“Хүний хүчин зүйл орсон байж болзошгүй”

СЕХ, бие даагчдын төлөөлөл мэдээлэл хийсний дараа АН-ын удирдлага дээрх асуудалтай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд бие даагчид болон бусад намын төлөөлөлтэй хамтран сонгуулийн дүнг нягтлахыг уриалсан юм. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү “Энэ удаагийн сонгуулийг суурь шинэчлэлийн эхлэл болно гэж сонгогчид найдаж байсан. Гэтэл сонгуулийн дүн гарсны дараа сонгогчдын төлөөлөл АН-тай холбогдон, “Бидний санал яасан бэ. Бид ойр дотнынхноо хэнд санал өгснийг мэднэ. Ингэж санал өгөөд байхад өөр дүн гарлаа. АН-ынхан үүнд дүгнэлт хийж байна уу” гэж холбогдсон. Тиймээс бид сонгуулийн дүнд дүгнэлт хийж байна. Үүнийгээ холбогдох байгууллагад хүргүүлж, шалгуулна” хэмээв. Мөн Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд “Бид ялагдлаа гээд гомдоллож буй хэрэг биш. Тодорхой баримтыг нягталсны дараа байр сууриа илэрхийлнэ. Тухайлбал, СЕХ-ны дэлгэцэн дээр гарч байгаа саналын тоо яагаад таслалтай байгааг мэргэжлийн хүмүүсээс тодруулахад “хар машин”-д гар ажиллагаа орсны улмаас таслалтай бичигддэгийг хэллээ. Хүний хүчин зүйл орсон байж болзошгүй. Бүх нам, эвслийн төлөөлөл хамтарч шалгалт хийе” хэмээв. Өнгөрсөн баасан гаргийн 17.10 цаг орчимд бие даагчид, “Шинэ”, “Та, бидний эвсэл” зэрэг МАН-аас бусад нам, эвслийнхэн энэ удаагийн сонгуульд луйвар орсон тул дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, онцгой анхааралдаа аван, ээлжит сонгуулийг хүчингүйд тооцохыг шаардаж, Ерөнхийлөгчид мэдэгдэл хүргүүлэв. Түүнчлэн шаардлагын хувийг НҮБ, Европын Холбооны болон ардчилал, хүний эрхийн чиглэлээрх олон улсын байгууллагуудад хүргүүлснийг бие даагч Т.Ганболд хэллээ.

Үүнтэй зэрэгцэн МАН-аас уг тооллогыг явуулах хүсэлтээ СЕХ-нд хүргүүлсэн билээ.