Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн томоохон төлөөллүүдийг нэг дор үзэх боломж

Амралтын өдрөө хэрхэн өнгөрөөхөө хараахан төлөвлөөгүй байгаа бол Монголын уран зургийн галерейг зорихыг санал болгож байна. Тэнд очсоноор та маш гайхалтай үзэсгэлэнгүүдийг нэг дороос үзэх болно. “Сайн сайхан амьдралын төлөө” Хятадыг ядуурлаас ангижруулсан амжилтын үзэсгэлэн, “Үзэсгэлэнт сайхан Хятад орныг зураглая” уламжлалт ээрмэл, будмал, сүлжмэл, хатгамлын биет бус соёлын өвийн үзэсгэлэн, “Инноваци биднийг ирээдүйд хөтөлнө” соёлын инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, “Хүн байгалийн шүтэлцээ” уламжлалт анагаах ухаан, эм бэлдмэлийн соёлын үзэсгэлэн энэ сарын 8 хүртэл Монголын уран зургийн галерейд үнэ төлбөргүйгээр олны хүртээл болж буй.

Монголын уран зургийн галерейн хоёр, гуравдугаар давхрын үзэсгэлэнгийн танхимуудад дэлгэсэн дээрх үзэсгэлэнгүүд таныг уйдаахгүйгээр барахгүй нүд баясгаж, сэтгэл сэргээнэ, мэдлэг, мэдээлэл нэмнэ, Монгол Улстай түүх, соёлоороо салшгүй холбоотой өмнөд хөршийнхөө талаар илүү ихийг мэдэх боломж олгоно гэдгийг амалж чадах байна. Тийшээ зорьж, монголчуудад зориулан дэлгэсэн үзэсгэлэнг үзэх боломжгүй уншигчдадаа Хятадын олон үндэстний биет бус соёлын өвийн үзэсгэлэнгээс сонирхуулъя.

Хятад бол хүр хорхой тэжээж, эрт торгоны сүлжмэлийн технологийг нээсэн дэлхийн анхны улс. Суурин соёл иргэншил, оёх, нэхэх үйлдвэрлэлийн олон зуун жилийн түүхтэй тус улсын иргэд хэмэрлиг сүлжих, лаадаж будах, морин сүүлийн хатгамал, арьсан урлал, будаг оруулах, хээ угалз дарамлан чимэглэх гээд хүн төрөлхтний соёлын үнэт өв болж үлдсэн биет бус өв олныг уламжлан, тээдэг аж. Өнө эртний уламжлалтай соёлын өвийн бүтээлүүд, түүнийг хийдэг арга технологи, өвлөн уламжлагчийн ажлаа хийж буй байдлыг нэг дороос, дэргэдээс нь бодитоор үзэх боломжийг уг үзэсгэлэн олгож буй юм.

  1. Мяо үндэстний лаадаж будах технологи

Гүйжөү мужийн хотын зэрэглэлийн өвлөн уламжлагч Лөү Фан

Лаадаж будах нь Гүйжөүгийн Даньжай, Аньшүнь, Жышинь шяний мяо үндэстний үе улиран уламжилж ирсэн уламжлалт технологи юм. Мяо үндэстний лаадаж будах технологийг лаа дусаах болон лаа зурах гэсэн хоёр төрөлд хуваадаг. Хээ угалз нь байгалийн болон геометрийн хээ гэсэн хоёр том төрөлтэй. Даньжайн лаадаж будах нь байгалийн хээгээр голлосон том хээ зонхилсон, дүрс нь амьдлаг, авсаархан, цовоолог, давуулал ихтэй, орон нутгийн уур амьсгал бялхам байдаг. Аньшүний лаадаж будах нь геометрийн хээ угалзаар голлох бөгөөд бүтэц нь бутармал, дүрс нь амьдлаг байдаг. Харин Жышиний лаадаж будах нь нарийн нягт цагаан өнгөөр голлосон, геометрийн мушгираа хээ дүүрэн, хээ угалзын бүтэц нь харилцан солбилцож, салшгүй нэг цогц болсон байдаг.

