Хүчтэй Засгийн газрыг хүлээхүй

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд ирэх даваа гаргийн 12.00 цагаас “амилна”. Угтаа айсуй сонгуулиас өмнө У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэлдэхүүнээ шинэчилж, “давхар дээл”-тэй сайд нараа цөөлөх үү гэдэг маргаанаас ч чухал үйл явц эхлэх гэж байгаа юм. Өнөөгийн Засгийн газрын хувь заяатай холбоотой эл асуудлыг анх хөндөж, өдөөж, буруу, зөв гэж талцсан хүмүүс өдгөө бүгд шахам сонгуульд нэр дэвшиж байгаа тул энэ сэдвийг хойш тавья. Харин сонгуулийн дараа байгуулагдах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн “үр шим”-ийг анхлан хүртэх Засгийн газар ямар байхыг сонжъё.

Үндсэн хуульд Засгийн газрын эрх, үүргийг найман зүйл (39-46), түүнд холбогдох заалтуудаар зохицуулсан байдаг. Нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засгийн газарт холбогдох 39, 43, 44 дүгээр зүйл өөрчлөгдсөн бөгөөд тэдгээр нь бусад зохицуулалтын хамт хүчтэй Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглал бий болгоно хэмээн найдаж буй. Тодруулбал, Ерөнхий сайд Засгийн газраа ямар бүтэцтэйгээр байгуулах, хэн хэнийг сайдаар томилох вэ гэдэг нь түүний бүрэн эрх болж байгаа юм. Үнэндээ өнөөдрийг хүртэл явж ирсэн жишгээс харвал хэн нэгнийг, магадгүй сонгуулиар санхүүгийн томоохон дэмжлэг үзүүлсэн, гарцаагүй “ач санаж, өр төлөх” ёстой хүмүүс, аль нэг бүлэглэлд зориулан Засгийн газрын бүтцээ данхайлгаж, яамаа байгуулахаас өмнө “эзэн”-ийг нь тодруулж байсан юм.

Сүүлийн хэд хэдэн Ерөнхий сайд танхимын гишүүд, баг болж ажиллах сайд нараа өөрийн бус, өрөөлийн хүслээр томилсон гэхэд болно. Мэдээж сайдын суудал хязгаартай. Өөрийгөө “хувь хүртэх” эрхтэй гэж итгэж байсан заримыг нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний гадна үлдээхээс өөр аргагүй. Энэ тохиолдолд гомдогчид гарч ирж, УИХ-д оруулсан Ерөнхий сайдын саналыг элдвээр гоочлон, шантаажилж, “Энэ хүнийг сайдаар томилбол намайг, манай бүлэг, фракцыг яаж харж үзэх юм” гэх маягаар дарамталдаг. Харин одоо бол өөр. Хэдэн яам байгуулж, хэн хэнийг сайдаар томилохоо Ерөнхий сайд өөрөө шийднэ. Гагцхүү ямар хүмүүсийг танхимдаа багтааж, баг болж ажиллах гэж буйгаа УИХ, Ерөнхийлөгчид танилцуулах л ёстой. Танилцуулсан хүмүүсийг нь УИХ дэмжих, дэмжихгүй нь түүнд падгүй. Хэн, юу гэж хэлэхээс эс хамааран сайд нараа томилох эрхийг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдад олгочихсон. Нэгэнт алдаа, амжилтын аль алиныг нь хар толгойгоороо хариуцна гэж өөрийн багаа бүрдүүлсэн Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэйгээ нялганаж, толгойг нь илээд байхгүй. Засгийн газрын ганц алдаа ч танхимаараа “шийтгүүлэх” шалтгаан болох тул хариуцлагатай ажиллаж, “Тэр минь, энэ маань” гэж өмөөрч, хаацайлахгүй. Нэг сайдын алдаа ч нийтээр нь муухай харагдуулах тул гарцаагүй алдаа гаргасан нэгнийг дор дор нь огцруулж, хариуцлага тооцох эрх нь ч түүнд бий. Тэр болгонд УИХ-ын өмнө гэмтэн шиг гэлбэлзэхгүй гэсэн үг. Тиймээс энэ удаагийн сонгуульд улс төрийн аль нам, эвсэл ялж, Засгийн газраа байгуулна, тэр нь энэхүү хүчирхэгжүүлэх заалтад захирагдан ажиллах юм.

УИХ-ын 2020 оны сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл оролцоно. Мөн 200 гаруй хүн бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн. Гэвч өнгөрсөн 30 шахам жилийн хугацаанд сайн, муугаараа хэлүүлэн, энэ улсыг ээлжлэн удирдсан АН, МАН-ын аль нэг нь олонх болно гэсэн таамаглал байсаар л буй. Үндсэндээ, У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Н.Энхбаяр нарын хэн нь дараагийн Засгийн газрыг тэргүүлж, Ерөнхий сайдаар ажиллах вэ гэдэгт энэ удаагийн сонгууль хариулах юм. Гэхдээ ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог бичигдээгүй хуулийг зөрчихгүй тохиолдолд л эл асуултыг тавих боломжтой. Учир нь 2016 оны сонгуулиар үнэмлэхүй олонх болж, 65 суудал авсан МАН-ын тухайн үеийн дарга М.Энхболд Ерөнхий сайд бус, УИХ-ын дарга болсон түүхтэй.

