Хүний эрхийн давлагаа хөрсөн дээрээ буусан уу

Олон улсад эмэгтэйчүүдийн, хүүхдийн, өнгөт арьстны, ижил хүйстнүүдийн, тусгай хэрэгцээт зэрэг хүний эрхийн төлөөх давлагаа өнгөрсөн зууны төгсгөлд үе шаттайгаар өрнөж, тодорхой үр дүнд хүрсэн байдаг. Үүнийг танигдаагүй, нийгмийн эмзэг бүлгийнхний асуудлыг хөндөж, эрхийг нь хуульчилж өгсөн далайцтай давлагаа гэж судлаачид тодорхойлсон. Харин өдгөө дэлхий нийтэд, ялангуяа ардчилсан улс орнуудад хүний эрхийн төлөөх бичил шилжилтүүд явагдаж буй. Манай улсад хүний эрхийн том болон бичил давлагааны аль аль нь үр дүнгээ сайтар өгөхгүй байна. Өнөөг хүртэл жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль баталсан, үгүйг мэддэггүй сумын Засаг даргатай иргэний нийгмийн байгууллагынхан судалгааны явцад таарсан аж. Уг нь хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, шүүх, прокурор, Үндсэн хуулийн цэц, төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага, Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос бүрддэг. Бид олон улсын хүний эрхийн 53 гэрээ, конвенцод нэгдэн орсон, ардчилсан засаглалтай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг Монгол Улсын иргэн. Гэвч гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг, хүн хулгайлах, эрүүдэн шүүх зэрэг хүний эрхийн онц ноцтой зөрчил оршсоор, дорвитой шийдвэрлэж чадахгүй байгаа хэвээр. Ядахдаа өдөр бүр нүдэнд илт харагддаг зөрчлүүдээ шийдвэрлэж ч чадахгүй гэж үү.

Канад Улсад амьдардаг У хэмээх монгол бүсгүй “Таньдаг хүн маань Монголд ажил хайгаад хагас жил боллоо. Шаардлагатай материал бүрдүүлэхэд багагүй мөнгө, цаг хугацаа шаардсаныг хэлсэн. Би Монголд хэд хэдэн газарт ажлын анкет бөглөсөн. Байр түрээсэлдэг үү, машинтай, гэрлэсэн, эсэх, гэр бүлийн байдал, үндэс угсаа, нас, хүйсийн талаарх мэдээллийг анкетад шаардаж, цээж зураг наахыг Канадад зөвшөөрдөггүй. Зөвхөн тухайн хүний ажлын туршлага, ажиллах эрх, нийгмийн даатгалын дугаар, сайн дурын ажлын талаар асуудаг. Монголд царайгаар нь шалгаруулж ажилд авдаг гэхэд хилсдэхгүй. Ялгаварлан гадуурхах үзэл ажиглагдаж байна” хэмээн санал бодлоо илэрхийлжээ.

Манай улс боловсролын, хүрээлэн буй орчны үзүүлэлтийн, эрх зүйт ёсны, дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний, боолчлолын, жендерийн, тогтвортой хөгжлийн зорилгын индексийн жагсаалтаар сүүлийн жилүүдэд голчлон “дундуур” давхиж буй. Наад захын ялгаварлан гадуурхалтын эл асуудлыг шийдэж чадахгүй бол урагшлах бус, ухрах нь. Үүнийг 10 гаруй жилийн өмнөөс л иргэд хөндөж байжээ. Та ажил хайж, анкет бөглөж үзсэн л бол эрх тань зөрчигдсөн гэсэн үг. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7.4-т иргэнийг ажилд авахад эрхлэх ажил, үүргийн онцлогтой холбоогүй тохиолдолд түүний хувийн амьдрал, үзэл бодолтой холбоотой, гэрлэлтийн байдал, намын харьяалал, шүтдэг шашных нь тухай болон жирэмсэн, эсэх талаар асууж болохгүй, 7.5-д энэ хуулийн 7.4-т заасныг зөрчиж асуусан тохиолдолд ажилтан түүнд хариулах үүрэггүй гэж заасан байдаг аж. Мөн ажил мэргэжил, ур чадварын тухай бус, хувь хүний нууцтай холбоотой асуулт анкетад оруулах нь олон улсын хэм хэмжээгээр зөрчигддөг болохыг “Эмнести интернэшнл” байгууллагынхан хэллээ. Эхнэр, нөхөртэй, хаана амьдардаг, нийгмийн гарал, яс үндэс, гэр бүлийнхний хаана ажилладаг зэрэг нарийн мэдээлэл тухайн байгууллагад ажилд орох, үгүй нь тодорхойгүй байхад шаардлагагүй гэж олон улсад үздэг байна. Төрийн албан хаагчийн анкетад өнөөдрийг хүртэл эл асуултууд дурайсан хэвээр. Аж ахуйн нэгж, байгууллагын дийлэнх ч энэ анкетыг загвар болгон ашигласаар.

Түүнчлэн манай улсын төрийн бус байгууллага, сангуудаас залууст зориулсан олон хөтөлбөр хэрэгжүүлдэг ч насны хязгаар заасан байдаг. ДЭМБ-аас 15-44 хүртэлхийг залуус гэж тодорхойлсон байхад 25, 27 гэх зэргээр нас хязгаарлаж, залууст зориулсан нэртэй хөтөлбөр зарлахыг нийгмийн сүлжээгээр олонтоо шүүмжилснийг харлаа. Хамгийн хачирхалтай нь, хөтөлбөрт бүртгүүлэхэд мөн л хувийн мэдээлэл болох гэрлэсэн эсэх, хаана амьдардаг, зөөврийн компьютертой, үгүйг асууж байсантай олон тааралдсан. Үүгээр зогсохгүй нэлээд нэр хүндтэй сангийн цахим судалгаанд оролцож, хөтөлбөрт хамрагдахад биеийн жин, өндрийн тухай ч асууж байжээ.

