Хүн, морины аль нь хурдан бэ

Уэльст болдог “Man versus horse” марафон бол тун этгээд тэмцээн. Хүний хүчин чадлын хязгаарын талаарх сонгодог маргаанаас эл тэмцээн бий болжээ. 1980 онд “Neuadd arms” паабын эзэн Гордон Грийн хоёр эр шар айраг уунгаа маргалдаж байхыг сонссон байна. Тэдний нэг нь хөдөөний саадтай замд хүн мориноос хурдан байж болно гэсэн үзэлдээ бат зогсож байсан аж. Г.Грийнд энэ санаа сонирхолтой санагдсан учир хүн, морины хурдыг шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар шийджээ.

1982 онд оролцогчдод уралдах ижил нөхцөл бий болгохоор уралдааны замыг өөрчилж байв. Оролцогчид буюу гүйгчид, морьтнууд нийт 35 км зам туулдаг. Харин 1985 оноос дугуйчид эл уралдаанд оролцох болжээ. Тухайн жилд АНУ-ын аварга, дугуйчин Жаки Фелан ялалт байгуулах дөхсөн бол 1989 онд Британийн дугуйчин Т.Гоулд мориноос гурван минутын өмнө барианд орсноор уралдаанд ялсан анхны хүн болж түүхэнд бичигдэв. Харин 2004 онд Хюв Лобб хоёр цаг, таван минут 19 секундийн амжилтаар уралдаанд түрүүлсэн нь анх удаа морийг ялсан гүйгч болжээ. Тэрбээр 25 мянган фунт стерлингийн шагнал авсан аж. Тухайн жилийн уралдаанд 500 гүйгч, 40 морь оролцсон нь “Man versus horse” уралдааны дээд амжилт болсон байна. Эл тэмцээнийг 40 удаа зохиоход ердөө хоёр гүйгч л (Х.Лобб болон Ф.Хользингер) ялагч болж байжээ.

Эцэст өгүүлэхэд, Шотландын Дорес, Шинэ Зеландын Норд Айланд, АНУ-ын Аризона муж улсын Прескотт хотод “Man versus horse” тэмцээн болдог.

Бэлтгэсэн: Э.Баатар 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)