Хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө баталгаажсан материалтай дүрэмт хувцас авахыг мэргэжилтнүүд зөвлөлөө

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас сурагчийн дүрэмт хувцсанд стандарт тогтоолоо. Ингэснээр хүүхдийн эрүүл мэндэд тустай дүрэмт хувцас худалдаалагдах боломжтой болох юм. 2013 онд дүрэмт хувцасны загварын баримт бичгийг Монгол Улсад анх баталж байжээ. Үүний дагуу үндэсний үйлдвэрлэгчдээр үйлдвэрлүүлэх болсон юм. Гэвч өнгөрсөн зургаан жилийн хугацаанд БНХАУ-аас оруулж ирж байгаа дүрэмт хувцас үүнд саад болж иржээ. Үүнд Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж байсан удаагүй аж.

Дотоодын үйлдвэрлэгчид эрүүл мэнд, эрдэм шинжилгээний байгууллагуудаар баталгаажуулсан байгалийн ширхэг 35 хувиас багагүй буюу агаарын солилцоо чөлөөтэй явагдаж байх материалыг ашиглаж байгаа бол импортын хувцас нь 100 нийлэг буюу полистер материалаар хийгддэг байна. Энэ хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдгийг үйлдвэрлэгчид болон эрүүл мэндийн байгууллагынхан хэлж байв.

Монгол үйлдвэрлэгчид сурагчдын тооны судалгаанд үндэслэн хувцсаа үйлдвэрлэдэг ч жилийн жилд Урд хөршөөс оруулж ирдэг дүрэмт хувцасны худалдаа нөлөөлж, үндэсний үйлвэрлэгчдийн барааны тал хувь нь агуулахад хуримтлагддаг байна.

Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн 62-150 мянган төгрөгийн үнэтэй худалдагдаж байгаа бол БНХАУ-аас орж ирэх бүтээгдэхүүн төдийлөн ялгаагүй байна. Гэхдээ иргэд арай хямд гэсэн үүднээс чанар, эрүүл ахуйн шаардлага хангаагүй дүрэмт хувцсыг сонгож байгаа нь хүүхдийн эрүүл мэндэд муугаас нөлөөлөхөөс гадна, дотоодын зарим үйлдвэрлэгчдийг хаалгаа барихад ч хүргэж буй юм.    


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)