Хүний эрх түгээгч багш

Нэг тийм ажил хэрэгч, аливаа зүйлийг эхэлсэн бол дуусгадаг, чигч шулуун үгтэй хүмүүс байдаг даа. Эргэн тойрнынхон нь тийм хүмүүсээс эмээж, тэр бүр халдаж чаддаггүй талтай. Гэхдээ тэднийг зорьж очоод, зориглоод асуувал мэддэг, чаддаг бүхнээ харамгүй заах нь бий. Ийм нэг хүнтэй уулзаж, дотоод сэтгэлийг нь нээхийг оролдсон билээ. Тодруулбал, Монголын “Эмнести интернэшнл” байгууллагын Удирдах зөвлөлийн дарга С.Ганчимэгтэй ярилцлаа. Түүний амьдралын замнал их энгийн. Харин зорьж төлөвлөсөн үйл хэрэг нь нийгэмд, нийтэд, том зургаар нь харвал Монголын ирээдүйд ихээхэн хэрэгтэй ажил шиг санагдсан. Энэ бол иргэдэд эрхийнх нь тухай зааж, ойлгуулах зорилт. Ингэхдээ дунд сургуулийн босго алхсан цагаас нь сурагчдад хүний эрхийн боловсрол олгохыг чухалчилж буй.

С.Ганчимэг хуульч биш. Тэрбээр Улсын багшийн дээд сургуулийн Физик, матемакийн ангийг дүүргэжээ. Улмаар 1979 оноос ерөнхий боловсролын 12 дугаар дунд сургуульд багшилж, ажлын гараагаа эхлүүлж байж. Энэ хугацаандаа олон хүүхэд сурган, улсын болон дэлхийн хэмжээний физикийн олимпиадад амжилт гаргахад нь тусалсан туршлагатай багш. Энэ туршлагад нь үндэслэн 1993 онд Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн удирдлага түүнийг урьсан аж. Энэ үед багш нарын ажил хаялт эхэлсэн гэдэг. Улмаар 1995 онд уг тэмцэл хурц хэлбэрт орж мянга мянган багш ажил хаяж, Сүхбаатарын талбайд жагсжээ. С.Ганчимэг Ажил хаялтыг зохион байгуулах түр хорооны Засгийн газартай хэлэлцээр хийх багийн гишүүнээр сонгогдон ажилласан байна. Үр дүнд нь Засгийн газар, Сангийн яамнаас багш нарын цалинг нэмж, Гэгээрлийн яамныхан тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд түлхэц болох илүү цагийн мөнгө, дэвтэр засалтын урамшуулал өгөх, зэрэг дэвийн нэмэгдэл олгох гээд цөөнгүй журам баталсныг уншигчид санаж буй биз ээ. Ийнхүү эрхээ хамгаалж, тэмцэхэд дээд сургуулийн багш нар нь нөлөөлсөн гэх. Тодруулбал, Өвөр Монголоос дүрвэн ирж, Монголд сууршсан, Л.Дамба болон иргэн Д.Ламжав нарын хүний язгуур эрх чөлөөний тухай лекцүүд түүний сэтгэлийг соронз мэт татдаг байж. Тиймээс тэр багш нарын хөдөлмөрийг зүй ёсоор үнэлэхийг шаардаж, нэр төр, эрхээ хамгаалахад манлайлан оролцсон юм.

1996 онд Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн захирал солигдсоноор С.Ганчимэгийг ажлаас нь халсан байна. Шалтгаан нь багш нарыг удирдан жагсаал зохион байгуулсантай нь холбоотой аж. Гэвч Ганаа багш бууж өгсөнгүй. Цөөнгүй шавиа олон улсын олимпидад сойж амжилт гаргасан, сурагчид нь их, дээд сургуулийн хамгийн өндөр оноог хамдаг, басхүү багш нарын жагсаалд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдгээрээ С.Ганчимэг сургуульдаа нэр хүнд сайтай төдийгүй, боловсролын бусад байгууллагынхны дунд мэдлэг чадвараараа алдартай нэгэн. Энэ ч утгаараа Монголын социал демократ намын III хурлаас түүнийг Хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгосон юм. Үүнээс гадна ажлын өөр саналууд ч ирсэн байна. Харин шударга нь дэндсэн багш маань албан тушаал ахих бүх саналаас татгалзсан гэх. Улмаар шүүхэд нэхэмжлэл гарсан гэдэг. Эцсийн дүндээ шүүхийн шийдвэр түүний талд гарчээ. Энэ үед тэрбээр “Нэгэнт ялсан юм чинь нэг, хоёр сар ажиллаад өөр газар луу шилжчихье” гэж боджээ. Гэхдээ шавь нараа орхиж, дуртай ажлаасаа холдож зүрхлээгүй гэдэг. Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульдаа эргэн ирж, багшаас Сургалтын албаны дарга, захирал хүртэл дэвшин ажиллажээ.

