Хүнсний ногооны үнэ тав дахин өссөөр байх уу

“Алтжин бөмбөгөр” захад үйлчлүүлж явсан иргэн Г “Махны үнэ бага зэрэг тогтворжоод ирмэгц хүнсний ногооны ханш өсжээ. Яг долоо хоногийн өмнө бямба, ням гарагт хүнсээ цуглуулж явахад төмс нэг кг нь 1300, шар манжин 5000-5500, байцай 1800-2000 төгрөг гэж байсан. Өдгөө бүх ногооны үнэ нэмэгдчихэж. Монгол саримс зарим захад кг нь 15 000-16 000 гэж байсан ч долоо хоногийн дотор 18 000-20 000 төгрөг болжээ. Ер нь намарт нэг кг-ыг нь 400-500 төгрөгөөр худалдан авдаг төмс, 1000-аас илүү гардаггүй хүнсний ногооны үнийг хавар, зуны улиралд 5-6 дахин өсгөдөг нь ямар учиртай вэ. Хүнсний тогтвортой хангамжийн бодлого, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг хянадаг байгууллага гэж байна уу” хэмээн бухимдангуй өгүүлэв. Өчигдрийн байдлаар “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд байцай нэг кг нь 2500, монгол лууван 2500, шар манжин 7000, хүрэн нь 5000 төгрөгийн үнэтэй байв. Чинжүүг нэг кг-ыг нь 5000-5500, төмсийг 2000 төгрөгөөр үнэлжээ. Улаан саримс кг нь 18 000, өргөст хэмх монгол нь 8000-9000, улаан лооль 8000 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь сүүлийн 7-10 хоногт хүнсний ногооны үнэ кг тутамдаа 500-1000 төгрөгөөр нэмэгдсэн дүн болжээ. Ногооны үнэ ийнхүү өссөний шалтгаан нь намар хурааж, нөөцөлсөн нь дуусан, хангамж буурсантай холбоотой аж. Мөн урин дулааны улирал ирж, иргэд аялж, зугаалах нь нэмэгдэн, мах ихтэй, “хүнд” хоолноос аль болох татгалзан ногоо, жимс, жимсгэнийн эрэлт ихсэж буйг борлуулагчид нь хэлж байв.

...Нийслэлийн Статистикийн газраас энэ сарын дөрөвдүгээр долоо хоногийн байдлаар дийлэнх зах, худалдааны төвд борлуулж буй хүнсний ногооны үнэ ханшийн судалгааг гаргасныг сонирхлоо. Үүнд монгол төмсний үнэ өмнөх долоо хоногийнхоосоо 0.8 хувиар өссөн бөгөөд 1099 төгрөг байсныг дурджээ. Харин хүрэн манжингийн үнэ таван хувиар нэмэгдэн 3356 төгрөгт хүрсэн, бусад ногооны үнэд өөрчлөлт ороогүй гэжээ...

