Хүнсний ногоо, жимс, жимсгэнийн үнэ хямд байгаад иргэд баяртай, ногоочид бухимдалтай байна

Энэ оны эхний найман сард инфляц 2.1 хувиар өссөн бол өнгөрсөн 7-8 дугаар сард нэг хувиар буурсан талаарх судалгааг Үндэсний статистикийн хороо танилцуулсан билээ. Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ сарын хугацаанд ийнхүү нэг хувиар хямдарсан нь сүүлийн таван жилийн 7-8 дугаар сарын хамгийн бага үзүүлэлт болжээ. Үнэ хямдрахад төмс, хүнсний ногооны өртөг 19, махных 6.7, ундаа, ус, бусад хүнснийх 4.4 хувиар багассан нь түлхүү нөлөөлсөн аж. Түүнчлэн нийслэлийн Статистикийн газраас энэ сарын эхний гурван долоо хоногийн байдлаар хонины ястай мах нэг кг нь дунджаар 9185, үхрийнх 11 265 төгрөгийн үнэтэй байсныг мэдээлэв. Мөн үхрийн цул махыг дунджаар 12 500, хониныхыг 10 000 төгрөгөөр борлуулсан гэлээ. Энэ нь үхрийн махны үнэ өмнөх долоо хоногийнхоосоо нэг кг нь 100-160, хонины цул махных 230 төгрөгөөр өсөн, хонины ястай махных 120-130 төгргөөр хямдарсан дүн аж. Үүнээс гадна энэ сарын гурав дахь долоо хоногт хүнсний ногооны үнэ өмнөх долоо хоногийнхоосоо кг тутамдаа 2.5-5 хувиар багассаныг дурджээ. Тэгвэл нийслэлийн зарим зах, худалдааны төвд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш ямар байгааг сонирхлоо.

Баянгол дүүргийн “Таван-Эрдэнэ” хүнсний зах болон “Барс” худалдааны төвд өнгөрсөн бямба гарагт үхрийн мах кг нь 11 500-13 800, хониных 8800-11 000 төгрөгийн үнэтэй байв. Харин “Хүчит шонхор” захад баасан гарагт ямаа, хонины мах кг нь 7000-8500, үхрийнхийг 9500-11 000 төгрөгөөр борлуулжээ. “Хүчит шонхор” захын махны худалдагч Г.Арвин “Энэ намар мал тарган, мах элбэг байна. Малчид үхрийн махыг бөөнд нь 6000-7500, хониныхыг 5000-6500 төгрөгөөр тооцон малаа борлуулж буй гэсэн. Бид 2-3 дамжуулан авч, кг тутамд нь 500-800 төгрөг нэмээд зардаг. Бүх төрлийн махны үнэ кг тутамдаа долдугаар сарынхаас 1000-1500 төгрөгөөр хямдарсан” гэв.

Үүнээс гадна дээрх зах, худалдааны төвд монгол төмс нэг кг нь 800-1000, лууван 1400-1600, байцай 1000-1200, сонгино 2500 төгрөгийн ханштай байлаа. Харин “Мишээл экспо”-д Сэлэнгэ, Төв, Ховд, Дархан-Уул зэрэг аймгийн ногоочдын ургацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулав. Есдүгээр сарын 14-нөөс долоо хоног үргэлжлэх хүнсний болон нарийн ногоо, жимс, жимсгэнийн худалдаагаар төмс нэг кг нь 700, лууван болон шар манжин 800, хүрэн манжин нь 1000, байцай 800 төгрөгөөр борлуулж байлаа. Харин сонгино нэг кг нь 2000, улаан саримс 20-25 ширхэг буюу нэг ороомог нь 20 000-30 000 төгрөгийн ханштай байсан юм. 

