Хүүтэй ээжүүдийн заавал мөрдөх 9 дүрэм

14 жилийн турш хөвгүүддээ аавыг нь орлосон ганц бие эмэгтэйн ээжүүдэд өгч буй зөвлөмж.

1. Түүнийг хэзээ ч бүү шоол

Ямар ч насны эрэгтэйн хувьд эмэгтэй хүний тоглоом шоглоомын бай болох нь сэтгэлийг нь эмзэглүүлж, таагүй байдалд оруулдаг. Харин тоглоом шоглоомыг ээж нь хэлж буй бол хөвгүүдийн сэтгэл бүр ч гүн шаналдаг. Шоолох шалтгаан нь өмдөө буруу харуулж өмссөнийг нь, найз охиныхоо өмнө ичингүйрэн зогсоог нь, зурсан нохой нь мууртай төстэй болсон байсан ч хамаагүй. Таны шоолж, ёжилсон инээдийг тэр насан туршдаа санаж явах болно. Бас хэзээ ч таныг уучлахгүй гэдгийг бүү мартаарай.

2. Асуултанд нь үргэлж хариул

Хүү тань хэдэн ч настай байсан хамаагүй асуусан асуултыг нь үл тоож, “Чи том болохоороо ойлгоно оо” хэмээн “бултах” хэрэггүй. Хэрэв та хариултыг нь мэдэхгүй бол яах вэ гэж үү? Мэдэхгүй гэдгээ хэлэхэд л болно. Харин дараа нь асуултын хариултыг мэддэг болчихоод тайлбарлан хэлж өгөөрэй.

Заримдаа тэд бүр санаанд оромгүй асуулт асуух нь бий шүү дээ. Сандарч, хэлэх үггүй болж орхисон бол “Ээждээ жаахан бодох хугацаа өгөөч” хэмээн хүс. Тэгээд хугацаа хожихын тулд энгийн асуултуудад нь хариулаарай.

3. Шийдвэр гаргахдаа түүнээс тусламж хүс

Бүтэн жилийн турш хариуг нь олж чадахгүй байсан асуудлыг тэд хялбархан шийдвэрлэчихдэг гэдгийг та огт гадарлаагүй биз ээ. “Би ямар нэгэн зүйл буруу хийчихэв үү?”, “Байшиндаа засвар хийх болсон уу?” гэх асуултуудад тань тэр түвэггүй хариулж дөнгөнө. Ингэснээрээ тэр шийдвэр гаргагч эр хүн болон төлөвшиж, бас та түүнд ямар их итгэж, хүндэлдгээ харуулж буй олон давуу талтай юм шүү.

4. «Би хэлээгүй юу!» гэдэг үгийг март

Та өмнө нь анхааруулж, тэр үгийг тань тоохгүй байсан ч гэсэн энэ өгүүлбэрийг үгийн сангаасаа авч хая.

Хүүтэйгээ харилцах харилцаа тань өрсөлдөөн биш. Тиймээс “Би хэлээ биз дээ” гэх үг ялалт шиг санагдахгүй л болов уу. Таныг хэлсэн хэлээгүй тэр хэдийнэ ойлгосон байгаа тул эл үгээ цааш залгисан нь дээр.

5. Түүнийг магт

“Муугүй шүү. Гэхдээ жаахан засвар хэрэгтэй” гэхийн оронд “Гайхалтай” хэмээн магтаж, урамшуул. Тэр өсөж томрохын хэрээр “төгс” бүтээлд нь засвар шаардлагатай гэдгийг ойлгох болно.

6. Мөрөөдлийг нь дэмж

“Археологич болмоор байна” гэх үед “Гайхалтай” хэмээн хариулаарай. Тэр дараагийн удаагийн уншсан номынхоо гол баатар болохыг хүсэж “Би жүжигчин болно оо” хэмээнэ. Мөн л түүнийг дэмж. Итгээрэй, тэр 20 хүртлээ жинхэнэ сонголтоо хийж амжихгүй. Тэр хүртэл нь та дэмжсээр л бай.

7. Түүнийг уйлвал...

Уйлж байна гэдэг таагүй зүйл болсны, түүний сэтгэл шаналж буйн илрэл. Шалтгаан нь таны хувьд өчүүхэн жижиг байж болох ч (цэцэрлэгт нь түүнд дуртай агшаамлыг нь өгсөнгүй хэмээн уйлах үед) түүний хувьд маш том асуудал гэсэн үг.

Хэрэв түүнд асуудал том санагдаж байгаа бол түүний ертөнц хүссэн агшаамлаа идэхгүй байх нь чухалд тооцогдохуйц жижиг гэсэн үг. Тиймээс асуудал, бэрхшээлээс болж нулимс унагах үед нь та түүнийг шүүмжлэх бус тайвшруулах ёстой. Түүний хэдэн настай байх нь чухал биш.

8. Бүү сурга

Үүнд элдэв нэмэлт тайлбар ч илүүц биз ээ.

9. Та үргэлж түүний талд л байх ёстой

Зөвхөн үгээрээ бус үйлдлээрээ ч үүнийгээ илэрхийл. Та багшийнх нь талд орж, түүнийг шүүмжлэх, эсвэл бусад гэр бүлийн гишүүдийн өмнө түүнийг зэмлэж, хашгичихгүй байх нь зөв. Бусдын өмнө та үргэлж түүний л талд ор.

Үргэлж таны хүүгийн зөв!

Хэрэв та дээрх дүрмүүдийг мөрдөж чадвал таны хүү бусад хэнтэй ч хуваалцдаггүй нууцаа тантай ярилцаж зөвлөлдөх болно. Тэр таныг өөр рүү нь хэзээ ч хашгичиж, шүүмжлэхгүй хэмээн итгэж байгаа учраас тэр.

Та хоёрын харилцаа итгэл дээр л тулгуурлах болно. Энэ бол бүхий л ээжүүдийн мөрөөдөл шүү дээ. Харин эл мөрөөдлийг бодит болгох боломж танд байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)