Хүнс үйлдвэрлэгчдээс чанар нэхэж, хөнгөлөлт үзүүлье

Хүн 600 орчим төрлийн эрдэс бодисыг хоол хүнснээс авч байж бие махбодынхоо хэвийн үйл ажиллагааг хангадаг аж. Таны хэд наслах, эрүүл энх байх, эсэх нь зохистой хооллож, баталгаатай хүнс хэрэглэж байгаагаас шууд хамаарна. Тиймээс дэлхий нийт эрүүл хүнсийг эрхэмлэдэг. Монголчууд нэг үеэ бодвол эрүүл, зохистой хооллохыг эрмэлзэх болжээ. Харамсалтай нь, манай иргэдийн хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн чанарын шаардлагад тэр бүр нийцэхгүй, зарим тохиолдолд аюул учруулахуйц байгаа. Хүн амын хүнсний хэрэглээнийхээ 50 хувийг импортолдог бол аюулгүй байдал алдагдсанд тооцдог дэлхийн жишиг бий. Өдгөө Монгол Улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 40-50, жимс, жимсгэнийн 90 орчим хувийг импортолж байна.

Бид хүнсний бүтээгдэхүүнийхээ 30 хүрэхгүй хувийг дотооддоо үйлдвэрлэдэг бөгөөд эдгээрийн зарим нь чанар, стандартад нийцдэггүй болохыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан онцлов. Монголын хүн амын 37 хувь нь 0-18 насныхан. Тав хүртэлх насныхан өдөрт авах ёстой аминдэм, эрдэс бодисынхоо хэрэгцээг хоол хүнснээс бүрэн авч чаддаггүй аж. Хүүхдүүдийн 27 хувь нь цус багадалттай, 21 нь төмөр, 70 нь А, 90 нь Д аминдэмийн дутагдалтай гэх тоон үзүүлэлт байна. Нийт хүн амын дунд Д аминдэмийн дутагдал хамгийн түгээмэл бөгөөд 0.5-5 насныхны 90, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95, эрэгтэйчүүдийн 82 хувь нь энэ ангилалд багтдаг гэнэ. Зарим судлаач үүнийг дэгсдүүлсэн статистик гэх юм билээ. Дээрх баримтад итгэх юм бол хүнсний аюулгүй байдал алдагдаж, шим тэжээлгүй хоол хэрэглэснээс аминдэмийн дутагдал үүдэлтэй гэж “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгааны тайланд дурджээ. Хүнсний аюулгүй байдал алдагдах нь аминдэмийн дутагдалд оруулаад зогсохгүй зүрх, судасны болон хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг доголдуулж, чихрийн шижин, ясны сийрэгжилт үүсгэх эрсдэлтэй. Манай улсын хувьд хүнсний баталгаат байдал алдагдсан нь илүүдэл жин, таргалалтаас ч илүү аюул дагуулах болсон гэнэ. Тодруулбал, гурван өрх тутмын хоёрт нь ямар нэг хэмжээгээр, таван айлын нэгд нь хүнсний баталгаат байдал ноцтой алдагдсаныг дээрх судалгаагаар тогтоожээ. Д аминдэмийн дутагдлыг сүүний хэрэглээгээр нөхөх боломжтой ч бэлтгэх, нийлүүлэх, боловсруулах, үйлдвэрлэх нэгдсэн тогтолцоо алдагдсанаас үр дүнд хүрэх найдлага бага гэж эрүүл мэндийн байгууллагынхан тооцсон аж. Тиймээс дотоодын хүнсний гол бүтээгдэхүүн болсон сүү, мах, гурилын үйлдвэрлэлийг сайжруулж, иргэдэд баталгаатайг нь хүргэх шаардлагатай.

