Хүн амын өсөлтөд “хуруу шил” ч хамаатай

“37 насандаа нярайлаад, хүүхэд дахин төрүүлэхгүй” хэмээн эмэгтэйчүүд ярилцаж байхыг уншигч та хаа нэгтээ сонссон л биз дээ. Олон хүүхэдтэй, эрүүл хосуудад энэ нь гэр бүлийн зөв төлөвлөлт гэдгийг эмч нар хэлдэг. Гэхдээ хожуу гэрлэсэн, үргүйдэх өвчтэй хүмүүст 37-гоос дээш насанд хүүхэд төрүүлэх нь бүтэшгүй, эрсдэлтэй гэх буруу ойлголт, айдас бий болгож болохгүй. Учир нь анагаахын шинжлэх ухааны ололтын ачаар хүн төрөлхтөн олон эрхтнээ “сэлбүүлж”, урт наслах боломж бүрдсэн. Дэлхийд өдгөө хүнээс хүнд найман эрхтэн шилжүүлэн суулгаж буй. Цаашид ч эл тоо өснө гэдгийг эрдэмтэд хэлж байна. Эд, эрхтнийхээс гадна цусны, үрийн донорын эгнээ өргөжсөөр байгааг энд зориуд тэмдэглэе. Ялангуяа үр шилжүүлэн суулгах эмчилгээ Монголд өдгөө нэн шаардлагатай төдийгүй олон улсын түвшинд хүртэл хөгжиж байгааг тийм ч олон хүн мэдэхгүй байх шиг. Өөрөөр хэлбэл, уг эмчилгээний ачаар гэр бүлээ төлөвлөх, оройтож хүүхэд төрүүлж буй нь эмээх шаардлагагүйгээр, үргүйдэх өвчтэйд нь үрийн зулай үнэрлэх боломж бүрдүүлсэн юм.

Монголд нэвтрүүлээд 10 гаруй жил болж буй үр шилжүүлэн суулгах эмчилгээг өдгөө 4-5 эмнэлэгт хийдэг. Уг эмчилгээний гол ололтуудын нэг нь үрийн банк. Хүүхэд төрүүлэх төлөвлөгөөгүй, суралцаж, ажиллаж байгаа эрчүүд, эмэгтэйчүүд идэр насандаа бэлгийн эсээ тус банканд хадгалуулах боломжтой гэсэн үг. Учир нь өндгөн эс залуу байх тусам үр хөврөл үүсэх чадвар өндөртэй. Лабораторийн орчинд үр тогтоосон хөврөл (хуруу шилний арга гэгддэг)-ийг ч бас тэнд хадгалдаг юм билээ. Манай улсын төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн Үр шилжүүлэн суулгах төвүүдэд ашиглаж буй үрийн банк өндгөн эсийг 196 градусын хүйтэн азотод хөлдөөн, 10-аас олон жил чанарыг нь алдагдуулахгүйгээр хадгалдаг. Уг технологийг дэлхийд 1960 оноос ашиглаж иржээ.

Нөхөр нь үргүйдэх өвчтэй ч эхнэр нь хүүхэд төрүүлсэн нэгэн жишээ сонирхуулъя. Тэд Монголд хоёр, БНСУ-д мөн хоёр удаа үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгээд тусыг эс олжээ. Эл хугацаанд нөхрийнх нь дүү ах, эгчдээ донор болсон аж. Тэд бууж өгөлгүй дээрх банканд үр хөврөлөө хадгалуулаад орхиж. Харамсалтай нь, нөхрийнх нь дүү зуурдаар нас барсан ч ах, эгч хоёр нь хадгалуулсан “хүүхдээ” шилжүүлэн суулгуулсан нь амжилттай болсон байна. Ингэснээр хүүхэдтэй болж чадахгүй гэсэн ах нь элгээ дэвтээж, бас бурхны оронд одсон дүүгийнхээ үр удмыг таслаагүйдээ үргэлж талархдагийг эмч нар хэлсэн.

