Хүрэлцэхүйн “өлсгөлөн”

Ж.Оюунсүрэн                                                                           Т.Энхнаран


..“Монголчууд эрт дээр үеэс нүүдэллэн амьдарч, зөвхөн саахалт айл болон ураг садантайгаа л холбоотой, бусадтай нэг их харилцдаггүй байсан нь асуулгын үр дүнд нөлөөлсөн хэмээн дүгнэж байна. Социализмын үед хүүхдэд ангир уургийг нь амлуулдаггүй, амаржсан эмэгтэй 45 хоногийн дараа ажилдаа ордог байсан нь хүүхэд, эх хооронд харилцан хүрэлцэхүй бараг үүсдэггүй байсны жишээ юм...

Ураг бүрэлдсэнээс хойш хорвоод мэндлэх хүртэлх хугацаанд эхтэйгээ болон гадаад орчинтой харилцан хүрэлцэхүйн мэдрэхүйн тусламжтай “ойлголцдог” гэнэ. Британийн эрдэмтэн Францис МакГлоугийн 2004 онд хэвлүүлсэн судалгаагаар харилцан хүрэлцэхүйн мэдрэхүйд маш чухал үүрэгтэй CT аfferent (хүмүүс арьсаараа хүрэлцэх) нь сэтгэл зүйн эрүүл мэндэд эергээр нөлөөлдгийг тогтоожээ. Түүгээр зогсохгүй сэтгэцийн эмгэгээс сэргийлэх “дархлаа” болдгийг баталсан байна. Үүнээс үүдэн Британийн эрдэмтэн Францис МакГлоу, Пауло Троттер нараар ахлуулсан шинжээчдийн баг харилцан хүрэлцэхүйг үнэлэх асуулга 10 жилийн турш боловсруулж, 2014 онд 117 асуултаас бүрдсэн “Touch expierence and attitude questioner” хэмээх 2-3 шаттай судалгаа хийжээ. Судалгааны асуулгад хүний хувийн, ялангуяа бэлгийн амьдралтай холбоотой олон асуулт байжээ. Мөн асуултын тоо олон байсан нь үр дүнд сөргөөр нөлөөлөх хандлага ажиглагдсан тул 56 болгон цөөрүүлсэн гэнэ. Үүний дараа ОХУ-ын Боловсролын их сургуулийн эрдэмтэн Елена Владимировна, Антон Алексеевич нараар ахлуулсан судалгааны баг харилцан хүрэлцэхүйг үнэлэх асуулгыг улсдаа “нутагшуулсан” байна. Уг ажлаа Засгийн газрынхаа санхүүжилтээр 2016-2018 онд хийсэн аж. Ингэхдээ асуултын тоог 37 болгосноос гадна өргөн хүрээнд ашиглах боломж бүрдүүлэн, патентжуулжээ. Ажлын үр дүнд ОХУ-д харилцан хүрэлцэхүйн үнэлгээний бүх хүчин зүйл хаалттай байгааг тогтоосон гэнэ.

Манай улсад уг судалгааг 2016 оноос Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгэл судлалын багш, хэрэглээний сэтгэц оношилгоо, сэтгэл зүйн шинжээч Ж.Оюунсүрэн болон хүний их эмч, нейробиологич Т.Энхнаран нар хамтран явуулж эхэлжээ. Энэ судалгааны зорилго нь Британи болон ОХУ-д хийсэн ажлыг харьцуулж, соёлын онцлог болон ялгааг илрүүлэх аж. Тэд 87 асуултаас бүрдсэн, өөрийн биед хүрэх мэдрэхүй, хүүхэд насны, эцэг эхийн, нийгмийн, хосын, найз нөхөд ба дотнын хүмүүсийн харилцан хүрэлцэхүй гэх зургаан хүчин зүйлээс бүрдсэн судалгааг иргэдээс авсан байна. Үр дүнд нь манай улсын нийгмийн харилцааны хүрэлцэхүйн мэдрэхүй хаалттай гэсэн дүгнэлт гарчээ. Судлаач Т.Энхнаран энэ талаар “Монголчууд эрт дээр үеэс нүүдэллэн амьдарч, зөвхөн саахалт айл болон ураг садантайгаа л холбоотой, бусадтай нэг их харилцдаггүй байсан нь асуулгын үр дүнд нөлөөлсөн хэмээн дүгнэж байна. Социализмын үед хүүхдэд ангир уургийг нь амлуулдаггүй, амаржсан эмэгтэй 45 хоногийн дараа ажилдаа ордог байсан нь хүүхэд, эх хооронд харилцан хүрэлцэхүй бараг үүсдэггүй байсны жишээ юм. Энэ нь хэд хэдэн сөрөг хүчин зүйлийн шалтгаан болжээ. Тухайлбал, архинд донтсон хүмүүсийг судалгаанд хамруулахад дийлэнх хувь нь социализмын үед төрж, өссөн байна. Нийгмийн тогтолцоотой ч бас холбоотой гэж үзэж болох юм. Ардын хувьсгал ялсны дараа монголчууд нийгмийн харилцаагаа хот айл, хамаатан саднаас илүү тэлж өргөжүүлэх болсон. Мөн хүүхдүүд цэцэрлэгт хүмүүжиж эхэлсэн нь харилцан хүрэлцэхүй, нийгмийн холбоо манай оронд дөнгөж нутагшиж эхэлснийг харуулж буй. Харилцан хүрэлцэхүйн хэрэгцээг хангаагүйгээс хүмүүс сэтгэцийн өөрчлөлтийн төрөл болох аутизм, анорексия, мөн сэтгэл зүйн талаас депресс, стресст өртөмтгий болно. Хэдийгээр улс орны соёл, нийгмийн байдал нь хувь хүнийг сэтгэцийн эмгэгт өртөх магадлалаас тэс өөр мэт боловч харилцан хүрэлцэхүйн үнэлгээ гаргаж буй зургаан хүчин зүйлд энэ бүхэн багтаж байгаа юм. Судалгааны үр дүнд дүгнэлт хийхэд зургаан хүчин зүйлээс хамгийн сул нь нийгмийн харилцан хүрэлцэхүйн мэдрэхүй байсан. Зөвхөн энэ хүчин зүйл бус, бусад нь ч суларсан нь ажиглагдсан. Энгийн жишээ дурдахад, ухаалаг утасны хэрэглээнээс үүдэн хүмүүсийн хооронд амьд харилцаа бага болсон нь ч үүнд тодорхой нөлөө үзүүлж байна” гэлээ.