Тэтгэвэрт гарах нас нь болсон түүний мэдлэг чадвар боловсролын салбарт үнэ цэнтэй хэвээр. Тиймээс тэр нийслэлийн Боловсролын газарт хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2019 оны арванхоёрдугаар сард 63 настайдаа тэтгэвэрт гарсан билээ. Тэрбээр “Ажлаасаа үндэслэлгүй халагдаж, хувийн амьдралд нь бэрхшээл тулгарсан ч багшийн мэргэжилдээ үнэнч байсан минь намайг өнөөгийн амжилтад хүргэсэн болов уу” хэмээн даруухнаар өгүүлсэн юм.

Олон жил багшлахад түүний шавь нараас УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч, СЭЗИС-ийн захирал төрөн гарсан, компанийн эзэн болсон нь ч олон. Ганаа багш инженер, технологи, эрүүл мэнд, эдийн засгийн салбарт ажиллан, амжилт гарган, улс орны хөгжлийн түүчээ болсон шавь нараараа бахархах дуртай.

Тэрбээр ажил мэргэжлээ орхилгүй, дуртай зүйлээ хийдүүлэлгүй өнөөдрийг хүрсэн чамбай нэгэн. Ерөөс бүх зүйлд хариуцлагатай, тууштай хандаж ирсэн. Энэхүү тууштай, хариуцлагатай зангаа аав, ээжийнхээ аль алинаас нь өвлөж авсан гэх. Тухайлбал, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин, тээврийн жолооч аав нь тооны ухаанд сайн, тууштай нэгэн. Аав нь нийслэлд мэндэлсэн охиноо дагуулан Монгол орноороо хамт аялах дуртай байж. Нэг ёсондоо охиноо хөдөөгийн амьдрал, малчдын хөдөлмөр, монгол ахуй, уламжлалт ёс заншилтай ойр өсгөжээ. Ээж нь төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын дэргэд олон жил ажилласан. Тодруулбал, Нийгмийг аюулаас хамгаалах яамны III хэлтэст ажилладаг тул өглөөнөөс орой хүртэл завгүй байдаг, гэртээ ховор үзэгддэг. Тиймээс С.Ганчимэг багаасаа биеэ даасан гэсэн.

Өдгөө түүний ямар алба хашиж буйг дээр дурдсан. Боловсролын салбар хийгээд Монголын “Эмнести интернэшнл” байгууллага нь түүний зорьсоноо хэрэгжүүлэх гол цэг гэж тэрбээр онцолсон юм. Яагаад гэдгийг одоо тайлбарлая.

1995 онд жагсаал цуглаан хийж явахдаа Ганаа багш Монголын “Эмнести интернэшнл” байгууллагын гишүүнээр элссэн гэсэн. Мэргэжил нэгт Х.Балдан багш нь түүнийг дээрх байгууллагатай холбож өгчээ. Ингээд тус байгууллагаас зохион байгуулсан гадаадын сургагч багш нарын явуулсан хүний эрх, олон улсын эрх зүйн тухай сургалтад хамрагдсан юм. Физикийн багш мэргэжилтэй тэрбээр хүний эрхийн талаарх гүн гүнзгий ойлголтыг тэгэхэд анх авсан гэдэг. Хожим нь ажлаасаа халагдаж, эрх нь ноцтой зөрчигдөхөд тэрбээр нэг л зүйлийг бодсон аж. Энэ нь “Би дээд боловсролтой, салбартаа тодорхой амжилт гаргасан хүн. Басхүү багш нар дундаа нэр хүнд сайтай атлаа ийн хохирч байгаа юм чинь бусад иргэний эрх илүү ноцтойгоор зөрчигддөг нь дамжиггүй. Тиймээс аль болох олон хүнд хүний эрхийн боловсрол олгоё” гэсэн шийдвэр юм. Ийм итгэл үнэмшилтэйгээр анх Монголын “Эмнести интернэшнл” байгууллагын Багш нарын бүлгийн гишүүнээр элсэж, Удирдах зөвлөлийн гишүүн болж, дараа нь өнөөдрийн амжилтдаа хүрсэн. Суурь мэргэжил нь боловсролын салбар, тэр дундаа багш байсан нь хуулийг ойлгох, бусдад энгийнээр тайлбарлахад дөхөм байсан аж.