ЭХЭМҮТ-ийн Үргүйдэл, нөхөн үржихүйн төв (ҮНҮТ)-ийн үрийн банканд өдгөө 300 орчим хөлдөөсөн үр хөврөл, бэлгийн эс байгаа аж. Тус эмнэлгийнхэн 1988 оноос хойш үргүйдэл, эмэгтэйчүүд, дотоод шүүрлийн өвчний тусламж, үйлчилгээ үзүүлж, 2015 оноос үр шилжүүлэн суулгах технологи нэвтрүүлжээ. ҮНҮТ-ийн эрхлэгч, ахлах зэргийн эмч Н.Алгирмаа “ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр 2014 онд Үр шилжүүлэн суулгах төвийг улсын эмнэлэгт анх удаа байгуулсан нь энэ. Ингэснээр үргүйдэлтэй олон хос дэлхийн түвшний оношилгоо, эмчилгээг эх орондоо үнэ төлбөргүй авах боломж бүрдсэн. Өмнө нь хувийн цөөн эмнэлэгт энэ төрлийн тусламж үзүүлдэг байлаа. Харин одоо улсын эмнэлэгт үргүйдлийг оношлох, эмчлэх, бүр боломжгүйд нь үр шилжүүлэн суулгах зэргээр цогц үйлчилгээ үзүүлдэг болсон. Үйлчлүүлэгчдийн тоо ч жил ирэх тусам нэмэгдлээ. ҮНҮТ-ийг ашиглалтад оруулсны дараа жилд дунджаар 2000 гаруй хүн үйлчлүүлдэг байсан бол өнгөрсөн онд эл тоо 7800 давсан. 2015 оноос хойш зөвхөн үр шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнд 60 гаруй хүүхэд мэндэлж, эрүүл бойжиж байгаа нь чамлахааргүй амжилт юм. Үүний дотор 2-3 ихэр хүүхэд ч цөөнгүй. Бид үр шилжүүлэн суулгасан, амжилттай жирэмсэлсэн эхчүүдээ хянаж, ЭХЭМҮТ-д амаржуулдаг. Мөн үргүйдлийг эмийн, дааврын, мэс заслын аргаар эмчилдэг. Үүний дүнд жамаараа хүүхэд “олсон” эхчүүдийг ч жирэмсний эхний гурван сард нь хянаж, харьяаллынх нь дагуух эмнэлэгт шилжүүлдэг” гэв.

Гурван сая гаруйхан хүнтэй манай улсын хувьд хүн амаа өсгөх нь нэн чухал. Үүнийг төр, засгийн түвшинд ч хэлэлцдэг. Өөрөөр хэлбэл, хүн амын өсөлтөд “хуруу шил” ч хамаатай гэсэн үг. Харамсалтай нь, нөхөн үржихүйн насныхны 8-9 хувь нь үргүйдэх өвчтэй байгаа нь анхаарах асуудал юм. Үргүйдлийн тархалтын судалгааг 2008 онд буюу хамгийн сүүлд хийхэд ийм дүн гарчээ. Олон улсад эл үзүүлэлт 6-9 хувьтай байдаг аж. Тиймээс тархалтын судалгааг үндэсний хэмжээнд шинэчлэх шаардлагатайг эмч нар хэлсэн. ЭХЭМҮТ-д үр шилжүүлэн суулгуулж буй хүмүүсийн олонх нь үрийн хоолой битүүрэх эмгэгтэй байсныг Н.Алгирмаа эмч хэлсэн. Ерөнхийдөө үргүйдлийг насны бүлгээр авч үзвэл 80 орчим хувь нь эмэгтэйчүүд, үлдсэн нь эрэгтэйчүүдийн өвчний шалтгаантай байна. Эмэгтэйчүүдийн өвчний шалтгаантай үргүйдлийн 40-50 хувь нь үрийн хоолой битүүрэх эмгэг, наалдац эзэлжээ. Уг өвчин нь ихэвчлэн хэвлий, бага аарцгийн орчмын үрэвсэлт өвчнөөс үүдэлтэй гэнэ. Адаглаад л мухар олгой үрэвсэж, хэвлийдээ хагарснаас үрийн хоолой битүүрэх нь бий аж. Мөн умайн гадуурх жирэмслэлт, хэвлийн бусад эрхтний сүрьеэ ялангуяа эмэгтэйчүүдэд умайн салстын архаг үрэвсэл, наалдац үүсгэдэг байна. Бэлгийн замын халдварт өвчин үрийн суваг болон умайн доторх ханыг зориудаар гэмтээдэг тул үргүйдэлд хүргэдэг бас нэгэн шалтгаан болжээ.

