цаашид тус төвтэй хамтран төслийн хугацаанд зааварлагч болон тусламж үзүүлэгч бэлтгэх сургалтыг удирдан явуулна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)