Хүн “хөвчийн бор” хоёрын хүч тэнцвэргүй тэмцэл үргэлжилсээр

Араатан амьтад суурин газарт, тэр дундаа иргэдийн эзэмшил, орон гэрт зэрлэгээр халдаж, эрүүл мэнд, эд хөрөнгө, цаашлаад хүний аминд халдсан “хурц” үйл явдлыг киноноос л үздэг байв, саяхныг хүртэл. Харин одоо бодит амьдрал дээр ийм явдал олонтоо тохиолдож, иргэдийг айдаст автуулах боллоо. Хот орчмын суурьшлын бүсээс бэртэж, гэмтсэн амьтан олдох нь олширсон бол ой бүхий аймаг, сумынхан хээрийн боохой, майга борын халдлагаас сэргийлж, ирвэстэй гэгддэг Алтай, Соёны бүсийнхэн “уулын эзэн”-ээс ихээхэн болгоомжилж байна. “Ирвэс хамгаалах сан”-гийнхан Тост, Тосон бумбын нуруу орчимд нутагладаг 20 гаруй айлд 12 вольтын хүчдэл дамжуулдаг цахилгаан хашаа нийлүүлжээ. Малчдыг хохироохгүй, амьжиргааны эх үүсвэрээс нь салгахгүй гэсэндээ ийнхүү арга хэмжээ авсан гэнэ. Хүн, зэрлэг амьтны хооронд энэ мэтчилэн ширүүн тэмцэл өрнөсөөр. Ялангуяа баавгайтай холбоотой зөрчил сүүлийн үед гаарсан.

Зөвхөн Хэнтий аймгийн Батширээтэд өнгөрсөн оны ес, аравдугаар сард баавгайтай холбоотой зөрчил 42 бүртгэгдсэнийг холбогдох мэргэжилтнүүд хэллээ. Хөвчийн бор малчдын гэр, амбаар, хашаа, зөгийн аж ахуйг сүйдэлж, олон тооны бог, бод идсэн хэрэг Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг аймагт гарсан. Тэр ч бүү хэл, баавгай малчин айл руу дайрч, аав, хүү хоёрын аминд хүрсэн харамсалтай явдал өнгөрсөн оны өдийд болсон юм. Хэдхэн хоногийн өмнө бас нэгэн ийм хэрэг гарлаа. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 10-аад малчны хотонд баавгай орж, 30 бог иджээ. Айж, тэвдсэн малчид үдэш оройн цагаар унтахаа ч умартан, түүдэг асаан, ээлжээр манаанд гарч байгаа гэнэ. “Хэзээ, хаанаас баавгай хүрээд ирэх бол” гэсэн айдас дунд өдөр хоногийг өнгөрүүлж буй аж.

Дархан-Уул аймгийн БОАЖГ-ынхан “Малчдын дуудлага, мэдээллийн мөрөөр холбогдох байгууллагуудад мэдэгдэж, зохих арга хэмжээг авсан. Бидний хийж буй ажил ердөө л иргэдэд заавар, зөвлөгөө, сэрэмжлүүлэг түгээх. Боломж нөхцөл нь л ийм байна. Байгаль орчны улсын байцаагч, цаашлаад аймгуудын БОАЖГ-ынхан, амьтны эрх хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагынхныг зэрлэг амьтны халдлагаас сэргийлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл, эм тариагаар хангах шаардлага тулгарлаа. Манайхан энэ чиглэлд туршлагагүй, төр, засгаас ч дорвитой дэмждэггүй учраас судлаач, мэргэжилтнүүд зэрлэг амьтадтай гар нүцгэн шахам тулалдсаар байна. Бид малчдаас ялгаагүй эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа” гэсэн юм.

Тус аймагтай хил залгаа Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумын малчид ч майга бороос ихээхэн сэрэмжилж буй бөгөөд ЗДТГ-ын ажилтнууд нь байгаль хамгаалагчидтайгаа хүч нэгтгэн, хөдөөгөөр анхааруулга, мэдээлэл түгээж байгаа гэнэ. Хүдэр сумын байгаль орчны улсын байцаагч А.Энхтүвшин “Манайх Оростой залгаа, ой бүхий нутагтай учраас хэзээнээсээ баавгай, чоно элбэгтэй. Чоно хотонд орох, сумын төвийн захаар үзэгдэх тохиолдол байнга гардаг. Одоо баавгай нэмэгдлээ. Баавгай халдсан тохиолдол энд гараагүй ч эрсдэл өндөр учраас сэрэмжлүүлж байгаа” гэв.

