Хүнсний хаягдал тос ашигладаг зуух зохион бүтээв

Бүх төрлийн хүнсний хаягдал тос ашиглан дулаан үйлдвэрлэх “Флинт” зуухыг өчигдөр танилцууллаа. БНСУ-ын КОЙКА байгууллага, KTL болон “Флинт” компанийнхан хамтран зохион бүтээсэн эл зуух цагт 420-600 грамм хаягдал тос зарцуулдаг байна. Үүнийг галлахад чүдэнз, цаас, мод зэрэг шаардлагагүй. Хаягдал тосоо цахилгаанаар халаасны дараа асаах товчлуур дарахад л зуух халж эхлэх аж. Сард дээд тал нь 5000 орчим төгрөгийн цахилгаан зарцуулж байгааг туршилтаар нотолжээ. Зуух нь түлш буюу хаягдал тос хадгалах 13 литрийн багтаамжтай тусгай савтай. Энэ хэмжээний тос цуглуулчихвал 20 хоног ашиглах боломжтой юм байна. Туршилтын явцад эл зуухыг дөрвөн удаа шинэчилж, сайжруулсан гэнэ. “Флинт”-ийг эхний ээлжид Сүхбаатар дүүргийн 80 өрхөд үнэгүй суурилуулах болжээ.

“Хүмүүсийн идээд хаясан хүнсний бүтээгдэхүүний тос, амьтны болон ургамлын гаралтай хаягдлыг ашиглан халаалтын шийдэл олох чиглэлээр жил гаруй судалж, туршсаны үр дүнд Монгол орны байгаль, цаг уур, заншилд нийцүүлэн “Флинт” зуухыг бүтээсэн. Хаягдал тос хөрсөнд шингэж, маш их хэмжээний бохирдол үүсгэдэг. Ийм бохирдуулагчийг хаялгүй ашиглавал нэг талаас байгалиа хамгаална, нөгөө талаас иргэдийн амьдрах орчныг ч сайжруулах боломж бүрдлээ. Эл зуух хаягдал тосыг бүрэн шатаадаг учир иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй” гэж “Флинт” компанийн гүйцэтгэх захирал Юн Хёг Жин онцоллоо.

Бэлтгэсэн: М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)