Хүн бус, хууль нь хөгжлийн бэрхшээлтэй байна

Монгол Улсад эрх нь хамгийн их зөрчигддөг хүмүүс бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд. “Бэрхшээлтэй” гэдэг үг ч тэндийг ялгаварлан гадуурхаж буй хэлбэр болдог. Тэд энэ үгэнд үнэн голоосоо дургүй. Бидний эрүүл мэндийн онцлог бэрхшээл бус, олон нийтийн буруу хандлага, хүрээлэн буй орчны хүртээмжгүй байдал л жинхэнэ бэрхшээл болдог гэж хэлдэг. 2018 оны статистик мэдээнээс харахад, манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 105 730 иргэн байгаагийн 46 мянга гаруй нь эмэгтэй. Албан бус тоогоор сонсголгүй 10 мянга гаруй иргэн бий гэсэн мэдээлэл байна. Харахгүй, сонсохгүй, ярихгүй, явж чадахгүй гээд бэрхшээл болгон ялгаатай учраас энэ удаа сонсголгүй иргэдийн, тэр дундаа эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудлыг онцлон хөндөхийг зорилоо.

Хэл амаараа учир зүйгээ олоход ч амаргүй энэ нийгэмд ярьж, сонсож чадахгүй тэд хэрхэн амьдарч байна вэ. Тэднийг бидэнтэй холбох ганц гүүр нь дохионы хэлмэрч. Гэвч манай улсад мэргэжлийн хэлмэрч бэлтгэдэг сургууль байдаггүй. Сонсголгүй хүмүүсийн хүүхдүүд, ойр дотнынхон, найз нөхөд нь л дохионы хэл сурч, тэдний дуу хоолой болсоор ирэв. Нэг үеэ бодвол телевизийн мэдээ, гол хөтөлбөрүүдийг дохионы хэлээр хүргэдэг болсон. Энэ нь сайшаалтай ч мэргэшсэн хэлмэрч манай улсад гарын 10 хуруунд багтахаар цөөн. Тусгай хэмээн нэрлэж, нийгмээс тусгаарласан сургуульд ч сонсголгүй хүүхдүүдэд хичээл заахдаа дохионы хэлээр нь бус, амаараа ярьдаг гажуудал байсаар. Тэнд хүчирхийлэл, доромжлол, үл хайхрах байдал газар авсныг суралцагчид нь илчилсэн нь нэг хэсэг олны анхаарал татсан.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд тэдний эрх ашгийг хамгаална гэсэн чихэнд чимэгтэй үг олон байх ч амьдралд хэрэгжиж, хөрсөнд буусан нь бараг үгүй. Тухайлбал, эл хуулийн зургадугаар бүлгийн 20.2-т “Эрүүл мэндийн байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ тэдний онцлог хэрэгцээ, шаардлагыг хангасан хүртээмжтэй орчин, техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна”. 11.4-т “Сонсголын бэрхшээлтэй хүн цагдаа, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдлын албаны тусгай дугаарт текст мессеж, дохионы хэлний хэлмэрчийн зайн дүрс, ярианы тусламжтайгаар хандаж, үйлчилгээ авах боломжийг төрөөс бүрдүүлнэ гэж заажээ. Харамсалтай нь, эдгээр нь цаасан дээр л үлдэж. Хэрэв уг хуулийн заалтуудыг амьдралд хэрэгжүүлсэн бол сонсголгүй олон эмэгтэй хохирч үлдэхгүй байлаа. Ялангуяа эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа сэтгэл хангалуун байх байв. Хэдий сонсголгүй ч эрүүл саруул хүүхэд төрүүлж, хүн амын өсөлтөд хувь нэмрээ оруулж яваа олон ээж бий. 

Ингэснийхээ төлөө жирэмсний хяналт болон төрөх үедээ сэтгэл зүй, бие махбодиороо хохирсон нь цөөнгүй аж. Эмч, сувилагчтайгаа чөлөөтэй харилцан ойлголцож чадахгүй учраас эм тан хүчээр уулгах, өөрийнх нь зөвшөөрөлгүй гэрийнхэнтэй нь ярилцан савыг нь боосон зэрэг сэтгэл эмзэглүүлсэн явдал нэгээр зогсохгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний нөхөн үржихүйн эрхийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хязгаарлах”-ыг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ хэмээн тодорхой заажээ. Мөн эмчийн заавар, зөвлөгөөг ойлгохгүйн улмаас маш их хүндрэлтэй төрсөн, хүүхдээ төрүүлэх явцдаа ч эмчид алгадуулж байсан тохиолдол бий гэнэ. “Монгол дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл мөн бөгөөд сонсголгүй хүн дохионы хэлээрээ нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрхтэй” гэж хуульдаа заасан ч үйлчилгээний байгууллагуудад хэлмэрч байдаггүй. Нэг албан байгууллагын үүд татаад л үл ойлголцол үүснэ. Учир байдлаа цаасан дээр бичээд өгөхөд ихэвчлэн дургүйцэж, үл тоодог аж.