Тиймээс ч У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсныхоо дараа энэ “хууль”-ийг сануулсаар МАН-ын дарга болж, эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлсэн юм. Иймд энэ удаагийн сонгуулиар МАН олонх болбол тэрбээр үргэлжлүүлэн Ерөнхий сайдаар ажиллах нь тодорхой. Энэ тохиолдолд хэн хэнийг сайдаар томилж, танхимдаа ажиллуулах нь ч үндсэндээ “зурагдчихсан” байгаа. МАН гэлтгүй найдвар тээж буй бусад намын удирдлага ч үүнийгээ хэдийн “зурчихсан” биз. Магадгүй сонгуулийн кампанит ажил эхлэхээр нам, эвслүүд ялсан тохиолдолд байгуулах Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг ч танилцуулж болох юм. Энэ нь их сайн жишиг тогтоож, олон зүйлийг тодорхой болгох ач холбогдолтой.

Засгийн газар хэдэн яамтай байхаас үл хамааран хамгийн ихдээ дөрвөн сайд нь “давхар дээл”-тэй байхыг л зөвшөөрч буй. Өдгөө Ерөнхий сайдаас бусад бүх сайд нь “давхар дээл”-тэй. Тэгвэл энэ Засгийн газрын 16 сайдаас (Ерөнхий сайдыг оролцуулан) 14-ийг нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр эхний ээлжид зарлаад байна. Шадар сайд Ө.Энхтүвшин, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хоёр л нэр дэвшээгүй. Магадгүй У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллах тохиолдолд тэд танхимд нь үлдэх болов уу. Хоёр сайд ч үүнийг бодолцсон биз. Одоогийн сайд нараас гадна УИХ-ын зарим гишүүн ч нэрээ дэвшүүлэхээс сайн дураараа татгалзсан нь МАН ялбал сайд болно гэж тооцсонтой холбоотой байж мэднэ. Гэвч нэг талаас энэ бүрэн эрхийн хугацаанд намын нэр хүндийг унагасан гэх хэрэгт холбогдсон хүмүүс сайн дураараа татгалзахаас өөр сонголт байгаагүй ч гэхэд болно. Энэ ч утгаараа тэднийг танхимдаа багтаах, эсэх нь эргэлзээ дагуулж буй юм. Харин нэр дэвшиж буй сайд нараас УИХ-д сонгогдсон нь ажлаа үргэлжлүүлэхийг үгүйсгэхгүй. Засгийн эрхийг МАН үргэлжлүүлэн барихаар болбол Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуулийн хязгаарт нийцүүлэн одоогийн сайд нараасаа танхимдаа авах талтай.

АН олонх болсон тохиолдолд тус намын дарга С.Эрдэнэ Ерөнхий сайд болно. Харин хэзээнээс фракц, бүлэглэл олонтой эл намын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн нэлээд сонирхолтой зурагдах болов уу. УИХ-д нэр дэвшүүлсэн байдал нь ч ийм өнгө төрх агуулж буй. Хэдийгээр хүчтэй, тогтвортой Засгийн газар байгуулагдах хуулийн боломж нэлээд хэмжээгээр нэмэгдсэн ч олон талын ашиг сонирхлыг харж, нэгтгэсэн танхим тэр хэмжээгээр эрсдэл дагуулахыг үгүйсгэхгүй. “АН засаглаж чаддаггүй” гэх нь ч бий. Гэхдээ өмнө нь Ерөнхий сайдаас гадна танхимын гишүүдийн тал нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ “унадаг” байсныг өөрчилсөн нь зол юм. Учир нь дотроосоо, танхимын гишүүд нь Ерөнхий сайдынхаа эсрэг ажиллаж, унагаасан түүх ч тэдэнд бий. Харин энэ сарын 25-наас мөрдөх нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд зөвхөн Ерөнхий сайд огцорсон болон УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрын тэргүүнийг огцруулах санал гаргаж, түүнийг нь олонх дэмжсэн тохиолдолд гүйцэтгэх засаглалын бүрэлдэхүүн өөрчлөгдөхөөр байгаа юм. Гэвч гишүүд нь санаачилга гаргаж, Засгийн газраа унагасан түүх АН, МАН-ын аль алинд нь бий.

Харин аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусадтайгаа зөвшилцөн, олонхыг бүрдүүлж, нэр дэвшүүлсэн хүнийг, бусад тохиолдолд УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн, олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулах ёстой. Энэ тохиолдолд харин хэрхэх бол?

Гучин есдүгээр зүйл.

1. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно.

2. УИХ-д олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн, олонхыг бүрдүүлж, нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна.

3. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ.

4. Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө.

Дөчин гуравдугаар зүйл.

1. УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно.

2. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

Дөчин дөрөвдүгээр зүйл.

1. Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн, 10 хоногийн дотор УИХ-ын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ.

2. УИХ тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)