Хүчит чулуут” компанийн хариуцлагагүйгээс хүүхдүүд усан эмчилгээнд хамрагдаж чадахгүй байна

Манай улсад урьд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх цогц үйлчилгээтэй, бие даасан томоохон төв байсангүй. Түүхэндээ анх удаа БНХАУ-ын тусламжаар 35 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар иж бүрэн тоног төхөөрөмжтэй, эмч, ажиллагсад нь мэргэшсэн төвтэй болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, хөгжлийн төвийн барилгыг өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд хүлээлгэн өгсөн бол тавдугаар сарын 30-нд албан ёсоор үйл ажиллагааг нь эхлүүлсэн билээ. Үүдээ нээгээд хэдэн сар болж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, хөгжлийн төвийн үйл ажиллагааг сурвалжиллаа. Гурван давхар эл төвийн угтах хэсгийн талбай цэлгэр, уужим юм. Үйлчлүүлэгч суух хэд хэдэн урт буйдан байрлуулжээ. Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдүүд хэрэглэх тэргэнцрүүдийг хаалганы хажууханд тавьсан харагдав.

Хүүхдүүдийг тайван, чөлөөтэй байлгах, эерэг орчныг бүрдүүлэхийг хичээсэн нь илт. Давхарт бүрт, хаашаа л харна хүүхдийн тоглоом, ном, хэрэгсэл байх. Тус төвийн дарга Р.Галбадрах хүүхдүүдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээ болон ажлынхаа талаар мэдээлэл өгсөн. Эл байгууллагыг хот, хөдөөгөөс зорин ирэх хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй гэнэ. Үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаас өнөөдрийг хүртэл 217 хүүхдэд тусламж үзүүлжээ. Тэдний 36 нь орон нутгаас ирсэн. Нэг хүүхэд дор хаяж 3-4 үйлчилгээ авч, 14 хоног эмчлүүлдэг. Тухайлбал, сонсголын бэрхшээлээс гадна хавсарсан эмгэгтэй бол нэлээд хэдэн эмчилгээнд хамруулах шаардлагатай. Эмчлүүлэгчдийн 80 хувийг тархины саажилттай, үлдсэнийг сэтгэцийн эмгэг буюу аутизм, удамшлын өвчтэй, тулгуур эрхтэн, сонсголын бэрхшээлтэй хүүхэд эзэлдэг. Тус төвийн амбулатори хөдөлмөр болон хөдөлгөөн засал, усан эмчилгээний тус бүр хоёр, физик эмчилгээ, боловсрол олгох 16 танхимтай. Мөн нийгмийн амьдралд бэлдэх, хэл засал, хараа, сонсгол, дуран, хэт авианы өрөөтэй. Бие даасан лаборатори, хиймэл эрхтний үйлдвэртэй. Бас хэвтэн эмчлүүлэх 250 ор бүхий тасагтай. Одоогоор хэвтэн эмчлүүлэх тасгаа нээгээгүй. Тиймээс боловсрол олгох анги танхимуудаар орлоо.

