Хүний төлөө хурд мэдэн довтолгогч


Зүүн гар талаас түргэний их эмч Ч.Ууганбаяр, жолооч Б.Төрмандах


Дуут дохио хангинуулан, ногоон гэрэл гялбалзуулж, хаа нэгтээ яарах түргэний машинтай хотын гудамжинд олонтаа таардаг. Эрүүл мэндэд нь аюул учирч, бие махбод нь хямарсан хэн нэгэнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхээр яарч яваа нь тэр. Яаралтай түргэн тусламжийн багийг эмч, жолооч хоёр бүрдүүлнэ. Жолооч эмчээ түргэн тусламж дуудсан газарт яаралтай хүргэх үүрэгтэй. Үүнээс гадна асрагч, сувилагчийн үүрэг ч гүйцэтгэж, эмчдээ тусална. Согтуу хөлчүү хүмүүс түргэн тусламж дуудсан тохиолдолд эмчээ хамгаална. Үүгээр зогсохгүй, машин дахь яаралтай түргэн тусламжийн багаж хэрэгслүүдийн бүрэн бүтэн, найдвартай ажиллагааг хангах үүрэгтэй.

Хүн ардын эрүүл мэндийн төлөө довтолгож яваа түргэний тэрэгний жолоочийг манай сонин энэ удаа “Нэг өдөр” буландаа урилаа. Нийслэлийн түргэн тусламжийн төвийн түргэний машины жолооч Бадамцэрэнгийн Төрмандах бидний урилгыг цааргалалгүй хүлээн авснаар өнгөрсөн баасан гарагт түүний нэг өдрийн ажлыг сурвалжлав. Тэрбээр 1992 оноос хойш 26 жил түргэний тэрэгний жолоо мушгиж ажил, амьдрал нь эрүүл мэндийн салбартай эгнэгт холбогдсон нэгэн.

07.50 цаг. Өглөө зургаан цаг хагаст гэрээсээ гарч, Толгойтын Их нарангаас автобусаар хөдөлсөн Б.Төрмандах олны нэрлэдгээр “Хүнсний-4”-ийн ойролцоох авто баазынхаа хашааг зорилоо. Тэндээс түргэн тусламжийн машинаа авч, нийслэлийн түргэн тусламжийн Улаанбаатар дахь дөрвөн салбарын аль нэгэнд нь хуваарилагдах учиртай. Микро автобус буудал бүр дээр зогсож, хүн суулгаж, буулган хулгана шиг жирийлгэсээр “Ардын эрх”-ийн буудалд тэрбээр буулаа. Ажилдаа 08.00 цагаас өмнө очих ёстой. Тиймээс гэрээсээ эрт гардаг.

Ухаан алдлаа гэсэн чинь согтоод унасан байжээ

08.10 цаг. Машинаа баазын гараашаас авч, хажуудах шатахуун түгээх станцаас “ходоод”-ыг нь дүүргэсэн Б.Төрмандах техник хэрэгслийнхээ “ариун цэврийг” шалгуулж зогслоо. Түргэн тусламжийн машиныг ажилд гаргахын өмнө ийн нягтлан шалгадаг аж. Хэрэв ариун цэвэр хангалтгүй, түргэн тусламжийн техник хэрэгсэл дутуу бол ажилд гаргахгүйгээр үл барам жолоочид хариуцлага тооцдог. “Сайн” гэсэн үнэлгээ авсан Б.Төрмандах Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбарыг зорилоо. Энэ удаа тэнд ажиллахаар хуваарилагдсан хэрэг. Зам зуурт тэрбээр ажлынхаа онцлогийг бидэнд ярьж явав.

Түргэний машины жолооч 24 цаг ажиллаад, 48 цаг амрах хуваарьтай аж. Гэхдээ шаардлагатай тохиолдолд 24 цаг амраад дахин ажиллах нь бий гэсэн. Хэзээ ч хамаагүй дуудаж магадгүй учраас тэд утсаа салгах эрхгүй гэнэ лээ. “Шөнө нойргүй, хагас цэргийн зохион байгуулалттай ажилладаг, машинд байнга сэгсчүүлдэг, өвчний халдвар авах өндөр магадлалтай учраас би ажлаа хүнд хөдөлмөр гэж үздэг” гэж сурвалжилгын баатар маань ярилаа. Хүнд хөдөлмөр гэсэн ангилалд оруулахаар хөөцөлдсөн боловч төдийлөн амжилт олоогүй гэсэн. “Бидний цалин бага, ядаж төрийн үйлчилгээний зэргээр цалинжуулдаг болмоор байна” гэж үргэлжлүүлэв.

