Хүннү гүрний үед хүн амын тооллого явуулж байжээ

Дэлхийн статистикийн өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Статистикийн комиссын 2010 оны 41 дүгээр чуулганаар дэлхийн улс, орнуудын статистикийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор энэ өдрийг тэмдэглэх болжээ. Манай улс уг арга хэмжээнд “Найдвартай тоон мэдээллээр эх дэлхийгээ холбоё, нэгтгэе” уриатайгаар гурав дахь жилдээ нэгдэж байгаа аж. Өнөө жил статистик хэрэглэгчийн мэдлэг, хэрэглээг дээшлүүлэх, хүүхэд, залуучуудад энэ талын боловсрол олгоход түлхүү анхаарч буйгаа албаныхан хэлсэн. Сонирхуулахад, манай улсын статистикийн байгууллага 1911 онд Богдын өргөөнд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш эдүгээ таван удаа байршлаа сольсон гэнэ. Эртний түүхийг нь авч үзвэл МТӨ 174-163 онд Хүннү гүрэн, Лаошань Шаньюгийн үед улсын албан татварыг цэгцтэй болгож, хүн амын тооллого явуулж байжээ. Үндэсний статистикийн хорооноос орчин цагт статистикийг хэрхэн хөтөлж, хөгжүүлж ирснийг тоймлон хүргэе.

1990-Аж ахуйн нэгж, байгууллагыг улсын бүртгэлд бүртгэж, регистрийн дугаар олгов.

1998-Улс, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын улсын тооллого зохион байгуулж, салбарын ангилал нэвтрүүлжээ.

2000-Сангийн яамнаас улсын төсвийн мэдээллийг албан ёсоор авч,түгээж эхлэв.

2005-Мал аж ахуйн салбарт түүвэр судалгааны арга нэвтрүүлж, туршилтыг дөрвөн аймагт явуулсан байна.

2003-Дотоод худалдаа, зочид буудал, зоогийн газар, авто тээврийн салбарын судалгааг гаргасан.

2008-2009-Бизнес регистрийн санд эдийн засгийн секторын ангилал бий болгожээ.

2012-Хөдөө аж ахуйн салбарын улсын анхдугаар тооллого явуулж, мал тооллогын цахим систем нэвтрүүлэн, мэдээллийн сан үүсгэлээ.

2012-Бичил уурхай эрхлэгчдийн судалгааг гаргаж, үр дүнг нь олон нийтэд зарлав.

2015-Сумуудаас хэрэглээний үнийн мэдээлэл цуглуулан, аймгийн үнийн индексийг тооцдог болжээ.

2018-Нийслэлийн хэрэглээний үнийн мэдээллийг цуглуулахдаа ухаалаг технологи ашиглаж эхлэв.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)