Хоёрдугаар давхрын хэл заслын өрөөнд гурван настай Намуун эмчтэй ярилцаж байв. Багш түүнд үлгэрийн ном уншиж өгөнгөө, хэлж ярихыг нь анхааралтай сонсох аж. Намуун зөрүүдэлж, эмч аргадах маягаар тэр хоёрын хичээл үргэлжилнэ. Өрөөний гадна эрэгтэй хүүхдийн инээж хөгжих дуу гарна. Том гэгч хиймэл завийг жижиг, зөөлөн бөмбөлгүүдээр дүүргэжээ. Намууны ах дүүгээ хүлээнгээ завьтай бөмбөлөгт умбан, шумбан тоглож буй нь тэр аж. Өөр нэг өрөөнөөс төгөлдөр хуурийн аялгуу эгшиглэнэ. Найман настай Батаа энд хичээллэж байлаа. Тулгуур эрхтний бэрхшээлтэй тэрбээр өөртөө хүндэдсэн зүдгүүрээ даван туулахын тулд хөгжим тоглож сурахаар шургуу хичээллэж байв. Хүүгийн булбарай бяцхан гар төгөлдөр хуурийн хар цагаан товчлуур дээр бүжиглэн тоглоход самсаа шархираад л ирсэн. Гялс цааш эргэж, өрөөнөөс гарлаа. Цааш сэтгэлзүйчийн өрөөнд очив. Нэгэн ээж охиноо өвөр дээрээ суулгачихсан эмчтэй ярилцаж байв. Тэдний хувийн орон зайд нэвтрэхийг үл хүсэн, дахин өөр өрөө лүү тэмүүлэв. Өрөө бүрт 2-3 хүүхэд байх. Өөр өөртөө тохирсон эмчилгээ хийлгэхээр иржээ. Бусад эмнэлгийг бодвол эндхийн үйлчлүүлэгчдийн тоо цөөн юм. Урт дараалал, уур бухимдал, уйлаан, хашхираан алга. Нам гүм хэрнээ эмч нар дор бүрнээ тасралтгүй ажиллаж, сувилагч, ажилтнууд чимээ аниргүй урдуур, хойгуур явна. Үйлчлүүлэгчид ч тайван, яарсан шинжгүй.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнгөрсөн тавдугаар сарын 1-нд тус төвийн үйл ажиллагааны журам, бүтэц, орон тоог баталжээ. Уг нь энд 189 хүн байх ёстой ч одоогоор 120 нь ажиллаж байна. Эмч нарын орон тоо бүрдсэн ч сувилагч, бусад нарийн мэргэжилтэн шаардлагатай. Тодруулбал, хэл засалч, сонсголын аппарат тохируулж, чихний хэв авах мэргэжилтэн, хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч дутагдалтай. Тиймээс өнгөрсөн хавар АШУҮИС-ийн төгсөгчдөд төвийнхөө тухай танилцуулж, бэлэн ажлын байр байгааг дуулгажээ. Лицензийн шалгалт өгч буй сувилагч нарт ч ажлын урилга тараасан гэнэ. Харамсалтай нь, тус төвд ирэх сувилагч, мэргэжилтэн хомс хэвээр байна. Журмаараа, хөдөлгөөн болон хөдөлмөр засал ч аль аль нь 30 байх ёстой ч өдгөө нийт 12 хүн ажиллаж буй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв өдрөөр 250, хэвтэн эмчлүүлэх тасагтаа мөн тооны хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Тиймээс өдөрт 500 хүүхдэд үйлчилнэ гэвэл 120 эмч, ажилтан цөөдөхөөр байгаа биз. Сувилагч, хөдөлгөөн засалч зэрэг бусад ажлын байранд 70 хүн авахаар нээлттэй зар олонтоо явуулсан ч бас л хүн ирээгүй тул дараа жил төгсөх оюутнуудыг хүлээхээс өөр аргагүй болжээ. Гэхдээ тус төвийн удирдлага төгсөгчдийг хүлээж зүгээр суусангүй, боловсон хүчин бэлтгэдгээр нь БСШУСЯ, төгсөгчдийг мэргэшүүлдгээр нь ЭМЯ-нд ханджээ. БСШУСЯ-наас хүүхдүүдэд багшлах 20 хүний нэр өгсөн байна. Тэдний дөрөв нь одоогоор энд багшилж буй аж.

Хэл засалчийн орон тоог дөрвөн хүнтэй байхаар баталсан ч өдгөө энд нэг л хүн ажилладаг. ОХУ-д энэ чиглэлээр мэргэшсэн хүн өөрөө тус төвийг зорин ирсэн нь сайшаалтай. Мөн эл төвд нүдний шил тааруулах техникч, протез, ортопедын мэргэжилтэн дутагдалтай. Ийнхүү манай улс бүрэн тоног төхөөрөмжтэй, цогц үйлчилгээ үзүүлэх томоохон төвтэй болсон ч боловсон хүчин хомсдолтойг сонсоод харамссанаа нуух юун.

Тус төвд ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтэн зэрэг 200 хүнийг БНХАУ-д сургахаар нэмэлт гэрээ байгуулсан. Үүний дагуу эхний 30 хүн нэг сарын хугацаатай тус улсад суралцжээ.

Саяхан урд хөршийн Элчин сайдын яамнаас эл төвд сонсголын 250 аппарат бэлэглэсэн байна. Уг аппаратыг тааруулах мэргэжилтэн байхгүй тул төвийн удирдлага ЭМЖЖ эмнэлгээс мэргэжилтэн урьж, 30 хүүхдээс чихний хэв авхуулсан гэх. Үүнийг харсан БНХАУ-ын төлөөлөгч дараагийн удаа энэ чиглэлийн мэдлэг олгох сургалт явуулахаа амлажээ.

Төвийнхөн хэвтэн эмчлүүлэх тасгаа нээхээр бэлтгэл ажлаа хангаж байлаа. Эхний ээлжид эм, тариа, лабораторийн урвалж бодис, хүнсний материал авахаар тендер зарлажээ. Энд 18 хүртэлх насныхан үйлчлүүлнэ. Хоёр жил үйл ажиллагаа явуулсны дараа төвийг магадлан итгэмжлэх хуультай. Ингэснээр хүүхдүүд эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломж бүрдэх юм. Одоогоор хүүхдүүдийн эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бус, улсын төсвөөс гаргаж байгаа гэнэ.

