Хүнээр хүн хийх хамгийн хэцүү

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байв. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, НҮБ-ын Хүүхдийн сангаас зохион байгуулсан “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаанд хүүхдүүд ийн саатжээ. Хүүхдүүдийг дэмжих, тэдний бүтээлийг худалдан авч урамшуулахаасаа илүү энэ өдөрлөгт оролцсон хүмүүсийн олонх нь арилжаа наймаа хийж байв. 

Хүүхдийн хувцас, гутал, тоглоом зүүлт сэлт зарж байлаа. Олон асар эгнүүлж барьсан бөгөөд ихэнх нь бүтээгдэхүүнээ борлуулж байсан. Харин хүүхдийн оюун санаанд үлдэх тоотой хэдхэн бүтээл харагдсан. Тухайлбал, хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх “Мангаа” контентынхон тус үзэсгэлэнд оролцож байв. Зохиолч, орчуулагч Д.Оюунчимэг бүтээлээ дэлгэжээ. Мөн “Mon toу”-ынхон “Оюунлаг Монголын төлөө” уриатайгаар оролцож, оньсон болон эвлүүлдэг тоглоомуудаа тавьсан байлаа. “Хүүхэд ирээдүйн баялаг” төрийн бус байгууллагынхан ном, сэтгүүл бэлгийн зориулалтаар багцлан худалдаж харагдсан.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрынхан сэтгэлзүйчидтэйгээ ирсэн байв. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн нэг доор байрлаж, хүүхдийн эрхийн талаар мэдээлэл зөвлөгөө өгсөн.

Хүүхдүүд хамгийн олноор цугласан асраар орлоо. Тэнд шог зураач А.Бат-Эрдэнэ хүүхдүүдийн хөргийг зурж байв. Ам нь хуурайгүй, гар нь завгүй. Зургаа зуруулж буй хүүгээс аав нь юм асуулаа. Амттай яриан дундуур нь орж ирсэн учраас хүү “Битгий саад болоод бай” хэмээн томров. Би ч тэдэнтэй нэгдэж, амттай яриаг нь сонсож, зурж буйг нь харж хэсэгтээ саатлаа. Ер нь, сурвалжилгаа хүү хэд олонтойгоор нь энд үргэлжлүүлэхэээр шийдэв. Хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуайтай дотно явсан тэрбээр “Хүүхэд 1-3 нас хүртлээ гэгээнтэн, 3-6 нас хүртлээ суутан байдаг” гэж Л.Түдэв гуай хэлдэг юм. Хүүхдийг энэ насанд нь хөгжүүлэх хэрэгтэй. 

1-6 настайдаа сонссон, харсан, сурснаа тэд ер мартдаггүй, цаашид хөгжүүлдэг. Бага насанд нь анхаарч, зөв хөгжүүлээгүй, сайн муугийн тухай ярилцаагүйгээс ченж сэтгэлгээтэй хүүхэд олширсон. Өрнөж буй үйл явдал дундаас хялбар аргаар мөнгө олохыг чухалчилдаг. Сэтгэдэг, боддог, бүтээдэг хүн цөөн болсон. Ийм үед зургийн ач холбогдол чухал. Зураг хүнийг бүтээлч болгодог. 

Монгол ирээдүй хойчоо сайхан болгоё гэвэл сэтгэлгээ сайтай, бүтээлч, хүмүүсийг бэлтгэх хэрэгтэй” хэмээн ярилаа. Ийн ярих зуураа С.Хангай хүүгийн хөргийг тэр дор нь зурчихлаа. Өөрийн тусгалаа толинд харсан мэт болсон хүүгийн нүд гэрэлтэв. Хүү ихэд сэтгэл хангалуун суудлаасаа өндийсөн. Түүний дараа Б.Энхлэн охины ээлж ирлээ. Дарааллаа хүлээж ядсан зарим нэг нь тэсвэр алдаж, зураачид хандан “Багш аа, одоо би зуруулъя” хэмээн шална.