Өдгөө манай улс төмс, махны 100, гурилын 98, гурилан бүтээгдэхүүний 64, сүүний 53, хүнсний ногооны 51, өндөгний 43, цөцгийн тосны 33, тахиан махны ес, жимсний гурав, загасны махны хэрэглээнийхээ хоёр хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Харин хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс ургамлын тос, элсэн чихэр, жимс, жимсгэнэ, төрөл бүрийн будааг импортоор хангадаг. Одоогоор улсын хэмжээнд мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 123 үйлдвэр, цех ажиллаж байна. Давхардсан тоогоор найм нь ангилсан, 115 нь дулааны аргаар боловсруулсан буюу хиам, нөөшилсөн мах үйлдвэрлэдэг. Харин гурилын 63 үйлдвэр бий бөгөөд жилд 942 мянган тонн үр тариа тээрэмдэх хүчин чадалтай гэнэ. Түүнчлэн гурилан бүтээгдэхүүний 920, сүүний 230 үйлдвэр, цех, хөргөлтийн 72 төвтэй. Сүүлийн жилүүдэд хэрэглэгч биш, үйлдвэрлэгч орон болохоор зорьж буй нь сайн хэрэг. Гэхдээ дотооддоо үйлдвэрлэж буй эдгээр хүнсний бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлагад нийцэж, иргэдэд аюул учруулдаггүй гэвэл өрөөсгөл.

Жишээлбэл, шалан дээр зайдас “боож” буй хоёр эмэгтэй олон нийтийн сүлжээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард зургаа нийтэлсэн нь иргэдийг бухимдуулсан. Сонгинохайрхан дүүргийн XX хороо, Толгойтод байрлах “Зочин хүнс” компанийнхан эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй газарт үйл ажиллагаа явуулж байсныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан шалгалтаар илрүүлсэн. Мөн “Монвурст” компанийн үйлдвэрлэдэг “Хангай” нэрийн хиамнаас бээлий гарсан тохиолдол ч бий. Дотоодын хүнс үйлдвэрлэгчдийн энэ мэт балаг үүгээр дуусахгүй. Махны үйлдвэрүүдээс гадна гурилан бүтээгдэхүүний чанар, баталгаат байдал хэл ам таталдаг. Тодруулбал, хугацаа нь дууссан найман нэр, төрлийн 1344 бялууг өнгөрсөн нэгдүгээр сард худалдаанд гаргасныг тогтоож, зарагдаагүй 523 ширхгийг нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан хураасан. 2019 онд ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Улаанбаатар хотын 88 аж ахуйн нэгжид нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан төлөвлөгөөт шалгалт хийж, 632 зөрчил илрүүлжээ. Үүнээс 46 иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцож, 41 сая төгрөгийн торгууль ногдуулж, үлдсэнд нь сануулга өгсөн аж. Дээрх зөрчлүүд зөвхөн мах, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрээр хязгаарлагдахгүй. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын улсын ахлах байцаагч Д.Сарантуяа “Нийслэлд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 600 гаруй аж ахуйн нэгжийн 30 орчим хувийг төлөвлөгөөт шалгалтад хамрууллаа. 201 аж ахуйн нэгжийг шалгахад цөөнгүй зөрчил илэрсэн учир 35-40 хувийнх нь үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Шалгалтад хамрагдсан газрын 8-10 хувь нь хаяг, шошгын зөрчилтэй, 20 нь үйлдвэрлэлийн эрүүл ахуйн зохистой дадал хэрэгжүүлээгүй, 15 нь дотоод журмаа мөрдүүлж ажиллаагүй байна. Эдгээр газарт зөрчил арилгах хугацаат даалгавар өгч, зөвлөмж хүргэж, сэрэмжлүүлэх арга хэмжээ авсан. Харин хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулсан нь тогтоогдсон аж ахуйн нэгжид захиргааны шийтгэл ногдуулж байгаа” гэв. Энэ нь зөвхөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 201 аж ахуйн нэгжийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хийсэн шалгалтын үр дүн гэдгийг дахин сануулъя. Хэрэв улсын хэмжээнд хяналт, шалгалт хийвэл үүнээс ч олон зөрчил бүртгэгдэх нь ойлгомжтой.

...2019 онд ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Улаанбаатар хотын 88 аж ахуйн нэгжид нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан төлөвлөгөөт шалгалт хийж, 632 зөрчил илрүүлжээ. Үүнээс 46 иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцож, 41 сая төгрөгийн торгууль ногдуулж, үлдсэнд нь сануулга өгсөн аж...