Энэ төвөөр үйлчлүүлж буй эцэг, эхчүүд сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн. Тэд үйлчилгээний чанар, эмч, ажилтнуудын харилцааны соёлд онц дүн тавьсан. Мөн сэрүү унахаас урьтаж шийдэх хэд хэдэн асуудал бийг сануулсан юм. Эхнийх нь тус төвийг цэвэр, бохир усны төв шугамд холбох. 2016 онд БНХАУ-ын Засгийн газар, манай ХНХЯ эл төвийг барих гэрээ байгуулах үед “Хүчит чулуут” компани инженерийн дэд бүтцийг хариуцах үүрэг хүлээжээ. Ажлын хөлс болох 800 сая төгрөгийг ч урьдчилан авсан байна. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл ажлаа дуусгаагүй. Үүний уршгаар тус төвийн хэвтэн эмчлүүлэх тасаг, усан эмчилгээний танхим ажиллаж эхлээгүй. Саажилттай хүүхдэд усан эмчилгээ хийснээр чангарсан булчин нь суларч, зарим тохиолдолд мэдрэлийн эд, эс нь богино хугацаанд сэргэж, хөдөлгөөн нь сайжирдаг аж.

Төвийн шугамд холбогдоогүй шалтгаанаар Улсын комисс ч барилгыг бүхэлд нь хүлээж авалгүй, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хэсэгчилж өгсөн байна. Төвийн барилгыг хүлээж авахаас өмнө цэвэр, бохир усны шугамыг холбохыг ХНХЯ-наас хэд хэдэн удаа сануулжээ. Гэсэн ч тус компани алгуурласаар өнөөдрийг хүрсэн байна. Мөн МХЕГ болон хөндлөнгийн шинжээч нар өнгөрсөн жил “Хүчит чулуут” компанийн ажлыг шалгаж, горимын дагуу чанартай хийхийг анхааруулсан гэх. Ийм байтал тус компанийнхан батлагдсан зураг төслөөс зөрж, чанарын шаардлага хангахгүй шугамыг хагас дутуу угсарсан гэдгийг ХНХЯ-ны эх сурвалж хэлсэн. Удаа дараа шаардлага тавьсны эцэст тус компани ажлаа арай гэж хийж эхэлжээ. Дуусгах хүртэл нь төвийнхөн халуун, хүйтэн усгүй, хэрэглээний усаа зөөх гэнэ. Мөн бохирын шугамгүй учир “Хүчит чулуут”-ынхан өөрсдөө тус төвийн бохирыг долоо хоногт 2-3 удаа соруулан, зөөж буй гэсэн. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үйлчлүүлдэг гээд барилга нь хүртэл төвийн шугамд холбогдоогүй, “хөгжлийн бэрхшээлтэй” байх албагүй. Тус компани ажлаа гүйцэтгэхгүй удвал ХНХЯ-ны нэрийн өмнөөс хариуцлага нэхэж, шаардлага тавих болно” гэж хэлэх үйлчлүүлэгчтэй цөөнгүй таарсныг “Хүчит чулуут” компанийханд уламжилъя.

Өөр нэг бэрхшээл нь энд үүрэн холбооны утасны сүлжээ барьдаггүй юм байна. Тиймээс “Скайтел”, “Мобиком”, “Юнител” компанийн удирдлагад хандаж, сүлжээ сайжруулах хүсэлт тавьжээ. “Мобиком”-оос мэргэжилтэн ирж нөхцөл байдалтай танилцаад “Нэмэлт антен барих шаардлагатай” гэж зөвлөсөн аж. Эмнэлгийн орчинд, тэр тусмаа өвчтэй хүүхдүүдтэй ойрхон антен барих боломжгүй. Тиймээс ойр орчмынхоо аж ахуйн нэгжүүдэд “Хашаандаа антен бариулаач” гэх хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй гэнэ.

Тус төвийг бүрэн ашиглалтад оруулснаар хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй, эсэхийг эрт илрүүлж, нөхөн сэргээх, эрүүл болгох, ээж, аавд нь асаргаа сувилгааны мэдлэг олгох сургалт, сурталчилгаа явуулах зэргээр цогц үйлчилгээ үзүүлнэ. Мөн хөгжлийн хоцрогдлыг арилган, хоёрдогч хавсарсан өвчтэй болохоос урьдчилан сэргийлэх ач тустай. Үүнээс гадна хот, орон нутгийн эмч нарыг сэргээн засах чиглэлээр мэргэшүүлэх бааз болох юм билээ. Монголд ийм төв байгуулсанд олон нийт ч сэтгэл хангалуун байна. Энэ төвд хөгжлийн бэрхшээлтэй 16 хүн ажилладаг. Сонсгол болон тулгуур эрхтний бэрхшээлтэй, оюуны эмгэгтэй иргэд үйлчлэгч, хамгаалагч, туслах багш, захиргааны мэргэжилтэн зэрэг ажил хийдэг.

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 11.3 мянган хүүхэд бий. Тэднээс 1281 нь харааны, 856 нь хэл ярианы бэрхшээлтэй. Цаашлаад сонсгол муу 848, хөдөлгөөний бэрхшээлтэй 2571 хүүхэд байна. Мөн тэргэнцэртэй 594, байнгын асаргаанд байдаг 5648 хүүхэд бий юм. Тэдэнд хүрч үйлчлэх, заримыг нь эрүүл саруул болгох асар том зорилго төвийнхөнд байгаа гэдгээ хэлсэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)