Орчин үед ид тулгамдаж буй сэтгэцийн өөрчлөлт, эмгэгүүд үүсэх шалтгааныг харилцан хүрэлцэх мэдрэхүйг бүрдүүлдэг зургаан хүчин зүйлийн тэнцвэртэй бус байдалтай холбон тайлбарлаж байна. Харилцан хүрэлцэхүйн мэдрэхүйг үнэлэх хүчин зүйлүүдийн тэнцвэртэй байдал нь эрүүл нийгмийг бий болгоход томоохон ач холбогдолтой аж. Судлаачид цаашид асуулгын үр дүнд үнэлгээ хийж, практик ач холбогдлыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүний хүрээнд эмнэлэг, сэтгэл зүйн төвүүд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төрийн болон хувийн хэвшлийн байгуулагуудад сэтгэл зүйн эрүүл мэндийг сайжруулах сургалт явуулах боломжтой гэнэ.

“Сэтгэл судлаач Жон Уотсон ХХ зуунд “Бихевиорийн сэтгэл судлал” онолдоо хүүхдийг энхрийлэх, өвөр дээрээ суулгах ч хэрэггүй гэсэн байдаг. Учир нь хүүхдийг хэт энхрийлбэл тэд сул дорой, хүчгүй болж төлөвшдөг гэж үзсэн. Гэсэн хэдий ч XХI зууны эхэн үеийн судалгаагаар илэх, зөөлөн хүрэх гэх мэт үйлдлээр дамжуулан тархи руу эерэг мэдээлэл дамжуулдгийг баталснаар хуучин онолыг үгүйсгэсэн юм байна. Уг мэдэрхүй нь гарын алга, хөлийн ул гэх зэрэгт хамаардаггүйг хэлэх нь зүйтэй болов уу. Зөвхөн хүний арьс, үс ургадаг хэсгүүдэд хүрэхэд илэрдэг шинж тэмдэг.

Иймд хүүхэд ахуй цагаас эхлээд эцэг, эхчүүд хүүхдээ “элгэндээ нааж” энгэртээ тэврэх нь чухал гэж эрдэмтэн, судлаачид үзэж байгаа. Орчин үед эх, хүүхдийн харилцааг илүү ойртуулж, хүүхэд мэндэлсний дараа шууд эхийн цээжинд тэврүүлдэг нь маш зөв гэнэ. Энэ нь хүүхэд ангир уургаа амлаж байгаатай тэнцэхүйц хэмжээний эерэг нөлөө хүний сэтгэхүйд үзүүлдэг. Харин хүүхдийг хүчирхийлэх нь үүний эсрэг нөлөөтэй, сэтгэцийн эмгэгт өртөмтгий болох эрсдэлтэй юм байна. Ингэснээр харилцан хүрэлцэхүйн мэдэрхүйн “өлсгөлөн”-нд өртөж, түүнийгээ хорт зуршлаар тайлах хандлагатай болдог” гэж судлаач Ж.Оюунсүрэн хэллээ.

Н.Хүслэн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)