Хүний элгээр амьдрах нь хүсэх эд биш

Битгий гомдоорой. Монголчуудын арчаагүй, анхиагүй, хэнэггүй нь хэтэрч гүйцлээ. Автомашинаа жил бүр үзлэгт оруулдаг хэрнээ юугаар ч үнэлшгүй бие, эрхтнээ юман чинээ бодохоо больж. Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн зарим үзүүлэлт муугаараа дэлхийд тэргүүлж, адлуулах болсон нь үүнийг гэрчилнэ. Тэр дундаа элэгний өвчнөөс шалтгаалсан нас баралтаар манайхан бөмбөрцгийнхнийг дагуулахгүй байгаа нь хатуу үнэн. Яагаад бид ийм байдалд хүрэв? Эдүгээ үнэгүй юм гэж бараг үгүй. Гэхдээ ганцхан Монголд, бидний үргэлж дорд үздэг, гоочилж муулдаг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ л төлбөргүй байна.

Монголчуудыг элэгний вирус хиаруулж байгаа учир Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж буй. Үүний II шатны үзлэг, оношилгоог орон даяар эхлүүлээд, хугацааныхаа талд орж байхад эрсдэлтэй бүлгийнхний 50 хувь нь ч шинжилгээнд хамрагдаагүйг эмч нар толгой сэгсрэн ярьж байна. Манай улсын хүн амын 10 хувь нь С, 12 хувь нь В вирусийн халдвартай. Гепатит В-тэй иргэдийн 60-80 хувь нь дельта вирусийн “халдлагад” өртсөнийг гадаад, дотоодын эрдэмтэд тогтоосон. Тиймээс хүн амын дунд элэгний вирус байгаа, эсэхийг үнэгүй оношилъё. Илэрвэл төлбөргүй тоолъё. Идэвхжсэн бол эмийг нь өгье. Байхгүй бол вакцин хийлгэ гэж хэдэн эмч, мэргэжилтэн л чадлаараа тэмцэж, зүтгэх юм. Харин бид урьж, залуулаад ч эмнэлэгт хандах янзгүй.

Монгол мөнхийн дайн байлдаантай орон биш. Бид цөмийн зэвсэг, буу шийдэм агсах шаардлагагүй. Цагаач, дүрвэгсэд, алан хядагчийн аюулыг мэдэхгүй. Амар амгалангийн туйл болсон эх оронд минь жил бүр 2500 орчим хүн зөвхөн элэгний хатуурал, хавдраар нас барж байгаа нь эмгэнэлтэй. Улсаас “Эрүүл мэнддээ анхаар, өвчнөө оношлуулж, эмчлүүл” гэж өчнөөн тэрбум төгрөг төсөвлөж байхад ашиглаж чадахгүй, хайхрахгүй явсаар ийм байдалд тулсан нь бидний арчаагүйнх гэдгийг дахин хэлье. 

Монгол Улсын эмч нар чадалтай, чадвартай. Элэг, бөөр, ясны чөмөг, нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо амжилттай хийдэг болсон. Нэг үеэ бодвол монголчууд элэг, бөөрөө солиулах гэж гадаад явдаг урсгал татарсан гэсэн үг. Тэглээ гээд иргэдийн сэтгэхүй өөрчлөгдсөнгүй. “Монголд эмчилдэг болсон юм чинь” гэсэн байдлаар асуудалд, өвчиндөө хайнга хандах. 

Уучлаарай, ингэж бодож байгаа бол том эндүүрэл. Хэрэв бүгдийг нь эдгээчихдэг байсан бол 2500 хүнийг харж байгаад үхүүлэх үү, үгүй. Эдгээр хүнд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байсан. Донорын олдоц, эдийн засгийн боломж нөөц, боловсон хүчин, эмнэлгийн ор зэрэг нь хаанаа ч хүрэхгүй. Бид цаашид ч чадахгүй. Жилд дунджаар 20-30 хүнд нарийн төвөгтэй эл хагалгаа хийж, амийг нь аврах боломжтой. Мөн хугацаанд 15-20 хүн гадаадад элэг шилжүүлэн суулгуулдаг гэсэн баримт байна. Амьдралын боломж арай дөнгүүр нь тийнхүү явдаг. Харин ядуу, халаас нимгэн нь хүнд өвдвөл үхэхээс өөр замүй гэдгийг ухаарах цаг хэзээ ирэх бол.