  1. Шүй үндэстний морин сүүлийн хатгамал

Гүйжөүгийн мужийн зэрэглэлийн өвлөн уламжлагч Шы Юйцүй

Шүй үндэстний морин сүүлийн хатгамал бол тус үндэстний эмэгтэйчүүдийн үе улиран уламжилж ирсэн морины сүүлийг чухал түүхий эд болгодог нэгэн зүйлийн өвөрмөц хамгамлын технологи юм. Гол бүтээгдэхүүн нь морины сүүлээр хатгасан бүс болон гутал байдаг. Морин сүүлийн хатгамлын технологи нь тун амаргүй. Нэгдүгээрт, 1-7 ширхэг сүүлний хялгасаар гол хийж, цагаан торгон утсаар түүнээ нягт ороон, нам дуут хөгжмийн чавхдасны бэлтгэл утас шиг болгоно. Дараа нь хатгамлын утсаа уламжлалт хатгамал буюу хайчилмал хээтэй эд дээрээ хатгана. Ингээд долоон ширхэг өнгөт торгон утсаар хавтгай хэлбэрт оруулан сүлжиж, эвхэж хатгах хээний дунд нэмнэ. Ердийн тэгш хатгах, цэцэг хатгах, оёдол тасалдал зэрэг технологиор бусад хэсгийг хатгана. Морин сүүлийн хатгамлын хээ угалз нь гоёмсог, гүехэн товгор, дүрс нь хийсвэр, хураангуй, давуулалтай байдаг.

  1. Монгол үндэстний сувдан хатгамал

ӨМӨЗО-ы зэрэглэлийн уламжлагч Жао Ваньтин

Монгол, Хятад хоёр улс түүх, соёлоор эртний, салшгүй холбоотойг энэ биет бус өв харуулдаг. Монгол үндэстний сувдан хатгамал Тан улсаас гаралтай бөгөөд Мин, Чин улсын үед үсрэнгүй хөгжжээ. Буддын шашин Төвөдөөр дамжин Монгол нутагт орж ирсний дараа монгол дархчууд сувдан хатгамлаар хийсэн танка, очир баг зэрэг нарийн сайхан хийцтэй гар урлалын бүтээлээ сүм хийдэд хүндэтгэн барьж, тахиж эхэлсэн байна. Монгол үндэстний сувдан хатгамал нь монгол үндэстний өнө эртний уламжлалт соёлыг харуулдаг, үндэсний болон бүс нутгийн мэдэгдэм онцлогтой. Зарим технологи нь устах аюул нүүрлээд байгаа хэдий ч түүний маш олон технологи өнөөг хүртэл хэрэглэгдэж, эмэгтэйчүүдийн толгойн гоёл дээр мөн л шүр, тана, оюу, хаш зэрэг эрдэнийн чулууг гараар оёж, тогтоодог уламжлал хадгалагдсаар байгаа аж. Монголчуудын сувдан хатгамлын хийц нь хээнцэр тансаг, технологи нь нарийн билээ.

  1. Орцон үндэстний бор гөрөөсний арьсан урлал

ӨМӨЗО-ы зэрэглэлийн өвлөн уламжлагч Ман Гүмэй

Орцон үндэстний бор гөрөөсний арьсан урлал бол Хятадын умардын нүүдэлчин, анчин үндэстний өвөрмөц гар урлал. Орцон үндэстэн үе улиран нүүдэллэн, ан хийж, араатны мах идэн, бор гөрөөсний арьсаар хувцас хийж иржээ. Тэдний технологи өвөрмөц. Арьс цуглуулах, элдэх, оёх, эвлүүлэх, будах, хээ угалз оруулах, хатгах зэрэг технологийн дамжлагатай бөгөөд үүгээрээ хувцас хунар, гэр ахуйн болон шашны эдлэл хийдэг. Орцончууд үндэсний бичиг үсэггүй. Бор гөрөөсний арьсан урлалын технологи болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн нь тэдний соёл юм. Орцончуудын амьдралыг үзэх үзэл, гоо зүйн мэдрэмж, шашны тухай ойлголтыг бүтээлүүдээс нь харж болох тул бор гөрөөсний арьсан урлал энэ үндэстний соёлыг ойлгож судлах чухал баримт болдог.