Монгол хүн сард дунджаар мах 6.7, гурил 8.9, хүнсний ногоо 2.5, жимс 0.7, будаа 1.8 кг, сүү 6.5 литрийг хэрэглэдэг гэх судалгаа бий. Үүнээс бидний хүнсэндээ хэрэглэж буй гол бүтээгдэхүүний ихэнх дотоодынх болох нь харагдана. Хүн амын олонх нь дотоодын хүнсээ хэрэглэж байхад үйлдвэрлэгчид нь чанар, стандарт баримталдаггүй, ашгийн хойноос хөөцөлдсөн хэвээр. Наад зах нь дотоодын хэрэглээгээ 100 хувь хангаж байгаа хүнсний ногооны гарал үүслийн гэрчилгээг ном журмынх нь дагуу авч иргэдийн эргэлзээг арилгахгүй, тулгаж борлуулдаг хэвээр. 1-21 градусын хүйтэнд хадгалах ёстой нарийн ногоо, жимс, жимсгэнийг ил задгай өрснийг хаанаас ч харж болно. Зориулалтын агуулах, лангуугүй бөөний төв, дэлгүүрээс нийслэлийнхэн гэлтгүй орон нутгийнхан ч хүнсний бүтээгдэхүүнээ авдаг. Хүнсний ногооны худалдагч Б.Бямба-Очир “Тариаланчдаас хүнсний ногоог газар дээрээс нь худалдан авах хэцүү. Хор цацсан, бордоо хэрэглэсэн, эсэхийг мэдэхгүй. Газар тариалан хөгжсөн Сэлэнгэ, Төв аймгийнхнаас болон олон жил түншилсэн хүмүүсээс хүнсний ногоо авдаг. Түүнийгээ гэр хорооллын жижиг дэлгүүр, хоолны газруудад нийлүүлдэг юм. Үйлчлүүлэгчид чанар, стандартын талаар асуудаггүй учир тариаланчдаас гарал үүслийн гэрчилгээ шаарддаггүй. Нэг тариаланч “Ногооны гарал үүслийн гэрчилгээ авахын тулд Мэргэжлийн хяналтын байгууллагад шинж лүүлэх шаардлагатай. Бид хүнсний ногоо хадгалах зоорьгүй учир ченжүүдэд хямд худалддаг. Гарал үүслийн гэрчилгээ шаардахгүй байхад мэргэжлийн байгууллагад мөнгө төлж шинжлүүлэх шаардлагагүй” гэж байсан. Тэд халуунд халж, хөлсөө дуслуулж ногоо тарьчихаад, хямд худалддаг нь үнэн. Хэн ч шаарддаггүй гарал үүслийн гэрчилгээ авахын тулд олсон хэдэн төгрөгөөсөө илүүчилж, шинжилгээ хийлгэхийг хүсэхгүй л болов уу. Иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, хүнсний чанар, аюулгүй байдлыг хангая гэвэл үнэгүй шинжилгээ хийх хэрэгтэй” гэв.

Иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хичээдэг ч зарим нь тэнгэрт тулсан үнээр бүтээгдэхүүнээ санал болгож, цаашлаад чанарын шаардлагад нийцээгүйгээ “шахдаг”. Нөгөө талаас хэрэглэгч бичиг баримт, гарал үүслийн гэрчилгээг чухалчлахгүй, тэдэнд чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж олгосоор байна. Манай улс 2025 он гэхэд махны 50, сүүний 60, 2030 онд махны 70, сүүний 80 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулах зорилт тавьсан. Мөн “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” төсөлд “Хүнсний үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, гол нэр төрлийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлнэ” гэж заажээ. Хэрэв дотоодын үйлдвэрүүд хүмүүсийн эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, цаашлаад иргэд тэдэнд шаардлага хүргүүлэх “эрдэмд” суралцахгүй бол дээрх зорилт, тоон үзүүлэлтүүдэд хүрч чадахгүй л болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)