Интернэтийн урсгал, цахим талбарууд хүний мэдээлэл олж авах, хөгжих эрхэд сайнаар, нэр хүнд, хувийн нууцад нь муугаар нөлөөлөх болсон. Тодруулбал, хэн нэгэн хүсээгүй байхад зөвшөөрөлгүйгээр дүрс бичлэг хийх, зургийг нь авах, гэр бүлийн гишүүн, найз нөхдийнх нь талаарх мэдээллийг олон нийтэд дэлгэх нь хувийн нууцад халдаж буй хэлбэр. Эл асуудлыг Япон, Канад, Австралид цахим платформын хэм хэмжээ, хуулийн дагуу шийдвэрлэдэг. Энгийн иргэн бүү хэл, шоронд ял эдэлж буй хүмүүс ч хувийн нууцаа хадгалах, халдашгүй байдлаа хамгаалуулах эрхтэйг ХЭҮК-ын Олон нийтийн харилцаа, сурталчилгаа хариуцсан референт З.Бадмаараг хэлсэн. Иргэн Н “Би төрийн байгууллагад ажилладаг. Миний удирдлагад ажилладаг хүмүүс өрөөнд минь орж ирэн, миний ур чадвар, хувийн амьдралын талаар шүүмжилж эхэлсэн. Би эхлээд ажил дээр хувийн амьдралын талаар яримааргүй байна гэсэн ч тэд шүүмжилсэн учир аргагүй уурлаж, элдэв үг хэлсэн юм. Гэтэл хэд хоногийн дараа миний хэлсэн хараалын үг, уурлаж буй дүрс бичлэгийг эвлүүлж, фэйсбүүкт байршуулан, нийтэд түгээсэн. Миний нэр хүнд унаж, сэтгэл санааны хохирол амсан, удахгүй ажлаасаа халагдсан” хэмээв. Иргэдийг тамхи татаж байхад нь авсан зургийг цахим сүлжээнд байршуулсан тохиолдол ч цөөнгүй гарчээ. Уг нь эл асуудлыг хууль, хяналтын байгууллага судалж, Зөрчлийн тухай хуулийн 6.22 дахь заалт буюу зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дүрс бичлэг хийсэн бол иргэнийг 200, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ёстой. Гэвч доромжлуулаад өнгөрдөг, сэтгэл санаагаар хохироод үлдэх нь олон. Камер шууд тулгах, асуулт асуух, бусдад сөрөг бодол төрүүлэх зэргээр хүний эрхэд халдах үйлдэл цахим сүлжээнд түгээмэл болж, эцэстээ зүй ёсных гэж ойлгогдох вий. Өнөөдөр бусдын, маргааш таны эрхийг зөрчих хандлага байсаар байх уу.

ХЭҮК-оос бэлгийн цөөнхийн эрхийн асуудлыг 2012 онд хөндөж, УИХ-д илтгэл хүргүүлсэн байдаг. Тухайн үед судалгаанд оролцогчдын 95 хувь нь бэлгийн цөөнхийг огт хүлээн зөвшөөрөхгүй гэсэн бол энэ тоо саяхны судалгаагаар 10 орчим хувиар буурчээ. Гэвч бэлгийн цөөнх халдлагад өртөж, эрх нь зөрчигдсөн олон өргөдөл тус байгууллагад ирдэг байна. Түүнчлэн тусгай хэрэгцээт иргэдийг хүчирхийлэх, түүнээс үүдэж, гэр бүлийнхэн, эмч нар нь жирэмслэлтээс хамгаалах эм нууцаар уулгах зөрчил ч илэрчээ. Гагцхүү ХЭҮК-ын тухай хуульд заасны дагуу иргэдийн зөрчил, хэрхэн шийдвэрлүүлсэн талаар нууцлах ёстой аж. Тус байгууллага нь урьдчилан сэргийлэх сургалтыг санхүүжилтийнхээ хэрээр зорилтот бүлэг, байгууллагад явуулж, эрх нь зөрчигдөж болзошгүй бол зөвлөмж, зөрчсөн тохиолдолд шаардлага хүргүүлж шийдвэрлүүлдэг.

Уг нь төрийн албан хаагчийн анкетын асуултыг өөрчлөх талаар ХЭҮК-оос холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлжээ. Тусгай хэрэгцээт иргэд, ижил хүйстний талаар мөн Засгийн газарт олон удаагийн илтгэлээр уламжилсан ч ихэвчлэн цаасан дээр тогтоол гаргаж, судалгаа хийснийг хэрэгжилтийн дүгнэлтэд дурдсан байв. Олон улсад хэрэгжүүлдэг журам буюу аливаа байгууллагын ажиллагсдын 40 хүртэлх хувь нь бэлгийн цөөнх, тусгай хэрэгцээт иргэд байх ёстойг Монголд хэрэгжүүлэх байтугай тэдний талаарх ойлголт, хандлага дорвитой дээшлээгүй аж. Эхний хоёр жишээ нь бичил, сүүлийнх нь том давлагаа хэр өрнөснийг гэрчилнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)