“Хүний хүүхэд хөөрхөн”

Гэрлэлтээ цуцлуулж, дараагийн амьдрал эхлүүлэхийг юман чинээ тоодоггүй хүний мөсөөр тааруу аав, ээж манайд олон болжээ. Жилээс жилд мянга мянган хос хамтын амьдралдаа цэг тавьдаг бөгөөд өсөх хандлагатай байна. Тухайлбал, 2018 онд 4201, өнгөрсөн жил 4262 хүн гэр бүлээ цуцлуулсан статистик бий. Тэдний дунд гэрлэлтээ хэдэнтээ цуцлуулсан, цуцлуулах тоолондоо хүүхдийн тэтгэмж төлөх шүүхийн шийдвэр гаргуулсан хүн цөөнгүй. Харамсалтай нь, иймэрхүү аавууд аль ч хүүхдэдээ мөнгө өгдөггүй. Тиймээс гэрлэлтээ цуцлуулсан эмэгтэй бүр хүүхдийнхээ эцгийг эрэн сурвалжилдаг. Харин эрэн сурвалжлагдаж буй эцгүүд дахин гэр бүл зохиочихсон суух нь бишгүй. Хүүхдийн тэтгэмж өгөхөөс хойш сууж, гэдийж, гүрийж, зугтсаар байгаа аавуудыг олох гэж шүүхийн шийдвэрийн ажилтнууд үйлээ үздэг юм билээ. Өмнө нь Эрүүгийн хуулийн 120 дугаар зүйлд хүүхдийн тэтгэмжээс зайлсхийсэн бол ял шийтгэл оноохоор хуульчилсан байсан. Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд хүүхдийн тэтгэмж төлөөгүй бол хариуцлага хүлээлгэх ямар нэгэн заалт алга.

Шийдвэр гүйцэтгэгч нар холбогдох газруудад албан бичиг илгээж, хуулийн төсөлд санал өгсөөр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд зарим ахиц авчирч чадсан. Энэ оны нэгдүгээр сарын 10-нд эрх баригчид зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59.1-д “Тэжээн тэтгэх үүргээ гурван сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх” гэсэн заалт оруулсан юм. Мөн Зөрчлийн тухай хуулиар хүүхдийн тэтгэмжээ өгөөгүй ээж, аавыг торгоод толгойг нь илээд явуулдаг байв. Тэгвэл уг хуулийн зургадугаар бүлгийн Хүүхдийн эрх зөрчих хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тодруулбал, 6.20.6 дахь хэсэгт “Тэтгэмж төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэсэн заалт оруулсан. Гэхдээ өнгөрсөн нэгдүгээр сарын 10-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хуулийн эл заалт хэрэгжихгүй шахам байна. Тодорхой хэлбэл, уг хуульд заасны дагуу өнөөдрийн байдлаар нэг ч хүнд баривчлах шийтгэл ногдуулаагүй гэнэ.

Ажилтай, орлоготой, дагаж мөрдөх хуулиа сайн мэддэг, хууль хяналтын байгууллагад ажилладаг хүмүүс ч хүүхдийнхээ тэтгэмжийг өгөхөөс татгалзаж, хойш сууж, хэл ам татлах нь олонтоо аж. Гэрлэлтээ цуцлуулахад хүүхдийн тэтгэмж өгөх шүүхийн шийдвэр давхар гардаг. Харин аавууд хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээхээс татгалзаж, мөнгөө өгөхгүй 2-3 жил зугтах нь энүүхэнд. Тиймээс арга ядсан ээжүүд, цөөн тохиолдолд аавууд шүүхэд дахин хандаж, шүүхийн шийдвэрийг албадан хэрэгжүүлэх захирамж гаргуулсан аж. Энэ онд төрийн албан хаагч хүүхдийн тэтгэмжээ төлөхтэй холбоотой шүүхийн шийдвэрийг албадан хэрэгжүүлэх шүүгчийн 80 гаруй захирамж гарчээ. Өөрөөр хэлбэл, өгөлгүй байсаар хур хуримтлагдсан мөнгийг нөхөн төлүүлэх юм. Тэр ч бүү хэл, 10 жилийн турш зугтсан аавыг саяхан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан “илрүүлсэн” юм билээ. Нэгэнт албадан хэрэгжүүлэх шүүгчийн захирамж гарсан бол төрийн албан хаагчийн цалингаас уг мөнгийг суутгана. Асуудлын гол нь гэрлэлтээ цуцлуулсан төрийн алба хаагч нар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ биелүүлдэггүйгээс шүүхэд удаа дараа хандаж албадан биелүүлэх шийдвэр гаргуулан, шүүхийн ажилд зохиомол ачаалал үүсгэхээс гадна өмнөх эхнэр, хүүхдүүдийнхээ нулимсыг барж, шийдвэр гүйцэтгэгч нарын аргыг бардаг гэсэн.