09.10 цаг. Манай сурвалжилгын гол баатар анхны дуудлагадаа гарлаа. Түүнтэй түргэний их эмч Ч.Ууганбаяр баг болж ажиллана. Их сургууль төгсөөд, эмчээр зургаан жил ажиллаж буй, шавилхан залууг Б.Төрмандах “Сайн эмч” гэж “ховлосон”. Нэг эмэгтэй гуяндаа хутгалуулсан гэсэн сэтгэл сэртхийлгэм дуудлага санж. Дуут дохиогоо хангинуулан, машинуудыг зам тавьж өгөхийг чанга яригчаар шаардан яарлаа. Жолооч эхлээд буруу гудамж руу орчихлоо. “Урдуур нь тойрох хэрэгтэй байж” гэж амандаа бувтнаад эргэв. Урд гудамжаар нь орсон боловч хаяг, дугааргүй хаалганууд угтах нь тэр. “Эдгээрийн нэг л байж таарна” гэсэн жолоочийн үг үнэн байлаа. Нэгэн залуу гар даллан дуудав. Б.Төрмандах эмчийг дагалдаж айл руу орлоо. Хэрэг гарсан, согтуу хүмүүс дуудлага өгсөн тохиолдолд эмчтэй заавал хамт ордог гэнэ. Ингэхгүй бол уур нь бадарсан хүмүүс эмчийг цохиод авахаас сийдэггүй гэх. Тэрбээр согтуу хүнээс эмчийгээ өмөөрч урдуур нь ороод, хэд хэдэн удаа дэлсүүлсэн гэж байгаа.

Эмэгтэй хэвлийн тус газартаа, бас гуяндаа хутгалуулжээ. Гэтэл нөхрийнхөө зэмлэлийг даалгүй согтуу эмэгтэй өөрийгөө хутгалсан болж таарлаа. Анхны тусламж үзүүлээд, түүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэхээр хөдөллөө. Мөн л дуут дохио хангинуулан, чанга ярагчаар машинуудыг зам тавихыг шаардана. Зарим жолооч, ялангуяа “жийптэнгүүд” зам тавьж өгөхгүй хэдэрлэх юм. Нэг үеэ бодвол гайгүй болчихоод байгаа нь энэ гэж түргэний жолооч ярьсан.

10.05 цаг. Дараагийн дуудлагын дагуу Саппорогийн орчимд “Mongolica” рестораны гадна ирлээ. “Хүн ухаан алджээ” гэсний дагуу очтол ухаангүй болтлоо согтсон нэгэн байв. Б.Төрмандах, Ч.Ууганбаяр хоёр түүнийг өргөж, босгоод цагдаа дуудлаа. Мөнөөх эр хараал хэлэхээс өөр чадалгүй болжээ. Уг нь рестораны зөөгч бүсгүй цагдаа дуудсан юм байна. Гэтэл тэд түргэн тусламж дуудсан аж. “Цагдаа нар өөрсдөө очихоос төвөгшөөгөөд ингэдэг юм” гээд гол баатар маань дургүйцэж буйгаа илтгэн мушийсан. Цагдаа ч ирэв, түргэн тусламжийн хоёр маань ч хөдлөв.

10.30 цаг. Хоёр дуудлагад явсан бид түргэн тусламжийн төвийн салбар руугаа зүглэлээ. Яаралтай дуудлагагүй бол түргэн тусламжийн жолооч дуут дохио хангинуулаад байдаггүй аж. Яарах зүйлгүй тайван явж байсан учраас Б.Төрмандах намтраа “өнгөтөөр” ярьж өглөө. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрж, Улаанбаатар хотод өссөн нэгэн. Түүнийг ээжийнх нь нагац ах Цэвэгжав өргөж авсан юм байна. Ийн айлын өргөмөл ганц хүү болжээ. Есөн настай байхад нь аав нь тэнгэр болж, ээжтэйгээ хоцорлоо. Түүнийг зургадугаар анги төгссөний дараа ээж нь тэтгэвэрт гарч, өрхийн орлого нь 150 төгрөг болсон гэнэ. Өчүүхэн мөнгөөр амьжиргаагаа залгуулж чадахгүй ээж, хүү хоёр Булган аймгийн Гурванбулаг сум руу шилжиж, садан төрлөө барааджээ.