Сонсголгүй иргэдийн олонх нь гар урлал, оёдол эсгүүр хийж амьдралаа залгуулдаг. “Сонсголгүй гэсэн шалтгаанаар ажилд авах газар олддоггүй гэнэ. Тухайн хүний чихэнд биш, чадвар чадавхад нь итгэх хэрэгтэйг сонсголгүй иргэдийн төлөөлөл хэлсэн. Аливаа зүйлийг сайн сурч, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөх хүсэлтэй хүмүүс тэдний дунд олон. Харамсалтай нь, “бэрхшээлтэй” гэж харж байгаа нь тэдэнд асуудал үүсгэдэг байна. АНУ-д амьдарч буй сонсголгүй нэгэн эмэгтэйтэй холбогдсон юм. Тэрбээр “Америк бол сонсголгүй иргэдийн боловсрол, эрх зүйн зохицуулалтаараа дэлхийд тэргүүлэгч улс. Дохионы хэлмэрчийн үйлчилгээ дээд зэргээр хөгжсөн тул харилцааны саад бэрхшээлтэй тэр бүр тулгардаггүй. VP буюу видео утасны олон компани үйл ажиллагаа явуулдаг учраас хэлмэрчийн үйлчилгээ авахад хялбар. Энэ үйлчилгээг цахимаар болон биечлэн авах сонголттой. Тухайлбал, хэлмэрчийн тусламжтайгаар эмчид үзүүлэх цаг авчихна. Эмнэлгийн ажилтнууд хэлмэрч захиалж өгдөг бөгөөд зардлыг нь улсаас гаргадаг. Хуулиар зохицуулсан учир бүгд дагаж мөрддөг” гэв. Харин манай улсад нөхцөл байдал эсрэгээрээ. Цахим шилжилтийн эрэн үед VP утасны үйлчилгээг төрөөс хариуцаж, ажил хэрэг болговол сонсголгүй хэдэн мянган иргэн баярлах бол. Гурил, будаагаар хуурах биш, хуулиа биелүүлж, бие даан амьдрах нөхцөлөөр хангаж өгөхийг сонсголгүй иргэд хүсэж буйгаа хэлсэн. Тэд бус, тэдний эрх ашгийг хамгаалахаар гаргасан хууль нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй байна.

Гурван настайдаа сонсох чадвараа алдсан У гэх эмэгтэй зургаан хүүхэд төрүүлж, бүгдийг нь эрүүл саруул өсгөжээ. Хүүхдээ төрүүлэх болгондоо харилцааны асуудалтай тулгарсан ч сэтгэлийн хатаар даван гарсан гэнэ. “Бид мэдрэмжээрээ хүүхдээ “сонсож” чаддаг. Хүүхдүүд минь ой хүрээд ээжийнхээ онцлог байдлыг анзаарч, дохио зангаагаар ойлголцдог болсон. Одоо хүүхдүүд минь том болж, дохионы хэлээр чөлөөтэй ярьж байна. Хүүхдүүдээ эрүүл саруул болов уу гэж их санаа зовдог байлаа. Эмнэлэг гэлтгүй бүх л үйлчилгээний байгууллагынхан бидэн шиг хүмүүсийг төвөгшөөн, үл ойшоож харилцдаг. Энэ байдлаас нь болоод дахин үйлчлүүлэхээс зүрхшээх болсон. Өрх болон дүүргүүдийн эмнэлэгт жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан дохионы хэлээр тайлбарласан дүрс бичлэг ч болтугай байршуулдаг бол сайнсан” гэж ярив. Мөн эцэг, эх нь хоёулаа сонсохгүйг нь далимдуулж өвчтэй хүүхдийг нь загнаж зандрах явдал байнга гардгийг тэд хэлсэн. Энэ бүх ялгаварлан гадуурхалт, хүртээмжгүй байдлыг өөрчлөхөөр сонсголгүй ээжүүд нэгдэн Монголын сонсголгүй эмэгтэйчүүдийн бие даан амьдрах төв төрийн бус байгууллага байгуулжээ. Ийм асуудалтай охид, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж, нийгмийн хөгжлөөс хоцрогдсоор байгаа учир шийдвэр гаргагчдыг хүлээж гар хумхин суухыг хүсээгүй гэнэ. Сонсголгүй эмэгтэйчүүдийн дунд 4-6 хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”-ийн одонтой ээж цөөнгүй. Гэвч сонсголын бэрхшээлтэй ганц ч эмэгтэй төрийн хүндлэл хүртэж байгаагүйг тус байгууллагынхан онцолсон. Тиймээс энэ асуудалд анхаарал хандуулан ажиллаж буйгаа дуулгав. Энэ талаар тус байгууллагын үүсгэн байгуулагч Б.Янжим ийн ярьсан юм.