Баавгай суурьшлын бүсэд үзэгдэх, халдах тохиолдол гаарсан шалтгааныг судлаачид амьдрах орчинд нь хүний нөлөө ихэссэнтэй холбон тайлбарлаж байна. ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн судлаач, доктор Б.Лхагвасүрэн агсан нэгэн ярилцлагадаа “Нутаглаж байсан бүсэд нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй дарамт, нөлөө ихсэж, тав тухыг нь алдагдуулснаас болж зарим амьтан дайжиж, хөдөлгөөнд ордог” хэмээн онцолсон удаатай. МУИС-ийн багш, амьтан судлаач Н.Батсайхан “Баавгай хүний суурьшил руу орж ирсэн үү, эсвэл хүн түүний идээшил нутаг руу шахаж байршаад байна уу” гэдгийг бодолцох хэрэгтэй” хэмээн иргэдэд анхааруулж буй.

Байгаль хамгаалагчдын хэлсэнчлэн зэрлэг амьтадтай “тулж ажилладаг” мэргэжилтнүүдийг материаллаг баазаар хангаж, чадавхжуулах, цаашлаад хүрэн баавгайн тоо толгой, тархцыг дахин судалж, хамгааллын зохистой арга хэмжээ авах шаардлага тулгарчээ. Манай биологичид хамгийн сүүлд 1986 онд баавгайгаа тоолсон (хагас сая байсан) бөгөөд үүнээс хойш “таг мартжээ”. Эл амьтныг тусгайлан судалдаг ганц судлаач ч байдаггүйг мэргэжилтнүүд хэлсэн юм.

С.ДАМДИНСҮРЭН: АМЬДРАХ ОРЧИН НЬ ШАХАГДСАНААС БААВГАЙ ЭЛБЭГ ҮЗЭГДЭХ БОЛСОН

Баавгай малчдын хотонд халдсантай холбоотойгоор орон нутагт ажиллаад ирсэн, “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” ТББ-ын тэргүүн С.Дамдинсүрэнтэй цөөн хором ярилцлаа.

-Та газар дээр нь ажиллаад ирсний хувьд нөхцөл байдал ямархуу байсныг хэлэхгүй юү?

-БОАЖЯ-ны дэргэд Зэрлэг амьтны халдлага, дайралт, эрсдэлээс хамгаалах ажлын хэсэг байгуулагдсан. Үүнд “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг”, “Амьтан асралт” гэсэн мэргэжлийн хоёр байгууллагынхан багтсан бөгөөд голлон ажиллаж байгаа. Орон нутгийн иргэдээс ирүүлсэн мэдээлэл, дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Хонгор сумын II багийн нутаг Мухарын, Хүйтэний, Могойн гол, Хар бэлчир, Мөөл хайрхны орчмоор ажиллаад ирлээ. Баавгай малчдын хотонд халдсан 2020 оны анхны тохиолдол нь энэ байв. Үүнээс өмнө Булган аймгийн Хишиг-Өндөр сумд нэг үзэгдсэн гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгсэн ч албан ёсны дуудлага ирүүлээгүй.

“Баахалдай” Мухар, Хүйтэний гол дагуу нутагладаг, казах, урианхай голдуу айлуудын хотонд орж, 30 гаруй бог барьсан байна лээ. Азаар хүний амь эрсдээгүй. Бид тэдгээр айлд очиж, цаашид зэрлэг амьтдын халдлага, дайралтын үед амь нас, мал сүргээ хэрхэн хамгаалах талаар, орон нутгаас томилсон ажлын хэсгийнхэнд шуурхай ажиллагааны үед ямар арга хэмжээ авах тухай заавар, зөвлөгөө өгсөн. Түүнчлэн амьд баригч (тор)-ийг хэрхэн ашиглах, зэрлэг амьтдыг байгальд нь буцааж тавихдаа юуг анхаарах ёстойг сануулж, баавгай бүхий газруудад анхааруулах самбар байршуулах, иргэдэд зөвлөмж тараах чиглэлийг өгсөн. Орон нутгийн малчдын байгуулсан “Унаган байгаль” нөхөрлөлийнхөн бидэнтэй хамтран ажилласан.

-Зарим нь “Хүний амь юунаас ч чухал. Зэрлэг амьтан халдвал буу шагайхаас яалтай” гэдэг. Малчид ямархуу хандлагатай байна вэ?

-Ховор амьтанд тооцогддог учраас хэдийгээр хотонд халдаж, хохирол учрууллаа ч амийг нь хөнөөж хэрхэвч болохгүй, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ гэдгийг малчид сайн мэддэг болж. Орон нутгийн ажлын хэсгийнхэн ч энэ талаар хангалттай мэдээлэл, сурталчилгаа хийж байгаа. Малчид тогоо шанагаа хангинуулж, хашхирч гуугалах, үдэш оройн цагаар хурц, тод гэрэл гаргах зэргээр зэрлэг амьтныг үргээж, тэмцэж буй ч энэ нь төдийлөн нэмэр болохгүй байна.

