Хүрхрээн дээрх хөлийн чимээ

skywallk

Ойрын хэдэн өдрийн бороонд Улааны голын урсгал нэмэгдэж, жижиг машинтайгаа гатлахад амаргүй болжээ. Энэ гол Орхонд цутгахдаа Монголын хамгийн их устай хүрхрээг үүсгэснээр хол, ойрын зочин, гийчний нүд, сэтгэлийг баясгах үзэсгэлэн бүрдсэн нь Улаан цутгалан юм. 24 метрийн өндрөөс хүчтэй нүргээн үүсгэж буух их уснаас уур савсан нарны гэрэлд солонгорон харагдах нь уран зураг мэт. Яг энэ дүр зургийг аргамжиж, бас нэгэн үйл явдал болсон нь Монголд анх удаа хийсэн, өндөр утсан дээрх тэнцвэрийн үзүүлбэр юм. Циркийн акробатын жүжигчин М.Мягмарсайхан өнгөрсөн бямба гарагт Улаан цутгалан хүрхрээн дээгүүр 50 гаруй метр утас байрлуулж, ямар ч хамгаалалтгүйгээр алхлаа. Энэ үзүүлбэрийн олон улсын нэршил нь skywalk. Чанга утасны үзүүлбэрээр мэргэшсэн тэрбээр Швейцар, Герман, БНСУ-д ийм тоглолт хийж байсан ч эх орныхоо үзэгчдэд анх удаа үзүүлсэн нь энэ.

Ганц л гишгэлт алдвал аюул дагуулах хэрнээ амьсгаа даран үзэх хүмүүст ер бусын сонин мэдрэмж төрүүлсэн энэ үзүүлбэрийн амин сүнс нь аюулгүй ажиллагаа. Мэргэжлийн хэмжээнд, ямар ч савлагаагүй утас байрлуулж, тоглолтын турш жүжигчнийхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахаар аюулгүйн техникч Х.Ганболд, Г.Батбаатар, А.Чүвсэнсэнгэ, Б.Золбаяр, Б.Эрдэнэтогтох нар хоёр өдрийн турш ажиллаж байж тоглолтын тоног төхөөрөмжөө байрлуулж өндөр дээр үзүүлбэр хийх боломж бүрдүүлсэн юм.

Өдөр бүр хүний хөл тасардаггүй Улаан цутгалан хүрхрээн дээр циркийн тоглолт болох сургаар нутгийн иргэд олноороо цуглаж, энэ үйл явдлын гэрч болсон. Голын хойд эргээс урагшаа чиглэн алхаж байхтай нь зэрэгцэн жүжигчин М.Мягмарсайханы өмнөөс сэтгэл түгшин, алга ташсан нэгнээ “Аюултай үзүүлбэр хийж байхад анхаарлыг нь сарниулж болохгүй шүү” хэмээн болиулж, дууссаных нь дараа уухай хашхиран дэмжсэн нутгийнхан болон холоос зорин очиж үзсэн бүх хүнд багийнхан талархаж буйгаа дамжуулсан юм. Аюултай хэдий ч мэргэжлийн түвшинд хийж чадвал эрсдэлээс сэрэмжилж болдгийг циркчид харуулаад зогсохгүй цаашид Чулуутын хавцал, Хэрмэн цав зэрэг газарт өндөр утсан дээгүүр алхах боломжтойг дурдсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)