Онц сурдаг Б.Төрмандах Гурванбулагийн найман жилийн дунд сургуулийг алтан медальтай төгсөөд мандаж явсан гэнэ лээ. Тэрбээр дараа нь хотод ирж, төрөлх 48 дугаар сургуулиа дүүргэсэн аж. Ингээд шалгалт өгтөл математикийнхаа тоонууд дотор “төөрч” будлиад уначихсан. Их сургуульд орно гэсэн мөрөөдөл талаар болох нь тэр. Багш нар нь техник, мэргэжлийн сургуульд орохыг ятгасан боловч онц сурлагатан хүү ангийнхнаасаа ичээд яваагүй гэсэн. Хэсэг хугацааны дараа ахынхаа ятгалгаар жолооны сургуульд оржээ. Ингээд 1982 онд цэргийн албанд татагдсан байна. Түүнийг хилийн цэргийн 0129 дүгээр ангид хуваарилагдан очиход кино механикчийн сургалтад явуулжээ. 45 хоногийн курс төгссөн тэрбээр гурван жил хилийн ангиудаар хэрэн явж, цэрэг андууддаа кино үзүүлсэн байна.

Б.Төрмандах багаж, тоног төхөөрөмжөө танилцуулав

Цэргээс халагдаад Авто тээврийн барилга угсралтын трестэд жолоочоор ажиллажээ. Тэнд гурван жил болохдоо хэд хэдэн нефть бааз барихад оролцсон гэнэ. Дараа нь “Монгол энерго строй” трестэд 1991 он хүртэл жолоо мушгижээ. Тэгээд 1992 оноос хойш түргэний тэрэг барьж буй. Түүний намтар товчхондоо ийм. Намтар түүхээ өөрөөр бичиж болох байсан ч тэрбээр энэ л замыг сонгосон. Цэрэгт байхад нь хилийн цэргийн сургуульд сурах урилга өгөхөд “Бор цэмбэнд боолгож, болсон сураар баглуулж, хүний эрхэнд амьдрахгүй” гэж хэлээд яваагүй гэдэг. ЗХУ-д инженерээр сурах боломж 1987 онд гарахад 68 настай ээжийгээ ганцааранг нь орхиж явж зүрхлээгүй юм билээ. Түүний тавилан түргэний тэрэг, хүн ардын эрүүл мэндийн төлөөх үйлстэй холбогдох учиртай байж.

11.20 цаг. Тэрбээр түргэний машиныхаа бүтээгт орж, анхан шатны тусламжийн багажнуудаа танилцуулав. Цэр соруулагч, хүчилтөрөгч, амьсгалын аппарат, хүний биеийн байдлыг хянах монитор, хуруу, хүзүү, хөл, гарт тавих иж бүрэн чиг, цэвэрлэгээний хэрэгсэл, амны хаалт, бээлий, алчуур зэргийг үзүүлэв. Аппарат хэрэгслүүд нь ногоон өнгийн ижил ууттай. Б.Төрмандах энэ уутнуудыг захиалж хийлгэжээ. Бүх аппаратнууд нь бүрэн цэнэгтэй, ажиллуулахад бэлэн. Тэрбээр оосор бүч бүхий уяа гаргаж ирээд хоёр мөрөндөө углав. Дамнуурга өргөхөд зориулж өөрийн гараар хийжээ. Өвчтөн өргөж явахад зөвхөн хоёр гарт биш, ачаалал тэнцвэржүүлэх зориулалттай аж. Тэрбээр 140 кг жинтэй эрийг хоёр давхраас дамнуургаар буулгасан гэнэ. Гэтэл хоёр гар нь долоо хоног бадайрчээ. Түүнээс хойш ийм хэрэгсэл хийх санаа төрсөн байна. Бас нэгэн удаа хоёр метр орчим өндөр эрийг 12 давхраас шатаар үүрч буулгажээ. Тэрбээр “Би намхан. Өндөр хүн үүрч шатаар уруудахаар хөл нь чирэгдээд их хэцүү юм билээ” гэж хэлээд толгой сэгсрэв. Түүнийг өргөж авсан аав Цэвэгжав нь “Ажил хийвэл сэтгэлээсээ хий, чадахгүй бол орхи” гэж багад нь сургадаг байжээ. Энэ нь хожим ажилдаа баримтлах зарчим нь болсныг Б.Төрмандах хуучилсан.