Б.ЯНЖИМ: Бид төрөөс хүндлэл хүртэх эрхтэй

-Танай байгууллагын гол зорилго юу вэ? 
-Монголын эмэгтэйчүүдийн холбооноос эхлээд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажилладаг цөөнгүй байгууллага үйл ажиллагаа явуулдаг ч сонсголгүй иргэдийн асуудалд ямар нэгэн байдлаар шууд нөлөөлж, анхаарал хандуулж ирсэн нь ховор. Эмэгтэйчүүдийн төлөө ажиллаж байгаа бол тэнд бид ч гэсэн хамаатай, оролцоотой байх учиртай. Харамсалтай нь, сонсголын бэрхшээлтэй эмэгтэйчүүд нийгмээс орхигдсон, хаягдсан гэхэд хилсдэхгүй. Тиймээс асуудлаа өөрсдөө шийдвэрлэж, холбогдох газруудад хүргүүлж, үйл ажиллагаагаа бие даан явуулах, хамтдаа хөгжих нэгдсэн байгууллага хэрэгтэй болсон. Ийм бэрхшээлтэй хүүхдүүд ирээдүйд аз жаргалтай, сэтгэл ханамжтай амьдрахад бид л үлгэрлэж дагуулахгүй бол ялгаварлан гадуурхалтаас ангижирч чадахгүй. Тиймээс Монголын сонсголгүй эмэгтэйчүүдийн бие даан амьдрах төвийг сонсголгүй таван эмэгтэйн хамтаар үүсгэн байгуулсан. Сонсголгүй эмэгтэйчүүд нийгмийн бүх л салбарын хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах, төрийн бодлогод нөлөөлөх, хууль, эрх зүйн орчныг ээлтэй болгох, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхахыг эсрэг тэмцэх, сургалт, зөвлөгөө, мэдээллээр тогтвортой хангах зэрэг ажил хийхээр төлөвлөж байна.
-Монголд сонсголгүй иргэд бие даан амьдрах боломж хэр байдаг бол?

-Сонсголгүй иргэд бусдын асрамжинд бус, бие даан амьдарч ирсэн. Хамгийн гол нь бид бие даасан үйл ажиллагаа явуулах гол зорилготой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамаатай бодлого боловсруулах, шийдвэр гаргахдаа төр, засаг биднийг сонсох хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлж буй байгууллага алга. Тухайлбал, сонсголын бэрхшээлтэй иргэдийг гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцах боломжоор хангах, залуу удирдагч нарыг бэлтгэх гээд хийх ажил олон. Мөн бусадтай харилцах, ойлголцох асуудлыг технологийн тусламжтай шийдвэрлэх, сонсголгүй хүүхдүүдийн боловсролын чанар, хүртээмжийг даруй шинэчлэх шаардлагатай.
-Хэлмэрч хүрэлцээгүйгээс ямар нэгэн үйлчилгээ авахад хүндрэл байнга гардаг байх.

-Хэлмэрч хүрэлцээгүй гэхээсээ илүү төрийн бодлого дутаж байна. Үнэндээ сонсголгүй хүмүүс өөрсдөө хэлмэрчээ бэлтгэж ирсэн. Монголд дохионы хэлний хэлмэрч мэргэжлээр сургаж төгсгөдөг ямар ч сургууль байхгүй. Тэр ч бүү хэл, ийм мэргэжил ч бүртгэгдээгүй байсан. Ийм байхад хэлмэрч хүртээмжгүй байх нь ойлгомжтой. АНУ-д гэхэд бүх их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт заавал үзэж судлах ёстой хичээлийн тоонд дохионы хэл, соёлын сургалт багтсан байдаг. Энэ чиглэлээрээ гүнзгийрүүлэн суралцаж, мэргэжлийн хэлмэрч болох боломжтой юм билээ. Манай их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт дохионы хэл, соёлын хичээл оруулж болно шүү дээ. Нөхөн үржихүй, хорт хавдар, түргэн тусламжийн үйлчилгээ авах зэрэг онцгой үед бидний дэргэд хэлмэрч байхгүй учраас хүнд суртал, ялгаварлан гадуурхалтад өртдөг. Үүнээс болж эмчид үзүүлэхгүй явсаар өвчнөө хүндрүүлэх нь бий. Зарим нь насанд хүрээгүй хүүхдээрээ хэлмэрч хийлгэж байна.
-Сонсголын бэрхшээлтэй ээжүүдийг анх удаа Төрийн тэргүүнээс “Алдарт эх”-ийн одон авах боломжоор хангахаар ажиллаж байгаа гэв үү?

-Тийм ээ. “Алдарт эх”-ийн одон авах эхчүүдээ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардаж аваасай гэж хүсэж байгаа. Өмнө нь сонсголгүй ганц ч эмэгтэй Төрийн тэргүүнээс одонгоо авч байгаагүй. Яагаад заавал Ерөнхийлөгчөөс авах гээд байгаа юм гэж зарим нь асууж магадгүй. Энэ нь бусдын адил үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж яваа бидэнд үзүүлэх төрийн хүндлэл гэж ойлгож байна. Асуудал, бэрхшээлийг үл хайхран эрүүл саруул хүүхэд төрүүлж өсгөн, улс орныхоо хүн амын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй сонсголгүй эхчүүдээ ялгаварлахгүй, хүндлэл үзүүлдэг жишиг, эерэг хандлага бий болгохыг зорьж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)