Хүний эрхийн хамгаалагчид ял авч болзошгүй

Турк улсад өнөөдөр хүний эрхийн 11 хамгаалагчийн шүүх хурал болно. Тэднийг “террорист байгууллагад сайн дураар тусалсан” гэх хэргээр гурван жил орчим мөрдөн шалгасан ч гэм буруутайг нь тогтоосон нотолгоо олдоогүй юм. Тодруулбал, 10 гаруй удаагийн шүүхийн сонсголоор батлагдаагүй юм. Гэвч шүүх тэднийг буруутай гэж үзэх, улмаар 15 жил хүртэл хорих ял оноож болзошгүй байна.  

Эдгээр 11 хүний эрх хамгаалагч нь хүний эрхийг хамгаалахад амьдралаа зориулж, ердөө хүний эрхийг хамгаалсныхаа төлөө хууль бусаар, шударга бусаар яллагдаад байна. Тэдний нэг болох Туркийн Эмнести Интернэшнлийн өмнөх Удирдах Зөвлөлийн дарга, одоогийн хүндэт дарга болох Танер Килик 14 сар хоригдсоны эцэст 2018 оны наймдугаар сард батлан даалтаар суллагдсан. Бусад найман хүн 2017 оны аравдугаар сард суллагдах хүртлээ дөрвөн сар орчим хоригдсон юм. Эдгээр 11 хүний эрхийн хамгаалагчаас гадна 1000 гаруй хүн эсэргүүцэгчдийн эсрэг авсан эрс арга хэмжээний үеэр баривчлагдан, хоригдсон хэвээр байна.

2019 оны арваннэгдүгээр сард болсон 10 дахь удаагийн сонсголоор прокурор эдгээр хүний эрх хамгаалагчдын тавынх нь хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргаж, зургааг нь буруутгасан. “Хамтран зүтгэгчдэд маань юу ч тохиолдсон бид Турк улсад бүх хүнд шударга ёсыг авчрахын төлөө тэмцэх болно” хэмээн Эмнести Интернэшнлийн Европ хариуцсан шинэ захирал Нилс Мюзиниекс өгүүлсэн юм.

Турк улсад 2016 оны долдугаар сард болсон төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын дараа зарласан онц байдал нь хүний эрхийг хууль бусаар хязгаарлахад хүрсэн. Энэ онц байдал нь хүний эрхийн нөхцөл байдлыг дордуулж, сэтгүүлчид, хүний эрх хамгаалагчид, улс төрийн идэвхтнүүдийг нухчин дарж, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааг таслан зогсоохын тулд “терроризм”-тэй холбоотой гэмт хэргээр шүүх болсон. 2016 оны долдугаар сард төрийн эргэлт хийх гэсэн оролдлогоос хойш 150 000 хүн эрүүгийн хэргээр мөрдөн шалгагджээ.

Туркийн Эмнести Интернэшнлийн дарга Танер Киликийг 2017 оны зургадугаар сарын 6-ны өдөр ажлынх нь байрнаас баривчилсан ба гурав хоногийн дараа түүнийг “Фетуллах Гүлен Террорист байгууллага”-ын гишүүн хэмээн хорьжээ. Хүний эрх хамгаалагчдыг хорьж байгаа нь засгийн газраас шүүмжлэгчдийг дуугүй болгох гэсэн оролдлого байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)