Нийслэлийн Статистикийн газраас энэ сарын дөрөвдүгээр долоо хоногийн байдлаар дийлэнх зах, худалдааны төвд борлуулж буй хүнсний ногооны үнэ ханшийн судалгааг гаргасныг сонирхлоо. Үүнд монгол төмсний үнэ өмнөх долоо хоногийнхоосоо 0.8 хувиар өссөн бөгөөд 1099 төгрөг байсныг дурджээ. Харин хүрэн манжингийн үнэ таван хувиар нэмэгдэн 3356 төгрөгт хүрсэн, бусад ногооны үнэд өөрчлөлт ороогүй гэжээ. Гэтэл бодит байдалд төмс, шар болон хүрэн манжин, байцай зэрэг өргөн хэрэглээний ногооны үнэ өчигдрийн байдлаар өмнөх долоо хоногийнхоосоо 50-70 хувиар нэмэгдсэнийг “Алтжин бөмбөгөр”-ийн үнэ ханшаас харж болох нь. Үүнээс гадна хүнсний ногоо, жимс, жимсгэнийн бөөний худалдааны зах “Барс”-д өчигдөр хүнсний ногоо, төмсийг ямар үнээр худалдаж буйг сонирхов. Тус захад нэг кг төмсийг 2000, шар манжинг 6000-6500, хүрнийг нь 4500-5000, 6-7 ширхэг, шинэ ургацын лууванг 1500 төгрөгөөр борлуулж байлаа. Харин байцайг бөөнд нь буюу 25 кг-аас дээш савлагаатайгаар авбал нэг кг-ыг нь 1700, жижиглэнгээр 2500, лууванг 2000-2500, хятад сонгино 1500, оросыг нь 3000, ногоон сонгиныг боодлоор нь 1500 төгрөгөөр үнэлжээ. Энэ нь нэг долоо хоногийн хугацаанд төмс кг тутамдаа 500-700, шар манжин 1000-1500, хүрэн нь 500-1000, байцай 500 орчим төгрөгөөр өссөн дүн болсон аж. “Барс” захад хүнсний болон нарийн ногоо борлуулагч Халиунаа “Өдийд ногооны үнэ хамгийн өндөр байдаг үе. Зооринд байгаа бүтээгдэхүүний хэмжээ багасаж, эрэлт ихэсдэг цаг шүү дээ. Бөөний үнэ нь нэмэгдсэн тул жижиглэнгийн ханшийг өсгөхөөс өөр аргагүй. Иргэд Монголд тарьж ургуулсан ногоо худалдан авах сонирхолтой болсон тул бид импортын ногоо борлуулахаа багасгасан. Энэ нь нийлүүлэлтийн хэмжээг бууруулсан байх магадлалтай” гэв.

“Баянгол” дүүргийн XIX хороонд байрлалтай “Таван-Эрдэнэ” хүнсний захад ч хүнсний ногооны үнэ нэмэгджээ. Тодруулбал, өчигдөр тус захад төмс нэг кг-ыг нь 2300 төгрөг гэж үнэлээд 2000-д өгнө гэлээ. Шинэ ургацын байцай кг нь 3000, хуучин лууван 2500, шар манжин 6500-7000, орос сонгино 3500-4000, хятад нь 1500-2000 төгрөгийн ханштай байв. Мөн л сүүлийн 7-10 хоногт ногооны үнэ дунджаар кг тутамдаа 40-60 хувиар өссөн дүн аж.

Манай улс хүн амынхаа төмсний хэрэглээг 100, хүнсний ногооны хангамжийн 40-50 хувийг дотоодоосоо нийлүүлдэг. Харин нарийн болон зарим ногооны нэг жилийн хэрэглээний 50-80 хувьтай тэнцэх хэмжээнийхийг ОХУ, БНХАУ, БНСУ, Казахстан зэрэг 10 гаруй улсаас худалдан авдаг. Өнгөрсөн жил манайх 161 000 тонн төмс, 93 000 гаруй тонн хүнсний ногоо хураан авсан нь 2018 оныхоос төмс, хүнсний ногооны нийлүүлэлт 10-15 хувиар өссөн дүн болжээ. Улмаар хүнсний ногооны импортын татварыг өсгөн, гадаад нийлүүлэлтийг нь хязгаарлах бодлого баримтална гэдгээ салбарын яам мэдээлсэн. Ингэснээр иргэдийн эрүүл, баталгаат, аюулгүй хүнс хэрэглэх боломжийг нэмэгдүүлэн, дотоодын тариаланчдаа дэмжинэ гэж тодорхойлсон. Тэгвэл эл бодлого иргэдийн амьжиргааг дэмжих бус, хүнсний болон нарийн ногооны үнийг хөөргөх шалтгаан болох магадлалтайг хэлэх хүн цөөнгүй байна. Энэ талаар болон сүүлийн 7-10 хоногт төмс, хүнсний ногооны үнэ яагаад ийнхүү өссөн тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа. Тэрбээр

