ХҮН: Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг эрх баригч намаас шаардана

ХҮН, МСДН, ЗЁН-ын нэгдэл болох “Зөв хүн электорат” эвслийнхэн сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. ХҮН-ын дарга Б.Найдалаа “Манай эвсэл сонгуульд амжилттай оролцож, УИХ-д суудалтай болж чадав. Биднийг дэмжсэн 209 200 сонгогчдоо баярлалаа. Урьд нь олон нам, эвсэл, бие даагч УИХ-д сонгогдож байсан. Гэхдээ “Зөв хүн электорат” эвсэл тэднээс өөрөөр ажиллана. Бидэнд бодлого, шийдэл бий. Цаашид УИХ-д суудалтай улс төрийн хүчин яаж ажилладгийг харуулна. Коронавирусийн хямралын үед эдийн засгийг хэрхэн дэмжиж, төсвийг яаж тодотгох ёстойг тооцоо, судалгаатайгаар танилцуулж, биелүүлэхийг шаардана. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг ард иргэдтэйгээ хамт эрх баригч намаас “нэхнэ”. Энэ бол улс төрийн сөрөг хүчний ажил. 1990 оноос хойш Монголд улс төрийн гуравдагч хүчин жинхэнэ утгаар төрлөө. Орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд манай эвсэл, нам бүх хүчээ дайчлан оролцоно. Аймаг, нийслэл, улсаа өөрчлөн байгуулах, хөгжүүлэх төлөвлөгөө бидэнд бий. Өмнөх сонгуультай адил эрх баригч нам нь орон нутгийн төрийн албан хаагч нарыг дайчлан, мөнгө тараадаг, иргэдийг халамж, тэтгэврээр нь “барьцаалж”, санал авдаг шударга бус явдал энэ удаад ч давтагдлаа. Үүний шийдэл нь хяналтын тооллого бус, тогтолцоогоо өөрчлөх юм. Тиймээс улс төрийн сонгуулийн тогтолцоог пропорциональ болгох хэрэгтэй, үүнд ч бид анхаарч ажиллана. Ингэж гэмээнэ иргэний санал УИХ, Монголын төрд хүрнэ” гэв.

Тус эвслийнхэн УИХ-ын гишүүнээр сонгогдсон Т.Доржхандад баяр хүргэж, багана нь болж, хамтран ажиллахаа илэрхийллээ. ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл “Хар машин”-ы зөв тоолсон, эсэхэд бид огт санаа зовоогүй. Харин томсгосон мажоритар тогтолцоо нь маш олон сул талтай. Энэ тогтолцоогоор явуулж буй сонгуульд танигдаагүй нам, эвсэл, нэр дэвшигчид өрсөлдөхөд маш төвөгтэй байдаг. Нэг дүүргийн 100 гаруй мянган иргэнд 22 хоногийн дотор хүрч ажиллана гэдэг хэцүү. Түүнчлэн жижигсгэсэн мажоритар тойрогтой харьцуулахад хүн амын тоо, газар нутгийн хэмжээ ихэсдэг учир өртөг өндөртэй. Тэгэхээр мөнгөний сонгууль болох нөхцөл бүрдэж байгаа юм. Үүнээс гадна улс төрийн намуудад төлөвших, дотоод ардчиллыг бий болгох боломжгүй тогтолцоо. Нийт ард түмний 40 гаруй хувийн төлөөлөл УИХ-д сонгогдсон. Тиймээс ард түмний санал гээгдсэн учир сонгуулийн дүнд сэтгэл хангалуун бус байна” хэмээв.