Хүүхдээ орхисон аав тодорхой эрхэлсэн ажилгүй бол тэтгэмж гаргуулахад нэлээд хүндрэл учирдаг. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрынхны хэлж буйгаар, жилд 40 орчим мянган ажлын байрны захиалга ирдэг. Харин дээр дурдагдсан аав нар “ажилгүй” байх нь элбэг. Энэ нь аж ахуйн нэгжүүд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, нэг цагийн ажил хийсэн ч нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэр дээр нь бичилт хийх Нийгмийн даатгалын багц хуулийн заалтыг биелүүлдэггүй. Нөгөөх зугтдаг “нөхрүүд” нийгмийн даатгал төлдөггүй аж ахуйн нэгжүүдэд ажилд орох дуртай. Тэд архи уух мөнгөө олоод байдаг хэрнээ алаг үрээсээ тав арван төгрөг харамлан муухай царайлдаг. Шүүхийн шийдвэртэй байсан ч нийгмийн даатгал төлдөггүй, хоногийн ажил хийж, аргацаагаад явдаг тул цалинг нь хязгаарлах, барьцаалах боломж хомс гэсэн. Улмаар хүүхдээ мартагсад ажилгүй, орлогогүйгээ гайхан энд тэнд худлаа ярьж явдаг.

Ер нь гэр бүлийн хүчирхийлэлд хүүхдээ хаядаг, тэтгэмжээ төлөхөөс зайлсхийдэг эцгүүдийн “нэмэр” их. Өөрийнхийгөө өрөвдөж, энэрээгүй хэрнээ хүний хүүхэд хөөрхөн хэмээдэг аав нар байдаг. Нөгөө “Яасан хөөрхөн ээжтэй хүүхэд вэ” хэмээдэг онигоо шиг. Эхэндээ ээжид нь таалагдахын тулд хүүхдэд нь хамаг байдгаа бариад эрхлүүлдэг “багтай” хүмүүс бий. Тэд хүүхдийг нь эвийлж хөөрхийлсөөр ээжтэй нь гэрлэдэг. Эндээс гэр бүлийн хүчирхийлэл эхэлдэг гэдгийг ахмад хуульчид хэлсэн. Өөрийн хүүхдийг хайрлаагүй хүн бусдынхыг хайрлана гэж үгүй. Жишээ нь, иргэн Т өмнөх эхнэр Х-гийн нэхэмжлэлээр хүүхдийн тэтгэмж гаргах үүрэг хүлээжээ. Гэрлэлтээ цуцлуулсан тэрбээр иргэн У-тай гэр бүл зохиожээ. Жилийн дараа түүнээс бас л салжээ. Хожим хүүхэдтэй эмэгтэйтэй гэрлэж, үрийнх нь бие махбодод халдсан асуудлаар цагдаагийн байгууллагад бүртгэлтэй болжээ. Эцэст нь тэрбээр мөн л одоогийн байдлаар отгон нь болох хүүгээ хаяад явжээ. Товчхондоо, Т гурван эхнэрээс салсан ч аль ч хүүхдэдээ нэг ч төгрөг өгөөгүй. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл өсөж байгаа. 

Салсан, дахин гэрлэсэн гэр бүлийн хувьд дээрх төрлийн хүчирхийлэл үйлдэгдэх магадлал маш өндөр гэдгийг цагдаагийн байгууллагынхан хэлж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхан баталж буй. Харамсалтай нь, Зөрчлийн тухай хуульд “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Хүүхдээ хайхардаггүй хүчирхийлэл үйлддэг Т шиг эрчүүдийг энэ мэтээр торгоод өнгөрдөг нь улам даврах зөрчлийн хэрэг нь гэмт үйлдэл болох эхлэлийг тавьдаг гэлтэй. Салсан гэр бүл 1-2 хүүхэдтэй байсан гэж бодоход жилд 8000 орчим хүүхэд хохирогч болж байгаа юм. Угаас гэр бүл салахад хамгийн том хохирогч нь хүүхэд л байдаг. Цаашлаад өрх толгойлсон эмэгтэйчүүд олширч, хүүхдээ өсгөх, тэжээх, амьдралаа авч явах бүхий л асуудлыг нуруундаа үүрэх болдог. Аавын халуун нөмөр, ээжийн хайраас хол өссөн хүүхдийн хүйтэн сэтгэлтэй болдог гэх судалгаа ч байдаг. Ташрамд дурдахад, эр хүн байх, аав байх, хайрлах, халамжлах, хуваалцах ухааныг цэцэрлэгт байхаас нь ойлгуулж, ухааруулъя гэдгийг сэтгэлзүйчид хэлсээр буй. Эс бөгөөс аавтай байж үзээгүй, хайр халамж мэдэхгүй өсөж буй шинэ үеийнхэн хамт өсөөгүй, хараагүй ч гэлээ аавынхаа замналыг дагахгүй гэсэн баталгаа байхгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)