Хүний төлөө гэсэн сэтгэл хаачив

Зам тавьж, хашаа барьж, гутал уллаж, хичээл зааж, орчуулга хийсэн ч гарын үзүүрээр, биеийн амраар, сэтгэлийн муугаар хандах нь улам нэмэгдээд байх шиг. Эргэн тойронд сайн сайхан, хөгжлийн төлөө гэсэн нь байгаа ч, эхэнд хэлсэн муу, сул тал нь давамгайлах болсон нь юуных вэ. Настайчууд хүний мөс, чанар муудлаа гэдэг. Яагаад тэр юм бол. Аливаад хуурамч хандах болсон нь юутай холбоотой вэ. Энэ бүхний уг, үндэс хаана байгааг хожуу “ухаж, төнхөж” бичихийн өмнө хүний төлөө гэсэн сэтгэлгүй хандсан үйлдэл болгон ямар хор хохирол дагуулж байгаа талаар жишээнүүдээр дурдахыг хүслээ.

Охин дэлгүүрээс шинэ талх авч, зүсээд идэхээр суужээ. Тун удалгүй эмээ нь гал зуухандаа орж ирэн энэ тэр юм эмхлэх зуураа охиныг талхны үртэс цэвэрлэсэнгүй гэж зэмлэнгээ хэсэг үртэс нийлүүлж ам руугаа хиймэгцээ ёоолж гарч гэнэ. Охин огло харайн босож, эмээ амнаасаа бичгийн үдээс гарган шиджээ. “Юун үдээс ам руу оров, хэл урчихлаа. Бичиг цаас, ном дэвтрээ хаа хамаагүй тавихаа болиоч, ёооё” гэсээр нөгөө өрөө рүүгээ явжээ. Насанд хүрсэн охин “Нээрээ талхны уутыг бичгийн үдээсээр үдчихсэн байв уу даа, өмнө нь авч байгаагүй талх аваад ирсэн юмсан” гэж бодоод дахин хартал үнэхээр тийм байж гэнэ. Талхны уутны амсрыг яахаараа бичгийн цаасны үдээсээр бэхэлдэг байна аа. Охин ингэж бодоод, уурсан, мэргэжлийн хяналт, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг гээд өөр ямар ямар байгууллага байдаг билээ, хандана, гомдол гаргана гэж байхад нь редакцдаа авчраад зургийг нь дарчихлаа.

Талхны уутны амсрыг төмөр үдээсээр бэхлэх гэж юу гэсэн үг вэ. Настайчууд харахгүй, бага насны хүүхдүүд сонирхоод ам руугаа хийнэ. Талх үйлдвэрлэгчид ингэж болно гэж үздэг юм гэхэд, хүнсний бүтээгдэхүүн стандартын шаардлага хангаж байгаа, эсэхийг хянаж, шалгаж байдаг газрууд болиулдаггүй юм уу. Эсвэл тэд шалгаж байгаагүй, хэрэглэгч гомдол гаргаж байгаагүй юм болов уу. Эмээгийн аманд төмөр үдээс орж балрах шахав. Залгивал юу болох вэ. Эрүүл мэндийн хохирлыг талх үйлдвэрлэгч төлөх үү. Мөнгөтэй байгууллага төлдөг юм гэхэд хэрэглэгч эрүүл мэндийнхээ тодорхой хувийг алдана. Хүнс үйлдвэрлэгчийн хүний төлөө сэтгэл гаргадаггүйн, талхаа хатаалгүй худалдаж борлуулж л байвал бусад нь, тэр дундаа талх идэх хүмүүсийн аюулгүй байдал, эрүүл мэнд огтхон ч хамаагүй юу. Бизнесийн амжилтын үндсийн үндэс нь хүний төлөө гэх сэтгэл гэдэг сэн.

Амралтын газруудын ор, дэвсгэр таарсангүй, олигтой унтаж, амарч чадахгүй байсаар байгаад ирлээ гэх хүн нэг бус таарав. Танил бүсгүй ярилаа. “Модон орны хөндлөн банз янз бүрийн өндөртэй, гудас нь нимгэн болохоор нуруунаас нь нухаад унтаж чадахгүй, менежерт нь хэлж солиулах гэхэд өөр ор, банз, гудас байхгүй гэсэн. Амарч чадахгүй байна гэхэд “Юун сүртэй юм. Агаар, ус зорьж ирсэн болохоос ямбалах гэж наашлаагүй биз дээ. Гомдлоо захиралд л хэл. Гадаадаас ирэх болоогүй” гэдэг байгаа” хэмээн ярилаа. Амралтын газрынхан амрагчийнхаа уурыг ийнхүү хүргэж, сэтгэлийг унагажээ. Бүсгүй гудсаа шалан дээр нь дэвсээд унтахад нуруунаас нухах нь гайгүй ч, шороо үнэртээд горьгүй байжээ. Аль болох олон амрагч хүлээж авч, мөнгийг нь хурааж авахыг урьтал болгохоос тэдний тав тухын талаар лав амралтын газрынхан санаа тавьсангүй.

