“Хүн бүрт туулж буй амьдрал, өнгөрүүлсэн түүх бий”

“Этик” продакшны уран бүтээлчид дэлгэцийн анхны бүтээл “Хүний цаана” уран сайхны кино бүтээснээ үзэгчдэд хүргэхээр зэхэж буй аж.

Тус киноных нь талаар найруулагч Г.Даваазул, А.Энхжин нараас тодрууллаа.

-Дэлгэцийн эл бүтээлээрээ үзэгчдэд юу хэлэхийг хүсэв?

Г.Д: -Би санаандгүй байдлаар нэг томоохон компанийн захиралтай уулзахаар боллоо. Хувцсаа солих боломж байсангүй. Тухайн үед өмсөж явсан жийнсэн өмд, хүрэмтэйгээ өрөөнд нь яваад орлоо. Надтай хүн чинээ тоож харилцсангүй.

Маргааш нь албаар ажил хэрэгч маягаар хувцаслаж, “цайны ганц” пальтогоо өмсөн, үнэртэй ус сэнгэнэнүүлээд ортол тэс өөрөөр харьцдаг юм байна. Тэр үед л өнөө үед бүх л хүн бусдыг харагдах байдлаар нь дүгнэдэг болжээ гэж бодсон юм.

Биен дээрээ битүү шивээстэй хүнийг хүмүүс эвэртэй туулай үзсэн мэт хардаг.

Гэтэл тэр хүн гал түймрээс хүн аварчихаад, түлэгдсэн сорвио шивээсээр далдалсан байвал яах вэ. Ингээд л кино зохиолыг бичих сэдэл төрсөн. Кинондоо “Хэн ч харагдсан шигээ байдаггүй.

Хүн бүрт туулж буй амьдрал, өнгөрүүлсэн түүх бий” гэдгийг харуулахыг хүссэн. Түүнчлэн “Би эх оронч” гэж цээжээ дэлдэхийн оронд үйлдлээрээ бусдад үлгэрлэж, дор бүрнээ хичээхийг залууст уриалж байгаа.

Адаглаад л хогоо ил хаяхгүй, гудамжинд бие засахгүй байж, замын хөдөлгөөнд соёлтой оролцох нь эх оронч сэтгэлгээний илрэл шүү дээ.

-“Хүний цаана” кино адал явдалт төрлийнх гэсэн. Яагаад энэ төрлөөр кино хийхээр шийдэв. Кинонд ямар уран бүтээлчидтэй хамтран ажилласан бэ?

А.Э: -Адал явдалт, драм төрлийн кино. Киноны зохиолыг Г.Даваазул бичиж, найрууллаа. Бид хоёр сургууль төгссөнөөсөө хойш л хошин урлагийн продакшны уран бүтээлч байсан. Ингээд бодохоор инээдмийн кино бүтээвэл бидэнд арай ойр ч байж болох.

Гэхдээ тэгэхийг хүсээгүй. Өөрсдийгөө өөр зүйлд сорьж үзэхийг хүссэн юм. Киноны гол дүрд бид хоёроос гадна Гавьяат жүжигчин Г.Золбоот ах тоглосон. Түүнчлэн Л.Эрдэнэ-Очир, С.Болормаа, “Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхан нарын уран бүтээлчтэй хамтран ажиллалаа.

Г.Д: -Киноны зохиолыг хоёр жилийн өмнө бичиж дуусгасан ч зургаа авч чадахгүй л яваад байлаа. Залуу уран бүтээлчдэд санхүүгийн асуудал мундахгүй.

Ингээд өнгөрсөн хавар хийхээр зориглож, зун зургаа авсан. Уран бүтээлийг минь “Төгсцэлмүүн” ХХК ивээн тэтгэлээ.

-Киног театруудын дэлгэцэнд гаргахад пост продакшны гүйцэтгэл маш чухал. Энэ хариуцлагатай ажлыг хэрхэн гүйцэтгэв?

А.Э: -Киноны зураг авах болон эвлүүлэх, компьютер графикийн ажлыг “Событ” продакшн хариуцан ажилласан.

-Хэзээ үзэгчдийн хүртээл болгох вэ?

Г.Д: -“Этик” продакшны анхны бүтээлд КУДС-ийн 2006-2013 оны төгсөгчдийн төлөөлөл тусалж, хамтарч ажилласныг энд дурдъя. “Хүний цаана” киногоо ирэх аравдугаар сарын 11-нд орон даяар үзэгчдийн хүртээл болгоно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)