11.45 цаг. Баянхошууны “Жанцан” руу түргэн тусламж үзүүлэхээр хөдөллөө. Нэг хүн толгойдоо гэмтэл авчээ. Дуудлага өгсөн хүмүүс нь зам дээр тосох гэнэ. Уулзах газраа буруу заажээ. Нэлээд будилсны эцэст тосох хүнтэйгээ таарч газарчлуулав. Тэр нөхөр найзындаа хамт архидаж байгаад маргалдаад, толгой руу нь сандлаар цохиж хагарч, язартал нь гөвжээ. Б.Төрмандах залуугийн толгойг түшиж, эмч оёв. Тэрбээр утсыг нь хайчлах, цусыг арчих гэх мэтээр эмчдээ тусаллаа. Ингээд болоогүй боолтоо өдөр бүр солиулах хэрэгтэй гэх мэт зөвлөгөөг эмчээсээ түрүүлээд өгчих нь тэр. Олон жил эмч нартай ажилласан тэрбээр алтны дэргэд гууль шарлана гэгч болжээ. “Гэртээ бол эмч” гэж өөрийгөө “тодруулав”.

“Түргэн тусламжийн дуудлагын 50 хувь нь ямар нэгэн байдлаар архитай холбоотой байдаг. Сайхан залуус архинаас болж нас барж байна. Архины олон үйлдвэрийг татан буулгах хэрэгтэй” гэж тэрбээр ярьж явлаа. Өөрөө архи огт амсдаггүй гэсэн. Тэрбээр дунд сургуулийн сурагч байхдаа бяцхан ном яаралтай хийх болжээ. Найз нь “Зургийг нь хүнээр зуруулчихъя. Хөдөлмөрийн багш Александртай амьдардаг зураач залууд нэг шил архитай очвол болно” гэж ятгажээ. Ингээд шил “юмтай” хоёр хүү багшийндаа хүрэв. Багш нь харин тэр хоёрыг хундага архи уухыг шахжээ. Тэгээд хүү шөнөжин бөөлжжээ. Түүнээс хойш амандаа архи хүргээгүй гэнэ лээ.

Архи гэгч идээ

Амсаад үзвэл гашуун нясуун

Архи уухгүй болохоор

Ажил бүтэхгүй гэх юм

Ажил хэрэгч хүн биш учраас мэдэхгүй юм гэж архины хөнөөлийн тухай шүлэг бичжээ. Хамт олон нь түүнийг ажлынхаа онцлогийг харуулсан шүлэг бичсэн байна гэж ёргисон гэнэ лээ. Өөрийгөө хутгалсан эмэгтэй архи уугаагүй бол, тасарч унасан эр архи уугаагүй бол, толгойгоо хагалуулсан залуу архи уугаагүй бол.

13.05 цаг. Хилийн цэргийн 0119 ангийн хажуугийн дөрөвдүгээр гудамжинд бид зогсож байна. Байнга дуудлага өгдөг нэгэн настанд Ч.Ууганбаяр эмч өвчин намдаах тариа хийхээр оров. Өвчин намдаах тариа нь тасрах юм уу, эсвэл худалдаж авах мөнгөгүй болохоороо түргэн тусламж дуудчихдаг хэд хэдэн хүнд өвчтөн Сонгинохайрхан дүүрэгт байдаг гэсэн.

Энэ зуурт Б.Төрмандах ах амьдралдаа тохиолдсон алдаа, онооныхоо тухай хуучилсан юм. 1991 онд ажиллаж байсан трестээс нь түүнд гурван өрөө байр өгчээ. 2000-аад оны эхээр эхнэрээ ажлаас нь гаргаж, худалдаа эрхлэх болов. “Алтжин” худалдааны төвд лангуу түрээсэллээ. Орон сууцаа барьцаанд тавьж, 10 сая төгрөгийн зээл авч, лангуугаа бараагаар дүүргэсэн байна. “Алтжин” худалдааны төв 2006 онд юу ч үгүй шатсаныг монголчууд мэднэ. Тэднийх ийн их хэмжээний хохирол амсчээ. Удаж удаж хохирлынх нь 60 хувийг барагдуулсан нь зээлийн хүүгээ төлөөд л дууссан аж. Ингээд гурван өрөө орон сууцаа 30 сая төгрөгөөр борлуулж, өрөө даржээ. Хоёр жил байр түрээслэн, үлдсэн мөнгөө үрж дуусгах шахсан байна. Ингээд Их наранд хашаа байшин худалдаж авав. Хүүхдүүд нь оюутан болж, тэднийхээ төлөө мачийжээ. Одоо тэрбээр ажлынхаа хажуугаар бага сага наймаа хийдэг, “Ингэхгүй бол төсвийн байгууллагын цалингаар амьдрах аргагүй” гэж хэлсэн.