Түүнчлэн чацаргана нэг кг нь 7000, аньс 18 000, мойл 10 000, нэрс болон зөгийн балыг нэг кг-ыг нь 20 000, өргөст хэмх 1000-3000, улаан лоолийг 5000-7000, чинжүүг 5000-6000 төгрөгөөр үнэлжээ. 10 гаруй аймаг, сумын ногоочин, хоршоо эрхлэгчид оролцсон дээрх үзэсгэлэн, худалдаагаар үйлчлүүлэгчид хүнсний, нарийн ногооны үнэ хямд, сонголт арвин байгаад олзуурхаж байсан бол ногоочид бүтээгдэхүүнээ хямд үнээр зарж буйгаа илэрхийллээ. Сэлэнгэ аймгийн ногоочин Г.Сумъяа “Манайх хоёр га газарт 10 гаруй төрлийн хүнсний ногоо тарьдаг. Улаанбаатарт дөрөв дэх жилдээ үзэсгэлэн худалдаанд оролцлоо. Газар тариалан эрхэлж буй хүмүүс олон, зах зээл бага учраас бүтээгдэхүүний үнийг өндөр биш тогтоохоос өөр аргагүй. Үр, бордоо, шатахууны зардлаасаа давсан ашиг олж чаддаг ч зарцуулсан хөдөлмөрөө тооцвол ногоо, жимс, жимсгэнийн үнэ арай хямд байна. Гэхдээ үзэсгэлэн худалдааны үед бүх төрлийн бүтээгдэхүүний ханш дэлгүүр, худалдааны төвийнхөөс 30 хүртэлх хувиар хямд байдаг” гэлээ. 

Тэгвэл Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны зөгийчин Л.Эрдэнэчимэг “Манайх 20 бүл зөгийтэй. Зөгийн аж ахуй эрхлээд найман жил болж байна. Ногоо тарьснаас зөгий маллах нь ажил багатай, орлого ахиу. Энэ жил 20 бүлээс 600 кг бал хураасан нь өнгөрсөн оныхоос 40 хувиар багассан хэмжээ боллоо. Учир нь бороо хур ихтэй, бүрхэг өдрүүд олон байснаас зөгий цэцгийн тоос сайн хүртэж чадсангүй. Тиймээс нэг кг балын үнийг түрүү намрынхаас бөөнд нь болон жижиглэнгээр 2000-5000 төгрөгөөр өсгөсөн” гэв. Харин Дархан-Уул аймгийн Орхон сумын “Орхон шимт” хоршооны ногоочин бүсгүй “Би хүнсний болон нарийн ногоо тариад 10 гаруй жилийг үджээ. Дээрх хоршооны гишүүнээр элсэн “Мон төсөл”-д хамрагдаад гурван жил болсон. 

Бид 35 өрх нэг хоршоо болж ногоо даршлах дундын жижиг үйлдвэртэй болсон. Төсөлд хамрагдахаас өмнө өргөст хэмхээ үйлдвэрүүдэд нэг кг-ыг нь 600-1000 төгрөгөөр өгдөг байсан бол одоо өөрсдөө дарж нэг шилийг нь 4000-аар борлуулж байна. Өдгөө таван төрлийн дарш бэлтгэн, бусад ногоогоо ч худалдчихна. Ногоочид хоршин, төсөлд хамрагдсанаар өрхийн орлого өсөн, хөдөлмөрөө хөнгөвчилж чадсан” хэмээн ярив. “Мишээл экспо” төв дэх тус үзэсгэлэн худалдаа өнөөдөр дуусах бөгөөд ногоочдыг өөр газарт худалдаа хийх боломжоор хангахаа ХХААХҮЯ-ныхан илэрхийлсэн юм.

Өнгөрсөн баасан гарагт зарим төрлийн гурилан бүтээгдэхүүний үнэ нэг кг нь 300-500 төгрөгөөр өсжээ. Тодруулбал, “Өгөөж” компанийн шоколадтай боорцог 900 грамм нь 3100 төгрөг байсан бол 3300 болж нэмэгдсэн аж. Мөн “Жин туул” компанийн “Савхан” болон хавчуургатай боорцогны үнэ 500 төгрөгөөр нэмэгджээ. Баянгол дүүргийн “Таван-Эрдэнэ” хүнсний захын гурилан бүтээгдэхүүний лангууны борлуулагч А.Алтанчимэг “Хоёр өдрийн өмнөөс “Жин туул”-ын бүх бүтээгдэхүүний үйлдвэрийн үнэ 500 төгрөгөөр нэмэгдсэн. Харин “Өгөөж”-ийн 2-3 боорцогных 300 орчим төгрөгөөр өссөн. Шалтгааныг нь мэдэхгүй” гэлээ. Ийнхүү өнгөрсөн долоо хоногийн байдлаар хүнсний болон нарийн ногоо, махны ханш буурсан бол зарим гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)