Хүний чих огтолсон ламын өмнөөс эхнэр нь уучлалт гуйжээ

Орхон амгийн иргэн Б.Батлхагва бар жилийнхээ барцадыг арилгуулахаар гэртээ лам залаад зүүн чихнээсээ салах дөхсөн тухай манай сонин өчигдөрийн дугаартаа нийтэлсэн. Тэр өдөр чухам юу болсон талаар Б.Батлхагвтай утсаар холбогдож тодрууллаа.
-Таныг заслаа хийлгэх гэж лам залаад зүүн чихээ огтлуулсан гэж дууллаа. Тэр өдөр юу болсон юм бэ?
-Өнгөрсөн сарын 28-ны өдөр би аймагтаа гайгүй сайн ном уншиж, засал хийдэг Эрдэнэ-Очир ламыг гэртээ залсан юм. Тэрбээр манайд 12.00 цагт очно гэчихээд 17.00 цаг ирсэн. Ирэхдээ нэлээн согтуу байсан л даа.
-Согтуу ламаар засал хийлгэхгүй байж болоогүй хэрэг үү?
-Мэдээж биеэ хянах чадваргүй согтуу хүнээр засал хийлгэхийг хэн хүсэх билээ. Сүжиг хүртэл буурчихаж байгаа юм чинь. Тэгээд “Та согтуу байна. Засал хийж чадахгүй юм шиг байна” гээд хэлчихсэн чинь мань хүн “Би яагаад архи ууж болохгүй гэж. Чи одоо л засал хийлгэхгүй бол дөрөвдүгээр сарын 27-нд үхнэ, эсвэл тал цус харвана” гэдэг байгаа. Тэгснээ “Алив хутга аваад ир заслыг чинь хийгээд өгье” гэж зандарсан.
-Та тэгээд согтуу ламд юу бодож хутга авч өгдөг байна?
-Үхнэ гэж хэлэхээр хэн ч айна биз дээ. Тэгээд богино иштэй жижиг хутга авч өгтөл “Ямар жижигхэн юм бэ, томоохон шиг хутга аваад ир” гэсэн. Тэгэхээр нь ууц хөнддөг 45 см урттай том хутгаа авч өгтөл хутгаа аваад миний цээжин дээр хөндлөн цохиж эхэлсэн. Тэгж байхдаа зүүн чихийг минь огтолчихгүй юу. Би чихэндээ зургаан оёо тавиулчихаад байж байна.
-Та тэгээд хууль хяналтын байгууллагад хандав уу?
-Цагдаад мэгдэх гэтэл Эрдэнэ-Очир ламын эхнэр нь “Цагдаад битгий хэлээч, би өмнөөс нь уучлалт гуйж байна” гэж ирсэн.
-Одоо таны биеийн байдал хэр байна?
-Гайгүй дээ. Өдрөөс өдөрт дээрдэж л байна. Харин гэр бүлийнхний сэтгэл санаа хүндхэн байгаа. Их цус харснаас болоод бага охин минь бүр шоконд орчихсон байсан.

Д.Цэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)