Элэг шилжүүлэн суулгах мэс засал бол анагаах ухааны ололт амжилтын оргил гэдэг. Гэвч хүний эрхтнээр амьдрах нь хүсэх эд биш. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерологийн төвийн их эмч Г.Анар “Элэг шилжүүлэн суулгуулж буй хүмүүсийн 80 хувь нь В, С, D вирусийн шалтгаантай хавдар, хатууралтай. Үлдсэн нь тодорхойгүй шалтгаанаар, эсвэл дархлааны тогтолцооны гажгаас үүссэн өвчний улмаас ийм мэс засал хийлгэдэг.

Манай улс С вирусийн эмчилгээний өндөр үр дүнтэй эм оруулж ирсэнтэй холбоотойгоор сүүлийн үед уг шалтгаанаар элгээ солиулах хүн цөөрсөн. Эсрэгээрээ элэгний В, D вирустэй хүн олширлоо. Гепатит В-гийн халдвартай хүн заавал дельта вирусийн шинжилгээ хийлгэх шаардлагатай. Учир нь хос вирусийн халдвар хүнийг богино хугацаанд дарлаж, хавдар, хатуурал болгодог. Тиймээс дельта вирусийн шинжилгээг ХӨСҮТ-д даатгалаар хийдэг болсон. Монголын эмч нар сүүлийн 20 жилд элэгний вирустэй “тулалдаж” байна. Ирэх 20-30 жилд ч байдал өөрчлөгдөхгүй. Элэг шилжүүлэн суулгах мэс засал эцсийн шатны эмчилгээ гэдгийг иргэд сайн ойлгоосой. Эрүүл мэнд, эдийн засаг талаасаа ч хүндрэл, бэрхшээл ихтэй. Хагалгааны нийт өртөг 100 сая төгрөг. Үүний 85 хувийг улс дааж байгаа ч жилд 25-30 хүний зардлыг олгохоос хэтрэхгүй. Тэгэхээр үлдсэн хүмүүсийн тавилан хэрхэхийг хэлж мэдэхгүй” гэлээ.

“Элгээ солиулчихна” гээд хээвнэг явж болохгүйг Г.Анар эмчийн ярианаас уншигчид эрх биш гадарласан биз ээ. Өөрийгөө ч, өөр нэгнийг донор болгож, хагалгааны ширээнд “тушаахгүйн” тулд яг одооноос элгээ хайрлацгаая. Эрүүл хүний элэгний 60-70 хувийг тайрч, өвчтөнд залгадаг юм байна. Ингэж нэгнийгээ, ойр дотнынхноо “харгислах” хүртлээ явах нь эрүүл саруул ухаантай хүний үйлдэл биш. Хэдийгээр элэг хурдан төлждөг, өвөрмөц эрхтэн ч гэлээ эхээс төрсөн бүтцээ эргэн хэзээ ч олдоггүй аж. Олон улсад цоо эрүүл хүнийг донор болгоод үүрд нойрсуулсан жишээ ч цөөнгүй байна. Хагалгааны явцад халдвар авах, цус алдах, эргэн тойрных нь эрхтнийг гэмтээх эрсдэлтэй. Донороос элэгнийх нь талыг авахдаа цөсний замыг нь тайрдаг учир хагалгааны дараа нарийсал үүсэж ч мэднэ. Нөгөө талаар өвчтөний өрөөлөөс авсан эрхтэн “хүнийрхэж”, эмчилгээ үр дүнгүй болох тохиолдол бишгүй. 

