Хүн ам суурьшсан газарт хүнд металл илэрчээ

БОАЖЯ-ны мэргэжилтнүүд болон БНЧУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Олдржих Заычек нар “Байгаль орчны бохирдлыг бууруулахад ноухау дамжуулах нь” төслийн II шатны хэрэгжилтийн талаар мэдээлэл хийв. Налайхын шилний үйлдвэрийн орчмоос их хэмжээний хүнд металл, Булган аймгийн мал эмнэлгийн газрын зоорь байсан газарт пестицид илэрчээ.

Пестицид нь хүний дархлааг гэмтээн, бамбай булчирхайг өвчлүүлж, хавдар үүсгэх, хүний оюуны чадварыг сааруулах хорт нөлөөтэй бодис аж. Сүүлийн үед энэ бодисын уршгаар төрөлхийн эмгэг, ургийн гажиг, дутуу төрөлт, зулбалт эрс нэмэгдсэнийг эрдэмтэд баталжээ. Түүнчлэн Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн орчмын хөрсөнд химийн бохирдол их байгааг тогтоосон байна.

“Энэхүү гурван газрын хоёрт нь хүн ам төвлөрсөн нь санаа зовоох асуудал юм” хэмээн ноён Олдржих Заычек хэллээ. Тиймээс чех мэргэжилтнүүд газар дээр нь очиж, байгаль орчны болон мэргэжлийн хяналтын байцаагчдад онол, дадлага хослуулсан сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Эхний ээлжинд Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн талбайг цэвэрлэхээр Чехийн жишиг аргыг туршин ажиллаж байгаа гэнэ.

Мөн хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн монгол орны байгаль бохирдож байгаад чех мэргэжилтнүүд үнэлгээ өгөх юм. Энэхүү төслийн I шат 2016 онд амжилттай хэрэгжжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)