БОЛОВСРОЛООР ТОГЛОЖ БОЛОХГҮЙ

Тэрбээр зургийн хичээл заах шинэ хөтөлбөр, арга зүйг боловсруулжээ. Орчин үеийн хүүхдүүдэд хоцрогдсон аргаар хичээл заах нь хорлосонтой ялгаагүй гэж А.Бат-Эрдэнэ хэлсэн. Тиймээс “Би хийхгүй бол өөр хэн хийх вэ” хэмээн өмнөө зорилго тавьж, ирээдүйн суутнуудыг хөгжүүлэхээр шамджээ. Өөрийн сурсандаа тулгуурлан олон жил эрэл хайгуул хийсний эцэст аргыг нь олсон байна. Хүүхдийн хэвлэлд цөөнгүй жил ажилласан нь ч үр дүнд хүрч оюуны орд уурхайгаа нээхэд нэмэр болжээ.

Жишээ нь, тэр бага насныханд зориулж таван дүрс, таван зураас ашиглан зурах аргыг боловсруулжээ. Загасны дүрсийг ердөө хоёр нуман зураас ашиглан гаргадаг аж. 4-5 настай хүүхдэд энэ нь их ойлгомжтой байдаг. Эрвээхэй болон баавгайг таван зураас, таван дүрс ашиглаад зурчихаж болдог ийм л аргыг хүүхдүүд баярлан хүлээн авчээ. Тиймээс гурван настай хүүхдийг ч басаж болохгүй гэв. Оросын алдарт “Ну погоди” хүүхэлдэйн киноны баатруудын зургийг самбарт өлгөөд үүнийг дагаад зураарай гэхээс хамаагүй хялбар арга биш гэж үү. Ийнхүү зураач А.Бат-Эрдэнэ зургийн хичээлийн сурах бичиг ийм стандарт, хөтөлбөртэй байна, энэ нь хүүхдийн оюун санаанд эерэг нөлөөтэй гэдгийг батлахыг зорьж буй.

Таван минут хүрэхтэй, үгүйтэй хугацаа өнгөрөхөд Б.Энхлэнгийн зураг бэлэн боллоо. Дууссанаа илтгэх шиг тэрбээр “Во” гэх аж. Түүний шүтэн бишрэгчид 3-6 настай хүүхдүүд. Тэр дундаа таван настнууд зонхилох аж. Хүүхэд гэдэг чөлөөт ертөнцийг чөлөөтэй хөгжүүлэх нь чухал гэнэ. Хүүхэд гурван настайдаа сараачиж эхэлнэ. Дөрвөн насандаа хэлбэр дүрс, зураас зурдаг. Улмаар 5-6 насандаа зурж эхэлдэг юм байна. Заавал зураач болох албагүй ч энэ үед нь харандаа, цаастай байнга нөхөрлүүлбэл сэтгэлгээ сайтай, бүтээлч болдог аж. А.Бат-Эрдэнийг шог зураач гэдгээр нь хүмүүс андахгүй. Тэр бас С1 телевизийн “Би чадна” контентыг санаачлагч. Орой бүр цэнхэр дэлгэцээр “заларч” зураг зурахыг заадаг учраас хүүхдүүдийн дунд од болжээ. 

Таван үг солих чөлөө өгөхгүй, хүүхдүүд түүнийг бүчих юм. Тэрбээр М.Мөнх-Эрдэнийн хөргийг урлах зуураа “1990-ээд онд боловсролын салбар луу их дайрсан. Хүүхдийн номын сангүй болж, хэвлэх үйлдвэрүүд ч багачуудад зориулсан хэвлэл гаргахаа больсон. Номын дэлгүүр хоосорсон. Боловсролоор тоглож болохгүй. Тэр үед бид олон сайхан хүүхдүүдээ “алдсан” Одоо тэд эцэг, эх болчихсон явна. Уг нь зөв хүмүүжүүлсэн бол 1990 оныхон өдгөө дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж явах учиртай” гэв. Мөн шог зураачдыг ашиглах хэрэгтэй. Ялангуяа сурах бичиг зохиоход шог зураачид чухал үүрэгтэй. Амин сүнсгүй, модон зургаас шог зураг хүүхдүүдэд илүү хүрнэ гэж хэлсэн юм.