Элэг шилжүүлэн суулгуулах мэс засал хийлгэж буй тухайн иргэн улсаас олгох 85 саяаас гадна 15 сая төгрөгийг эмнэлгийн дансанд байршуулдаг. Энэ нь хагалгааны болон дараах нэг сар хүртэлх эрчимт эм­ чилгээний зардал. Өндөр өртөгтэй, хүнд хагалгаа хийлгэсэн учир эхний жилд вирусийн эсрэг, антибиотикууд, дархлаа дарангуйлах гурван төрлийн эм ууна. Үүнээс гадна олон удаагийн давтан шинжилгээ хийлгэх зэрэгт дахин 15, нийлээд 30 орчим сая төгрөг шаардлагатай гэсэн.

Насаараа уух дархлаа дарангуйлах эмийг нь улс даадаг бол нөгөө хоёрыг нь иргэн өөрийн мөнгөөр авна. Гэхдээ эл хоёр эмийг хэсэг хугацаанд уугаад зогсоодог гэсэн. Г.Анар эмч “Манай эмнэлгийнхэн саяхан цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгасан. Уг эрхтэн нөхөн төлжихдөө хурдан шигээ ондоо бүлгийн цустай хүний эдийг ч өөрийн болгохдоо амархан. Тиймээс хагалгаа хийхээс 14 хоногийн өмнө эмчилгээ хийж байгаад эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Эл технологийг эх орондоо нутагшууллаа. Гэхдээ зардал өндөр, эрсдэл ихтэй, амаргүй эмчилгээ. Авууштай тал нь донорын олдоц сайжирна гэсэн үг. Гэхдээ энэ нь тийм ч хүртээмжтэй эмчилгээ биш. Иргэд хамгийн гол нь өвчнөө тартагт нь тултал бүү яв гэдгийг дахин дахин хэлье. Манай эмнэлэг аргаа барсан, амь нас нь дээсэн дөрөөнд дэнжигнэж байгаа хэдийгээ л арайхийн эмчилж байна. Элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардал БНЭУ-д 40 мянган ам.доллар. 2-3 хүний тээвэр, хоол хүнс, байрны зардлыг нэмбэл 100 мянга хол давна. БНСУ-д эл эмчилгээний төлбөр 100 мянган ам.доллароос эхэлдэг. 700 мянган “ногоон”-оор эмчлүүлсэн монгол хүн бий” гэж ярилаа.

Энэ бүхнийг мэдэхгүй, мэдрэхгүй, шаналахгүй, зовохгүй байх цорын ганц арга бол ердөө уг өвчнөөс урьдчилан сэргийлэх. Дэлхий нийтэд халдварт бус өвчний тархалт жилээс жилд нэмэгдэж, үүнтэй холбоотой эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал асар өндөр болсон. Хүн амын нягтаршил, агаар, орчны бохирдол, амьдралын буруу хэвшил нь уг өвчний эрсдэлийг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан хэвээр байна. Эрүүл аюулгүй орчинд, зөв хооллож, идэвхтэй дасгал, хөдөлгөөнтэй амьдрах нь халдварт бус өвчний нас баралтыг 30 орчим хувиар бууруулах боломжтой гэж ДЭМБ мэдээлжээ. Харин бид эсрэгээрээ. Монголчуудын тал хувь нь илүүдэл жинтэй. Тэдний 80-90 хувийнх нь элэг өөхөлсөн. Тэдэн дундаа 50 хувь нь үүнээс шалтгаалсан элэгний үрэвсэлтэй, 20 хувь нь хатуурал болох эрсдэлтэйг судалж, тогтоожээ. Вирусийн шалтгаантай хавдар, хатууралтай өвчтөнүүдээ дийлэхгүй ядаж байхад элэг өөхөлсний улмаас эрхтнээ солиулах хүний тоо олширно гэхээр дэндүү хайран. Хатуурхаж байна гэж бүү бод, хүний эрхтэнд “санаархах”-аасаа илүүтэй эрүүл, зөв амьдрахыг эрхэмлэцгээе, монголчууд аа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)