Хүн

Байрны гадаах хогийн цэгт ирдэг хүмүүс ирдгээрээ “зочилсоор”. Амьдралд нь хэрэгтэй зүйл байдаг болохоор хог ухдаг байх. Тэгж боддог ч болохоор оршин суугчид өмсөхгүй хувцсаа магадгүй тэднийг аваасай гэсэндээ овоолоостой хогноос хол тавьдаг биз ээ.

Үлдэгдэл хоолоо ч нэг удаагийн цагаан сав, эсвэл жимсний чанамлын шил, үгүйдээ гялгар уутанд хийж хогийн цэгийн наахна нь орхидог. Улирал солигдлоо. Хувцасны шүүгээгээ янзаллаа. Дараа жил гэж дэмий дарж байхаар гаргая гэж бодсон цамц, ороолт зэргийг эвхэж аваад өнөөх цэгийг зорьж очсон юм. “Манайхан” ирчихжээ. Өмнө нь харж байгаагүй дөрвөн хүн байх бөгөөд бүгд амны хаалттай байв. Тэдэн дунд буй нэг эмэгтэйнх даавуун, бусад гурвынх нь нэг удаагийнх аж. Бүсгүйд даавуун амны хаалтаа угааж, индүүдэх боломж олдож байгаа болов уу даа. Юутай ч өвчин, халдвараас хамгаалах арга хэмжээ авчээ. Нэг удаагийн, цэнхэр өнгийн амны хаалттай эрчүүдийг хараад тэд хаанаас авсан бол, мөнгөөр үү, хүмүүсээс гуйгаад уу, эсвэл гудамжнаас, магадгүй энэ цэгээсээ олж аваад, сэгсэрсэн болоод зүүв үү гэж бодсон. Цаг үеийн мэдээлэлтэй, өөрсдийгөө хамгаалах хүсэлтэй, хэрэгжүүлж, биелүүлэх ухаантай л байна даа. Хиртэй хувцастай, эвгүй үнэртэй тэр хүмүүстэй уулзаж яривал хувь хүн бүрийн сонирхолтой ертөнц нээгдэх нь гарцаагүй. Нэгэн цагт ажлыг гялалзуулж, амьдралаа ч аваад явж байсан байх. Хэзээ, хаахна хазгай гишгээд орох оронгүй, оочих аягагүй болчихов доо, тэд. Гэхдээ л тэд хүн юм. Хэлээд байхад үг авдаггүй хэнэггүй толгойт, гэр оронтой даврагсдаас хавьгүй дээр ухамсартай юм.

Урт цагааны гудамжинд байх “Эко экспресс” түргэн хоолны газарт хурдан хугацаанд цай уух гэтэл шавар шавхай дундаас гарч ирэв үү гэхээр хувцастай хижээл насны хүн орж ирээд халаасаа ухах ч мөнгө төдийлөн гаргаж ирээгүй байхдаа “Нэг гоймон авъя, аль нь дээр юм” гэх агшинд амных нь үнэр жижигхэн байшингаар нэг ханхлав. Зохион байгуулагч “Та гарна уу. Энд хүмүүс хоол идэж байна” гэв ээ. Өнөөх хүн бууж гарлаа. “Би хүн биш үү”, “Энд сууж буй нөхдийн аль нь хүн, аль нь араатан юм. Эсвэл хорхой шавж юм. Чи тэгвэл юу юм бэ. Явж явж чи бид хоёр адилхан шүү” гэж хараав. Нүд нь нулимсаар дүүрч, нүүрнийх нь арьс ийш тийш таталдаад, үг хэлэх бүртээ хоолой нь зангирах нь эр биедээ багтаж ядсан гомдол тээж яваа ч юм шиг. Гудамжинд шавхай дунд хэвтэж байдаг энэ хүн юутай ч мянгатын хэдэн дэвсгэрттэй юм билээ. Орилж, хашхиран хэрүүл, гомдлын үгээр “бөмбөгдөх” зуураа гацаж, тээглэхгүй, хэтрүүлж хэлбэл уран унших мэт ар араас нь урсгаж байснаас үзэхэд цагтаа ажил сайтай, албан хаагч ч байсан болов уу гэхээр. Түүн шиг хүн нийслэлээр нэг.

Ойрмогхон тохиолдсон хоёр жишээ энэ. Цаана нь хэчнээн хүн орон гэргүй тэнэж явна вэ. Улсын баялаг нь иргэд. Хүн. Тэднийг тойргийн гадна орхилгүй, харин ч цөмд нь байлгах аваас сая улс болно. Хүмүүсийг хайрлаж, хамгаалах, хөгжүүлэх гэдэг нь халамж өгөхийг хэлэхгүй. Хүн төвтэй, хоорондоо уялдаа холбоотой нийгэм, эдийн засгийн ухаалаг бодлого ус, агаар мэт дутагдаж байна даа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)