Интерьер дизайнер мэргэжилтэй том хүү нь “Оюутолгой”-н туслан гүйцэтгэгч компанид ажилладаг. Удаах нь Бээжин хотын Зам, тээвэр, барилгын их сургуульд сурч байна. Ганц охин нь “Монос” их сургуулийн эмзүйчийн ангийн оюутан. Гурван хүүхдээ сургахад хоёр өрөө байр авах хэмжээний мөнгө зарцуулсан гэсэн тооцоог Б.Төрмандах хийжээ. Тэрбээр “Би хүүхдүүддээ эд хөрөнгө үлдээж чадахгүй. Харин хоолоо олж идэх мэдлэг, боловсролтой болгох шаардлагатай. Тиймээс бүгдийг нь их сургуульд сургахаар мачийсан. Намайг нэг муу тостой жолооч гэж харах хүн таардаг. Дээд мэргэжилгүй хүний зовлонг би мэднэ” гэж ярьсан юм.

13.30 цаг. “Содон” хороололд ирлээ. Нэг настны даралт ихсээд дууджээ. Ийм дуудлага нэлээд байдаг гэсэн. Манай гол баатар “Уг нь яаралтай түргэн тусламжийг жинхэнэ утгаар нь ажиллуулмаар байгаа юм. Одоо бол өрхийн эмнэлгийн үүрэг гүйцэтгэж байна. Орон сууцанд амьдардаг хүмүүс өдрийн цагаар өрхийн эмнэлэг рүүгээ алхаад, цусны даралтаа хэмжүүлчихэж болно” гэж эгдүүцсэн байр суурь илэрхийлэв.

13.50 цаг. Толгойтын Нарангийн голд хүн ухаангүй байгаа талаар дуудлага аваад ухасхийлээ. Дуут дохиогоо хангинуулан, чанга яригчаар зам тавьж өгөхийг шаардан урсгал сөрж давхив. Эмч, жолооч хоёул айл руу орлоо. Төд удалгүй духаараа газар шагайгаад гараад ирэв. Нүд нь гуниглангуй. Тэрбээр машиндаа суумагцаа “Нас бараад, бие нь бүр хөшчихжээ” гэж ам нээлээ. “Өндөр настай юм. Дөрвөн өдөр дараалан уусан гэнэ” гээд дуугаа хураалаа.

14.20 цаг. Толгойт дахь Цагдаагийн хэсгийн гадна цагдаагийн машинд Ч.Ууганбаяр таяг тулдаг нэгэнд эрүүл мэндийн тусламж үзүүллээ. Өнөөх нь согтуу, энд тэндээ шалбарчихсан нөхөр. “Цагдаа нар эрүүлжүүлж болох, эсэх эмчийн магадлагааг манайхнаас гаргуулж авах гэж байгаа юм. Ямар нэгэн зүйл тохиолдвол өөрсдөөсөө зайлуулахын тулд ингэдэг юм. Уг нь эрүүлжүүлэх байр нь эмчтэй шүү дээ. Адилхан эмч. Гэтэл заримдаа манайханд ингэж нохойд барьдаг мод шиг ханддаг” гэж түргэний жолооч ундууцав.

15.50 цаг. 24 дүгээр хороо, Хустайн задгайд жирэмсэн эх өвдөөд байна гэсэн дуудлага авлаа. Нөхөр нь зам дээр тосохоор эмчтэй утсаар ярьж тохиров. Эмч аанай л өмнөх янзаар дуудлага өгсөн хугацаа, хэн, хаанаас дуудсан, ямар утсаар холбогдох зэргийг нямбайлан тэмдэглэж авлаа. Мөн өвчтөнөө үзэж дууссан хугацааг тэмдэглэдэг юм билээ. Нөхөр нь зам дээр гарч ирээгүй байсан учраас нэлээд хэдэн км хэтэрч яваад эргэж ирлээ. Гэрт орсон эмч “Өөрсдөө эмнэлэгт оччихно гэнэ” гээд машиндаа суулаа. Б.Төрмандах өөр дуудлага байгаа, эсэхийг лавлав. Эмч жирэмсэн эмэгтэйн талаарх өөр нэг дуудлага байна гэлээ. Очиж үзсэн боловч төрөх болоогүй байжээ.