Энэ зуны их бороо хувь хүмүүсийн ч, айл өрх, байгууллагын ч тарыг олон талаар таниулав. Нийслэлд барилгын хэд хэдэн компани хүний төлөө гэх сэтгэл гаргаагүйгээс үүдэн олон хүн, байгууллага хохирсон явдал саяхан боллоо. Хан-Уул дүүргийн IV хороо, Яармаг руу чиглэсэн замын урд барилга барьж буй “Бөх бат”, “Талст ширээт”, “Чинбулаг”, “Амундра” компанийнхан барих барилга, байгууламждаа ус зайлуулах хоолой төлөвлөөгүй, үерийн ус орж ирэх хэсгийг тагласнаас их борооноор зам ихээр эвдэрч, айл өрх, аж ахуйн нэгжийн ногооны талбай усанд автах зэргээр их хэмжээний хохирол учирсан. Гэнэтхэн орж ирсэн их усанд талбайгаа баллуулсан, зээлийн нэлээд хэмжээний хөрөнгөөр хүлэмжид төрөл бүрийн нарийн ногоо тариалсан иргэд яахаа мэдэхгүй сандарч байна. Бусдын төлөө сэтгэлгүйгээр хувийн бизнесээ цэцэглүүлэхээр яарсан хүмүүс иргэдэд ийнхүү гай болов. Өөрсдөө мөнгө олж байвал өрөөл хамаагүй. Ийм сэтгэлгээ хэрхэн бүрэлдээд байна вэ, уг үндэс нь хаа байна вэ. Цаашид ч ийм байх уу.

Бусдын төлөө гэх сэтгэл үгүй болсныг алхам тутамдаа харах юм. Орцонд хогоо овоолж орхих, ил задгай бие засах, шөнө, өдөргүй машиныхаа дуут дохиог хангинуулах, шөнө гадаа орилж, хашхирах, дуулж, хөгжимдөх, алсын замд харанхуйд зөрж өнгөрөхдөө гэрлээ шилжүүлэхгүй байх, сүү саальдаа ус холих, айлын малыг бэлчээрт нь унаган арьс, эвэр, гэдсийг нь үлдээгээд, махыг нь аваад явсан гээд монголчууд хэзээ ийм байлаа гэхээр авирлах юм.

Борооны ус машин замаар урсаж байх үед замын хажуугаар шүхэр барьсан эмэгтэй гишгэх газраа олж ядан, газар шагайж явахад хажуугаар өнгөрөхдөө машиныхаа хурдыг нэмж, бохир ус хавиар нэг цацаад, эмэгтэйг дуу алдтал норгоод одох жолоочийг хүн гэж ойлгох, бодоход хэцүү. Хүн байх гэдэг нь зөвхөн амьтай, голтой, машин барьж чаддаг мах биш юм. Ухамсартай, ухаантай, соёлтой, бусадтай эвтэй, нийгэмдээ үүрэгтэй бодгаль сан. Энэ мэт байдалд санаа зовнисон нь сошиал ертөнцөд ч болов үгээ хэлж л байна. Саяхан Ардын багш, доктор С.Дулам “Хүн хүнээрээ үлдэх хэцүү юү, эсвэл, мал, мангас болох нь амархан уу” гэсэн байна билээ. Арга ядаад л ингэж бичсэн байх. Түүний хариуд нэгэн найз нь “Хүнлэг, хүмүүнлэг байх нь хэцүү учраас хүмүүжүүлж хүн болгох зорилгоор нийгмийн олон институтээр дамжуулдаг. Цэцэрлэг, сургууль, их сургууль, цэрэг, шорон, сүм хийд гэх мэтээр дурдаж болно” гэсэн байлаа.

Энэ мэтчилэн дурдаад, жагсаагаад байвал жишээ дуусахгүй.

Ахмад үе, өвөө, эмээ, аав, ээж маань аль сайнаа айл хөрш, анд нөхдөдөө барьж байхыг, цай, идээнийхээ дээжийг хангай дэлхий, уул, усандаа өргөж байхыг сургаж ирсэн. Өрөөлийн хэрэг бүтвэл өөрийн үйлс өөдрөг байдаг. Бусдын сайн сайхны төлөө санаа тавьж, сэтгэл гаргах хэрээр өөрийн ажил бүтэмжтэй байж, амьсгалах агаар цэнгэг, амьдрах орчин эрүүл байна.

Алсуур аваад үзвэл хөгжингүй орнууд буурай улсуудыг зүгээр ч тэтгээд байдаггүй. Хөрш, эсвэл харилцаат улс орнууд нь асуудал багатай байвал тухайн улс орны амгалан орших нөхцөл болохын учир дипломат харилцаа сайтай, хүмүүнлэгийн, санхүүгийн тусламж дэмжлэг мэтийг үзүүлж байдаг билээ. Хүн хоорондын харилцаа ч үүнтэй агаар нэг. Бусдын төлөө сэтгэл гаргах хэрээр өөрийн дотор уужуу, тэнүүн байх билээ.

Бусдын төлөө гэсэн монголчуудын сэтгэл хэзээнээс, хаашаа алга болов. Эргүүлж авчрах боломж бий юү.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)