Иргэн А 48 насандаа өөрөөсөө дүү хүнтэй ханилж, хүүхэд төрүүлэхийг хүссэн ч өндгөн эс нь хэдийн боловсрохоо больжээ. Гэсэн ч үр шилжүүлэн суулгах эмчилгээний ачаар бүл нэмснийг эмч нар сонирхуулсан. 23 настай, нэг хүүхэд төрүүлсэн охин нь ээждээ донор болсноор тийнхүү амаржиж, үрийн зулай үнэрлэсэн аж. Гадаадад багадаа 20 мянган ам.долларын үнэтэй эл эмчилгээг монголчууд хувийн эмнэлэгт 6-8 сая төгрөгөөр, улсын эмнэлэгт эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлөлттэй үнээр хийлгэж байна. Эмчилгээний үр дүн буюу нэг удаагийн үр шилжүүлэн суулгах оролдлогоор жирэмслүүлэх магадлал олон улсад 30-35 хувьтай байдаг. Харин Монголд эл үзүүлэлт дунджаар 38 орчим хувьтайг эмч нар хэлсэн. Гэхдээ эмчилгээний амжилт эмэгтэйн нас, өндгөн эсийн чанараас шууд хамаардаг. Тухайлбал, 25-аас доош насныханд үр шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүн 50 хувьтай байдаг бол 30 хүртэлх насанд 35 хувь болж буурдаг байна. Тэгвэл 38-аас дээш насныханд энэ үзүүлэлт 10-15 хувьтай. Манайд эл эмчилгээг хийлгэж буй хүмүүсийн олонх нь 35-аас дээш насныхан ч амжилт нь чамлахааргүй ажээ.

Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн буюу жамаараа жирэмслэх боломжтой үе нь 16-44 нас. Эл хугацаанд 400 орчим өндгөн эс боловсруулаад, цэвэрших үйл явц нь эхэлдэг байна. Монголд үр шилжүүлэн суулгах эмчилгээг цогцоор нь анх нэвтрүүлсэн эмнэлэг нь хуучнаар “Баянгол”. Өдгөө “Юнимед” үр шилжүүлэн суулгах төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж буй тэд 5000 орчим “хүүхэдтэй” болжээ. Тус эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах төвийн захирал, доктор, клиникийн профессор Р.Хадбаатар “Үр шилжүүлэн суулгах эмчилгээ гэдэг нь сарын тэмдгийн мөчлөгийн хугацаанд өндгөвчинд олон тооны өндгөн эс боловсруулж, түүнийгээ лабораторийн орчинд эр бэлгийн эсүүдтэй үр тогтоон, умайн хөндийд суулгах процесс юм. Өөрөөр хэлбэл, үр тогтсон өндгөн эсийг 3-5 дахь хоногтойд нь умайн хөндийд шилжүүлэн суулгахыг хэлнэ. 35-аас дээш насанд өндгөн эс хөгширч, бүрхүүл нь зузаарснаар умайд бэхлэгдэх магадлал буурдаг. Манайх лазераар тэрхүү тунгалаг бүрхүүлийг нимгэлэх хүртэл эмчилгээ хийдэг. Ер нь үргүйдлийн оношилгоо, эмчилгээтэй холбоотой дэлхийд нэвтэрч буй бараг бүх технологийг зэрэг нутагшуулдаг. Эр бэлгийн эсийг 6000-7000 дахин томруулж, шинжилдэг болсноор гаж хөгжлийг тодорхойлдог болсон. Хүнд хэлбэрийн үргүйдлийн үед өндгөн эсэнд эр бэлгийнхийг тарьж байна. Үрийн донор болох хүн 32 хүртэлх насны, эрүүл байх ёстой. Монголчууд харьцангуй элгэмсэг, дотно хүмүүс учраас үрийн донорт маргаан гардаггүй. Ихэвчлэн ах, дүү, хамаатан дундаа асуудлаа шийддэг. Донорын тухай хуулиар үр шилжүүлэн суулгахад хүүхдийн хүйсийг захиалахыг хориглосон тул эл асуудал ч сөхөгддөггүй” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)