16.47 цаг. Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооноос дуудлага иржээ. Б.Төрмандах “Ажлын цаг дуусах гэж байна. Нэг өвчтөнийг ажлын цаг дуусахаас өмнө хариуцах эзэнтэй болгож орхихоор л манайхыг дууджээ, янз нь” гэж хэлээд хөдөллөө. Хорооны эмнэлгийн гадаа очоод, дотогш эмч орж, удалгүй гарч ирлээ. Машинд суугаад “Өөрсдөө дараагийн шатлалын эмнэлэг рүү аваад явсан гэнэ. Манайхныг ингээд такси шиг дуудаад байдаг юм” гэж надад хандан хэлэв. Үнэхээр буруу хандлага гаргадаг ажээ, иргэд.

17.10 цаг. Цээжиндээ хутгалуулсан гэсэн дуудлага аваад хар “гүйхээрээ” явж хүрэв. Араас нь цагдаагийнхан ч ирлээ. Хэд хоног эзгүй байсан нөхөр цээжиндээ боолттой гэртээ иржээ. Ар гэрийнхэн нь сандраад, шууд л яаралтай түргэн тусламж дуудсан хэрэг. Мөнөөх эр аль хэдийн гэмтлийн эмнэлэгт шархаа боолгочихсон байж. Тэднийх рүү өгсөхөд зам халтиргаатай байлаа. Түргэн тусламжийн машин хүндрүүлэгчээ залгаж байж хүрэв. “Уулын таг дээр байдаг айлуудад хүрэхийн тулд минийх шиг машин ашиглаж байгаа юм. Хүндрүүлэгчгүй тэрэг бол уул өөд гарахгүй” гэж жолооч зам зуурт ярив.

19.05 цаг. Оройн хоолоо идэж, бага зэрэг амарсан хоёр маань “Содон” хороолол руу хөдөллөө. Ханиад хүрсэн хүүхэд ээжийгээ сандаргажээ. Эмч үзээд, гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэхийг зөвлөөд ирэв. Жолооч “Хүүхдийн ханиадны вирус өөрчлөгдчихлөө. Ханиалгаж хамар битүүрдэг байсан бол одоо хоолой барьдаг болчихсон” гэж эмчтэйгээ зөвлөлдөх янзтай ярина. Өвөл болоод ханиад, томуу ихсэхээр дуудлагын тоо эрс нэмэгддэг гэнэ. Сургуулийн хүүхэд амраад, хичээлдээ орохоор дуудлага асар ихэсдэг “жамтай” аж.

19.40 цаг. Баруун салаанд өндөр настай хүний зүрх өвдөөд байна гэсэн дуудлага авлаа. Яаралтай гэсэн учраас бас л хурд мэдэн давхилаа. Хүрч очоод анхны тусламж үзүүлээд, дараагийн шатлалын эмнэлэгт үзүүлэхийг эмч зөвлөв. Б.Төрмандах зам зуурт жаахан улстөржсөн. Ер нь тэрбээр аливаа зүйлд өөрийн өнцгөөс харсан үнэлэлт дүгнэлт өгөх дуртай аж. Гэхдээ зарим худал мэдээлэлд үндэслэн дүгнэх нь ч бий. Бид ийнхүү 15 дахь дуудлагаа “үзэв”. Нэг жолооч 24 цаг ажиллахад дунджаар 30 орчим дуудлагад давхидаг байна. Б.Төрмандах 24 цагийн хугацаанд 52 дуудлагын дагуу “сүнгэнэж” очсон, 11 хоног тасралтгүй ажилласан рекордтой гэнэ лээ.

20.10 цаг. Манай сурвалжлах баг 12 цагийн турш Б.Төрмандах болон түүний “дарга” эмчийг дагав. Ингээд бидний ажил дууслаа.

Бурханд би шүтдэггүй

Бөөд би мөргөдөггүй

Буурал дээдсээ хүндэлж амьдардаг

Буян заяандаа итгэж амьдардаг... гэж шүлэглэсэн, ажилдаа сэтгэлээ зориулдаг Б.Төрмандах гар даллан хоцорлоо. Хүн ардынэрүүл мэндийн төлөө баатар эр шиг довтолгодог их үйлсэд тань амжилт хүсье.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)