ХҮҮХДИЙГ УРАМШУУЛАХ ЁСТОЙ

Хүүхдүүд тасралтгүй ирж, зурагтаар гардаг багштайгаа уулзсаар байв. Багшийн зорилго ч тэдэнтэй нэг өдрийг өнгөрүүлэх тул зургаа зурсаар, сургаалиа хэлсээр. Багшийн дээд сургуулийг төгссөн тэрбээр нэг үе “Багшийн мэргэжил хэрэггүй сонголоо. Амьдралд хэрэг болохгүй мэргэжил юм” хэмээн бодож явжээ. Гэхдээ л зургаас урвалгүй 30 гаруй жил бийр будагтай “ноцолдсоор” буй. Тиймээс егөө төрлийн зургийг Монголд анхлан нэвтрүүлсэн. Зурагт номын хөгжих шанг татсан. 

Дэлхийн хөгжилтэй орнуудад ихэд дэлгэрсэн, их дэлгүүрүүдэд сууж хөрөг зурах урлагийг Монголд эхлүүлсэн гээд олон зүйлийн анхдагч болсон байна. Ийнхүү зураг зурах зуураа өөрийнхөө тухай цухас ярьж амжив. Хүүхдийг байнга урамшуулах ёстойг багш онцлов. Хүүхдийг загнах, шүүмжлэх бус зүгээр алдаагаа засах боломжийг нь олгох ёстой аж. Тэрбээр хүүхдүүдэд “Би чадна” гэх урам өгөх хэрэгтэй. Ганц удаа гаргасан тааруухан үйлдэл дээр нь буруу харилцвал насан туршид сэтгэлийг нь эмзэглүүлж мэдэх юм. Тиймээс багшийн мэргэжил онцгой чухал гэв.

Зураач А.Бат-Эрдэнэ хүү Б.Тэмүүжинтэйгээ хамтран компьютер тоглоомыг орлуулах бүтээл хийж буйгаа бас ярьсан. Хүүхдүүд компьютер тоглоомд донтох нь ихэссэн. Тиймээс хүүхдээр сэдэвчилсэн зураг зуруулж, зурсан зургийг нь компьютерт оруулж амилуулах, үйл явдлыг нь хөтөлж дуу оруулах зэрэг ажил хийж байгаа аж. Зургийн хичээл, компьютерыг хослуулж хүүхдүүдийг цахим ертөнцөөс холдуулахаар ажиллаж буй гэнэ. Түүнийг “Во” гээд л нэг зургаа дуусгахад ээж, аавууд “Яг л авч байна шүү” хэмээн магтах нь олонтоо дуулдав. А.Солонго охины зуруулах ээлж ирэв. Энэ удаа тэрбээр “Энэ нийгэмд хүүхдийн нүд, сэтгэл бузартлаа. 

Үр хүүхэд зовлон үзэх ёсгүй. Хүчирхийллээс ангид байх учиртай. Эрүүл энх аж төрөх хэрэгтэй” хэмээн бодлоо хуваалцав. Үргэлжлүүлэн “Нийгмийн эл гажуудлыг арилгахын тулд багш нар сургалтын сайн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй. Чанартай боловсрол эзэмшүүлбэл ирээдүйд маш том хөрөнгө оруулалт болно. Уул уурхайг хэзээ ч ухаж амжина. Хөдөө аж ахуй, газар тариаланг ч хөгжүүлж болно. Хүнийг хөгжүүлэх хамгийн хэцүү. Одоогийн хүмүүс хүүхэд насаа, ээж аавыгаа, уламжлалаа гээж дээ” гэлээ. Ийн ярьсаар бараг бүтэн хоёр цаг болжээ. Хүүхдүүдийн дараалал дундраагүй л байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)