Хүчит бөхийн барилдаанд Э.Оюунболд ес давж, Улсын аварга боллоо

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн есийн давааны барилдаан болж өндөрлөлөө. 

Есийн даваанд Улсын арслан Э.Оюунболд Улсын аварга Н.Батсууриар ес давж, Улсын аварга боллоо. Ийнхүү Хэнтий аймгаас гучин жилийн дараа анх удаа Улсын аварга цолтон тодроод байгаа юм.

Улсын арслан Э.Оюунболд 20 насандаа буюу 2013 онд улсын Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давж улсын начин цолтон болсон юм.  Тэгвэл тэрээр 2015 онд 22 насандаа Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлж, арслан цолтой болсон юм. 2015 онд Э.Оюунболд нь  16 жилийн дараа улсын наадамд Хэнтий аймгаас түрүүлсэн бөхөөр тодорч байв. Өөрөөр хэлбэл, Даяар дурсагдах Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1999 онд 11 дэх түрүүгээ авсанаас хойш Хэнтий аймгаас Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны түрүүг аваагүй юм. Тэгвэл Э.Оюунболд хоёр дахь удаагаа улсынхаа наадамд түрүүлж Хэнтийн аймгуудын аваргуудын тоог нэгээр нэмлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)