“Цөөнгүй иргэн хүнсний ногоо, төмсний импортыг бүрэн зогсоосон, эсвэл татварыг нь өсгөсөн гэсэн бодолтой байна. Тийм шийдвэр хараахан гаргаагүй. Хорио тавьсаны улмаас зарим нэр, төрлийн импортын барааны хэмжээ багассан байх талтай. Хүнсний ногооны нийлүүлэлтийн хэмжээнд хэрхэн нөлөөлснийг мэдэхгүй. Үүнээс гадна манай улс эрс тэс уур амьсгалтай учраас жилд нэг л удаа ургац хураадаг. Шинэ ургац гарахаас 1-2 сарын өмнө ногооны үнэ өсдөг жишиг бий нь нөөцөлснийх нь хэмжээ багассан ч эрэлт буурдаггүйтэй холбоотой. Ер нь нийлүүлэлт буурвал эрэлт болон үнэ өсөх магадлалтай. Зах зээлийн ийм зарчмаар тогтож буй үнийн хэлбэлзлийг хэн, хэрхэн удирдаж чадах билээ. Гэхдээ энэ жил бид төмс, хүнсний болон нарийн ногоо тариалсан талбайн хэмжээг өнгөрсөн оныхоос 20 хүртэлх хувиар өсгөсөн. Зоорийн хүчин чадал ч хангалттай тул ирэх жил үнийн хэт өсөлт ажиглагдахгүй байх” гэлээ. Ташрамд дурдахад, Гаалийн ерөнхий газрын статистик мэдээнд дурдсанаар энэ оны эхний таван сард сонгино, саримсны импорт өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 5000 орчим тонноор өссөн гэжээ. Харин лууван, төмс, байцайны гадаад худалдан авалт дээрх хугацаанд 600-2000 тонноор буурсан байна.

Хүнсний ногооныхоос гадна будаа, гурил, элсэн чихрийн үнэ өссөн, эсэхийг тодрууллаа. Өчигдрийн байдлаар дийлэнх зах, дэлгүүр, худалдааны төвд элсэн чихэр кг нь 2200-3000, цагаан будаа 2500-3500, бор нь 3000-4000, шар будаа 3000, ургамлын тос нэг литр нь 2800-5500 төгрөгийн үнэтэй байв. Харин 25 кг-аар савласан “Алтан тариа”-г 26 000, “Өсөг” гурилыг 25 000 төгрөгөөр борлуулж байлаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гурилын үнэ 25 кг тутамдаа 2000-3000, цагаан болон бор будаа, элсэн чихэр кг нь 500-1000 төгрөгөөр өссөн дүн гэдгийг Статистикийн газрын мэдээллээс харьцуулан харж болох юм. Ер нь ургамлын тос, элсэн чихэр, бүх төрлийн будааны үнэ тогтвортой байгаа талаар “Таван-Эрдэнэ” хүнсний захын борлуулагч Гэрэлцэцэг хэлсэн. Тэрбээр “Жил ирэх бүр бүх төрлийн бүтээгдэхүүний өртөг ямар нэг хэмжээгээр нэмэгддэг. Гэхдээ энэ хавар, зун гурил, элсэн чихэр, ургамлын тос, гоймон зэргийн үнэ төдийлөн өсөөгүй. Энэ нь шатахууны үнийг бууруулсантай холбоотой болов уу. Зарим иргэн бензиний ханш хямдарчихаад байхад нэг ч бүтээгдэхүүний үнэ буурсангүй гэж гомдоллож байна. Жижиглэн борлуулагчид бид үнэ тогтоодоггүйг хүмүүс ойлгоосой. Лангууны түрээс, бусад зардлаа шингээн нэг кг, литр тутамд нь 100-200 төгрөг л нэмдэг” гэв. Нийслэлийн Статистикийн газрын тайлан, зарим зах, хүнсний төвд борлуулж буй ханшийн мэдээллийг харахад төмс, хүнсний ногооны үнэ өсөн, будаа, гурилынх тогтвортой байж, махных бага зэрэг хямдарчээ. Хүнсний ногооны үнийн өсөлтийг эрэлт, нийлүүлэлтийн улмаас үүссэн зах зээлийн зарчим хэмээн салбарын яамныхан болон худалдаачид нь тайлбарлалаа.