-Аль аль бүс баавгай элбэгтэй, эрсдэлтэйд тооцогддог юм бол?

-Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Дархан-Уул гэсэн зургаан аймгийн есөн сумыг баавгай бүхий нутаг гэж үздэг. Эдгээр аймгийн нутагт баавгайн дөрвөн тусдаа популяц төвлөрдөг юм.

Баавгай 2013 оноос эхлэн суурьшлын бүсэд элбэг үзэгдэх болсон. Дорнод аймгийн Дашбалбар, Баян-Уул, Хэнтийн Дэлгэрхаан, Жаргалтхаан, Хурх, Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага, Сүхбаатарын Мөнххаанд хүртэл баавгай “зочилсон” шүү дээ. 2018, 2019 онд ийм үзэгдэл улам гаарч, Дархан-Уул аймаг, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь малчдын хотонд халдсан тохиолдол гарсан. Ноднин ийм төрлийн зөрчил их гарсан учраас Хэнтийн Батширээт, Онон, Балжийн байгалийн цогцолборт газрынхантай холбогдож, нөхцөл байдлыг тодрууллаа. Одоохондоо нам жим байна гэнэ.

-“Тайгын бор” элбэгшсэнийг зарим хүн идэш тэжээл нь хомсодсонтой холбож тайлбарладаг?

-Тийм байж болзошгүй. Тэнэж гүйсээр байгаад тарга хүчээ авч чадаагүй, хөлийнх нь таваг юу ч үгүй хагарсан бага насны нэг баавгайг ноднин Онон, Балжийн байгалийн цогцолборт газрынханд хариуцуулж, өвөлжин тэжээлгэж байж онд оруулсан. Өнгөрсөн хавар Хэнтийн Норовлин, Батноровын заагаас бас нэг эцсэн баавгай барьж, 20-иод хоног тэжээж бөндийлгөөд, байгальд буцаан тавьсан.

Гол нөлөөлж буй зүйл нь амьдрах орчин нь шахагдсантай холбоотой. Иргэд, малчид зэрлэг амьтны ичдэг, идээшдэг газарт хэт ойртож, өвөлжиж, намаржиж байна. Уул уурхай, аялал жуулчлалынхны үйл ажиллагаа ч дарамт учруулсаар буй. 2018 онд баавгайтай холбоотой дуудлагаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын Яргайтын аманд очиход зөвхөн Хүйтэний гол дагуу 55 уурхай ажиллаж байв. Ийм байхад зэрлэг амьтад дайжихгүй яах вэ дээ. Гол нь улаанаараа эргэлдчихсэн, хүндхэн нөхцөл байдал угтсан. Харин энэ жил ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагынхан шуурхай арга хэмжээ авсны дүнд үүнийг цэгцэлсэн. Одоо хоёрхон уурхай ажиллаж байна лээ. Мөн малчид өдөр тутмын амьдралдаа машин техник өргөн хэрэглэдэг болсон нь зэрлэг амьтдад бас нөлөөлж байна. Айл болгон 2-3 машинтай байх жишээтэй. Зарим нь цахилгаан хөрөө ажиллуулдаг. Ийм дуу чимээтэй, хүн хөлхсөн орчинд амьтад тайван амьдрах, идээших аргагүй.

-Энэ төрлийн зөрчлийг зохицуулах хууль тогтоол хэр боловсронгуй, нийцтэй вэ?

-Нэн түрүүнд, эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй. Тодруулбал, зэрлэг амьтны халдлага, дайралтаас үүдэлтэй хохирлыг хэн барагдуулах вэ гэдгийг хуульд тодорхой болгох хэрэгтэй. “Зэрлэг амьтны тоо толгойд хяналт, зохицуулалт хийж болно” гэсэн заалт хуульд бий. Харин үүнийг хэрхэн хэрэгжүүлэх арга замыг тодорхой тусгаагүй. Төрийн захиргааны төв байгууллагынхан үүнтэй холбогдох нарийвчилсан аргачлалыг батлуулах хэрэгтэй. Мөн зэрлэг амьтны тархац, идээшил нутаг, нүүдлийн замыг чөлөөлөх ёстой. Үүний тулд малчдын бэлчээрийг зааглах нь нэн чухал юм. Үүнтэй уялдуулан малчдын эрх, үүрэг, хариуцлагыг мөн холбогдох тусгах ажлыг БОАЖЯ, ХХААХҮЯ-ныхан хамтарч хийвэл байгаль, цаашлаад амьтан хамгаалалд ихээхэн хувь нэмэр оруулах болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)