  1. Манж үндэстний хатгамал

Хармөрөн мужийн өвлөн уламжлагч Сүнь Яньлин

Хатгамал бол манж үндэстний хамгийн өвөрмөц уламжлалт урлаг. Хэрэглээний чанар сайн, өдөр тутмын амьдралын хэрэгсэл болон хувцас чимэглэлд хааяагүй харагддаг. Манж үндэстний хатгамал нь Сүжөү, Сычуань, Гуанжөү зэрэг хятад үндэстний хатгамлын давуу талуудыг шингээн авч, өөрийн үндэстний гоо сайхны таашаал болон зан үйлтэйгээ уусган, өвөрмөц хэв маягтай болгосон. Голдуу торгон дээр хатгамал хийх бөгөөд өөрөө нэхсэн даавуу болон хөх, цагаан даавуу ашиглах нь бий. Хатгамал нь зүүн, баруун тал тэгш хэмтэй байхыг эрхэмлэж, баруун талд нь хөх луу бол зүүн талд нь цагаан бар, эсвэл зүүн, баруун тал нь ижил байдаг. Манж үндэстний хатгамлын төрөл зүйл олон. Араатан, жигүүртэн, цэцэг навч, өвс ургамал, загас, хорхой, үлгэр туульсын үйл явдлыг ч хамарч, бэлэг дэмбэрэлтэй байхыг хүсдэг.

  1. Хэжэ үндэстний загасны арьсан урлал

Хармөрөн мужийн өвлөн уламжлагч Ю Шюесүн

Загасны арьсан урлал бол умард өргөргийн 45 градусаас дээш бүс нутагт оршдог өвөрмөц соёл юм. Хэжэ үндэстний загасны арьсан урлалын технологи нь умардын хүйтэн усны загасны арьсыг түүхий эд болгодог. Түүхийн сурвалжид олон үндэстэн цөм загасны арьсаар урлал хийдэг байсан хэдий ч Чин улсаас өнөөг хүртэл Хармөрөн мужийн Түнжян хотын Жүжинькөү шянийн хэжэ үндэстэн түүнийг уламжлан залгамжилж авсан байна. Хэжэчүүд урт хугацааны турш загас агнуураар амьдарч, махыг нь идэж, арьсаар нь байшин барьж, усан онгоц, завь, хувцас хунар хийдэг байж. Тиймээс түүхийн сурвалжид уг үндэстэнг “Загасны арьс эзэгнэгч үндэстэн” хэмээсэн байдаг. Хэжэ үндэстний эмэгтэйчүүд бүгд загасны арьс боловсруулан, бүтээгдэхүүн хийдэг байжээ.

  1. Дай үндэстний хэмэрлиг

Юньань мужийн өвлөн уламжлагч

Дай үндэстний хэмэрлиг бол тэдний өвөг дээдсийн хөдөлмөрийн бүтээгдэхүүн. Уг үндэстний өдөр тутмын амьдрал, шашин шүтлэгтэй нягт холбоотой. Дай үндэстний хэмэрлигт цагаан дээр дан цулгуй хээ угалз буюу олон давхарласан, үргэлжилсэн хээ зонхилдог бөгөөд дүрс хэлбэр нь амьдлаг, бүдүүвч дүрс тодорхой байдаг. Үүнээс гадна тэгш хэмт, харьцуулсан, үргэлжилсэн, сийрэг болон нягт, бодит болон хийвсэр байдлыг уялдуулсан байдаг. Дай үндэстний хэмэрлигийн агуулга тод, төсөөлөн бодох нь баялаг, сэтгэмж уран, ур мэргэшил өвөрмөц тул Хятадын урлагт өөрийн гэсэн байр суурь, орон зайтай байдаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)