Хүнсний ногооны тариалалтыг 42 сая ам.долларын санхүүжилтээр дэмжинэ

Засгийн газар Азийн хөгжлийн банк хүнсний ногооны тариалалтыг дэмжих, усалгаатай газар тариалан хөгжүүлэх, ногоочдын чадавх, орлогыг нэмэгдүүлэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах зорилготой 42 сая ам.долларын зээл болон буцалтгүй тусламжийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран нар өчигдөр гарын үсэг зурав. “Хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих төсөл”-ийн хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит 12 услалтын системийг шинээр барьж, сэргээн засварлах аж. Ингэснээр усалгаатай тариалангийн талбайн хэмжээ найман мянган га-аар нэмэгдэх юм.

Үүнээс гадна хөдөө аж ахуйн шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх төвөөр дамжуулан орон нутгийн дөрвөн судалгааны хүрээлэнг орчин үеийн тоног төхөөрөмж, байгууламжаар хангах, нүүрстөрөгч бага, ургалтын хугацаа урт, хүнсний ногоо болон сайн чанарын үр тариалах хүлэмж барих гэнэ. Мөн дөрвөн улирлын хүлэмж барих, ус, эрчим хүчний хэмнэлттэй усалгааны дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн системийн тогтвортой байдлыг сайжруулах дэд бүтцийн болон техникийн чадавхыг бэхжүүлэх ажил гүйцэтгэх нь.

Төслийг Төв, Сэлэнгэ, Говь-Алтай, Ховд, Баян- Өлгий, Завхан, Хэнтий аймагт АХБ-ны 40 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээс гадна Ядуурлыг бууруулах Японы сангаас олгох хоёр сая “ногоон”-ы буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)