Эхний ээлжид сургалтад хамрагдаж, сонсож мэдсэнээ багш нарт зааж, тэднээр дамжуулан сурагчдад хүний эрхийн мэдлэг олгож эхэлсэн гэдэг. Улмаар зуны амралтаараа орон нутгуудаар явж хүний эрхийн боловсрол түгээсэн байна. Ингээд 1997 онд Төрийн удирдлагын академийн түргэвчилсэн сургалтад хамрагдаж, төгсөх ажлаа “Хүний эрхийг хангахад Засгийн газрын үүрэг оролцоо” сэдвээр хамгаалсан байна. Хожим нь тус академид суралцаж, нийгмийн ухааны магистрийн зэрэг хамгаалжээ. Улмаар хуулийн холбогдолтой ном, сэтгүүл уншаад суучихдаг шинэ хоббитой болсон гэдэг. Өөрөөр хэлбэл, хууль, эрх зүйн асуудлуудыг сонирхон судалдаг болсон. 1999 онд “Иргэдэд хүний эрхийн боловсрол олгох нь” төсөл бичиж, Соросын сангийн дэмжлэг авчээ. Эл төслөө ч амжилттай хэрэгжүүлэв. Үүндээ урамшиж, хоёр дахь төслөө бичиж, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид болон хоригдлууд дунд анх удаа хүний эрхийн талаарх сургалт зохион байгуулж, туршлагаа нэмжээ. Энэ төслийг нь Австралийн хөгжлийн агентлаг санхүүжүүлсэн байна. 

2004 онд гурав дахь төслөө бичиж, бас л хэрэгжүүлж чадсан. 2005 онд НҮБ-аас Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөр баталсан. Улмаар Бага дунд боловсролын тогтолцоонд хүний эрхийн боловсролыг нэгтгэх үүргийг Засгийн газруудад өгсөн аж. Энэ нь Ганаа багшид маш том урам, итгэл үзүүлсэн гэдэг. Улмаар боловсролоор дамжуулан хүний эрхийн мэдлэг, төлөвшил олгох том зорилтоо хэрэгжүүлэхээр цөөнгүй ажил зохион байгуулсан юм. Тэрбээр 2006 онд “Бага, дунд боловсролын багш нарт зориулсан хүний эрхийн боловсрол олгох” төсөл боловсруулж, амжилттай хэрэгжүүлжээ. Төслийн зорилго нь бүх багш мэдлэгтэй байхаас гадна хүүхдийн эрхийг хүндэлдэг, боловсролын үйл ажиллагаагаараа тэдний эрхийг зөрчдөггүй байх аж. Мөн боловсролоор дамжуулж хүүхдэд хүний эрхийн ойлголт өгөхийг чухалчилжээ. Жишээ нь, Ганаа багш математикийн хичээлээр дамжуулан хүүхдэд хүний эрхийн боловсрол олгох асуудлыг нэгтгэх нь номыг бие даан орчуулсан. Үүнээс гадна түүх, газар зүй, иргэний нийгмийн хичээлээр дамжуулан хүний эрхийн боловсрол олгох нь номуудыг Монголын “Эмнести интернэшнл” байгууллагын гишүүдтэй хамтран орчуулж сургуулиудад тараасан юм. Залуу багш нар эл төсөлд идэвхтэй хамрагдаж, хичээл дээрээ туршиж, амжилт гаргасан тохиолдол олон гэсэн.

2009 оноос олон улсын “Эмнести интернэшнл” байгууллагаас Хүний эрхэд ээлтэй сургууль олон улсын хөтөлбөр хэрэгжүүлж, Монголыг хамруулсан юм билээ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тэрбээр Монголын “Эмнести интернэшнл” байгууллагын сургагч багш нарыг удирдаж, амжилт гаргахад нөлөөлсөн. Мөн өөрийн багшилдаг сургуулиас гадна Дархан-Уул, Орхон аймгийн сургуулиудад уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Энэ төсөлд 12 сургуулийг хамруулжээ. Ганаа багш “Сайн сурдаг хэдхэн хүүхдээ урд эгнээнд суулгаад, хичээлээ илүү сайн тайлбарлаж, бусдад нь хуулах боломжийг олгож болохгүй. Бусад хүүхдийн түвшинд нь таарсан сэдэв боловсруулж, шат ахиулж заах ёстой” гэж үздэг. Энэ үүднээсээ Монголын хуульчдын холбоо, Хүний эрхийн үндэсний комиссынхонтой хамтран боловсролын үе үеийн сайд нартай уулзаж, НҮБ-аас баталсан хөтөлбөрийг дэмжиж ажиллах хүсэлт гаргаж байжээ. Ийнхүү өмнө нь боловсролын байгууллагад ажиллаж, хүүхдүүдэд хүний эрхийн боловсрол түгээж байсан одоо бол төрийн бус байгууллагад ажиллан сургуулиудад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөлөөллийн ажлыг эрчимтэй явуулж буй. Товчхондоо, Монгол Улсад хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх, боловсролын тогтолцоонд эл асуудлыг нэгтгэхэд идэвх зүтгэл гарган ажиллаж байна. Ажлынхаа зав чөлөөгөөр дотоод, гадаадад зохион байгуулсан хүний эрхийн маш олон сургалтад хамрагдсан. Тухайлбал, Женев, Норвег, Венецэд болсон хүний эрхийн сургалтуудад хамрагдаж, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлсэн нь түүнийг “хуульч бус хуульч” болгож, нийгэмд хэрэгтэй олон ажил хийхэд нь түлхэц болсон болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)