Хүний сайн нэгэн

Дуучин С.Баттулгыг мэдэхгүй хүн ховор байх. Ж.Ренчинмядагийн шүлэг, СТАБ.Магсаржавын хөгжим “Зүрхний уяа” дуугаар нь сонсогч олон илүүтэй мэддэг. Дуучин маань утга уянгын дуунууд ялангуяа эх хүний тухай, эмэгтэйчүүдийг магтан дуулсан дуунуудад чин сэтгэлээсээ ханддаг нь түүний бүсгүй хүмүүнийг хүндэлж, хайрладагтай холбоотой биз ээ.

Түүнийг 2000-аад оны эхээр Гэр бүлийн радиогийн хөтлөгч байхаас нь эчнээ таних юм. Агаарын долгионоор гэр бүлийн сайн сайханд зориулсан төрөл бүрийн мэдээлэл түгээхдээ их, бага ямар ч хэмжээтэй материал байсан мөр, шад, үг, өгүүлбэр бүрийг зүрхний угаас уншиж, тайлбарлаж, ярина. Сонсогчидтойгоо илэн далангүй өргөн сэдвээр харилцан ярилцах нь сэтгэлд их л дотно байдаг байлаа. Намуун аядуу атлаа баргил хоолойн цаана ажлаа сайн мэддэг, сайтар хийдэг дуучин мэргэжилтэй залуу уран бүтээлч Сүхбатын Баттулга байсныг хожим нь мэдсэн юм.

Удалгүй хөгжим, урлагийн боловсролын чиглэлд сайн дураар ажиллаж байхдаа Тулгаа болон түүний гэргий, ажилч нямбай Цэрэнпагма нарыг илүү сайн таних болсон. Хүүхэд залуусыг хөгжимд хэрхэн дурлуулах вэ, дууны урлаг нь хүмүүжлийн ач холбогдолтой болохыг хэрхэн мэдүүлэх вэ, сонгодог урлагийн талаарх ойлголтыг яаж өгвөл нийгэм эергээр хүлээж авч, театр яавал үзэгчээр дүүрэн, концертын танхим мөн хөгжим сонсох гэсэн хүнээр халгиж, цалгиж байх бол гэж харилцан ярилцаж, тус бүрийнхээ ажилд бие биенийхээ гаргасан санаа оноог тусгах болсон.

Бид гарамгай уран бүтээлчдийн “Виртуозо” гала концертоо зохион байгуулах болоход Тулгаа, Цээгий хоёр эгээ л өөрсдийнх нь ажил мэт санаа тавьж, “За манайх уламжлал ёсоороо гэр бүл үзнэ шүү, хувь нэмрээ оруулдгаараа оруулна. Тэгээд ч хүүхдүүд маань дуртай байдаг юм. Өгөөжтэй сайхан тоглолт шүү” гээд алба юм шиг гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор, заримдаа илүү тасалбар ч худалдаж авна. Тэдний гэр бүл зарим жил шилдэг хөгжимчин хүүхдүүдийг шагнаж урамшуулж ирсэн. Уг нь бидний зохион байгуулдаг энэ ажил тэдэнд хамаагүй мэт боловч хөгжим болон хөгжимчдөд хүндэтгэлтэй хандаж мөн нийгмээ оюун санааны хувьд эрүүл, гэгээлэг байлгахсан гэсэн үзэл бодолтой нь нийцдэг ажил болохоор дуртай нь аргагүй нэгдэж, хүч хавсардаг хэрэг. Анзаарахад зөвхөн энэ концерт бус, хаана тэдний тус нэмэр хэрэгтэй байна, тэнд хоёулаа чадах зүйлсээрээ хүчин зүтгэж явдаг улс.

Улсын филармонийн гоцлол дуучин мөн хөтлөгч хэмээх үндсэн ажил нь, мэргэжлийн дуучдын чадварлаг нэгдэл болох гурвал дуучдын “VOICE” групп, Б.Ганчимэг гавьяаттай хамтардаг хоршил гэсэн уран бүтээлийн чиглэлүүд, өөрийнх нь үүсгэн байгуулан удирдаж яваа ахмад, дунд, залуу үеийн 60-аад уран бүтээлчдийг эгнээндээ нэгтгэсэн Архангай нутгийн уран бүтээлчдийн“ТАЙХАР” нэгдэл зэрэг нэг хүнд ахдахаар олон ажлыг амжуулсаар явна. Түүгээр ч зогсохгүй олон улсын, манлайлагч залуусын JCI байгууллагын идэвхтэй гишүүн (сенатор буюу хүндэт гишүүн) гээд дурьдаад байвал өөр олон олон сайн дурын ажлуудыг ханийнхаа хамт хийсээр иржээ. “Эдгээр ажилд өөрийгөө зориулж, “элээж” явахын ашиг гэж байдаг л байх даа” хэмээн нэг удаа асуугаад буруудах шахсан. Тэрбээр “Нийгмийн сайн сайхны төлөөх аливаа ажил тухайн хүнээс асар их сэтгэл, зориулалт, цаг зав шаарддаг. Заримдаа мөнгө, санхүүгээ ч гэсэн харамгүй зориулах үе гардаг. Нэг өдөр хүү маань “Сайн уу, аав аа” гэж мэндэллээ. “Уулзаагүй удсан хүн шиг гэнэт юу болов оо, миний хүү” гэхэд хүү “Та бид хоёр гурав хоног таараагүй шүү дээ” гэлээ. Тэгэхэд нь гэр бүлдээ маш бага цаг зарцуулж яваагаа анзаарсан юм. Гэхдээ бусдын төлөө унтах нойроо хагаслан, цаг заваа зориулж явахад хаа нэгтээ тааралдах хүйтэн сэтгэлтнүүдийг эс тооцвол сайхан ажил, гэгээн үйлс шүү дээ. Миний оролцсон, бидний хамтарч зохион байгуулсан ажлууд амжилттай болоход түүнээсээ илүү ихийг хийж бүтээх урам зориг авдаг. Эхнэр маань намайг бүхий л талаар ойлгон дэмжиж, үргэлж хамтран зүтгэдэг учир  хамтдаа хөдөлмөрлөн зүтгэж ард нь гарсан ажил бүр бидний аз жаргал байдаг” хэмээн ярьж байлаа. Ийм нэгэн залхуурах гэдгийг мэддэггүй, зүгээр суух тухай ойлголт байдаггүй, уран бүтээлээс гадна бие, сэтгэлээ бусдын төлөөх ямар нэг ажилд зориулж явдаг дуучин залуу ээлжит томоохон бие даасан тоглолтоо зарлаад мөн л гэртээ орох завгүй жирийж явна.

Тэрбээр “МИНИЙ ЭХ ОРОН” цуврал тоглолтуудаа тус бүр өөр өөрийн гэсэн утга агуулга, өнгө төрх, уран бүтээлийн сонголттойгоор хийдэг бөгөөд энэ жилийн эмэгтэйчүүдийн баяраар “ХҮНИЙ САЙХАН ХОРВООД” талархал, хүндэтгэлийн тоглолтоо Монголын сайхан эхчүүд, бүсгүйчүүдэд зориулах гэж байна. Тоглолт гуравдугаар сарын 6-нд “Корпорэйт конвеншн сентер”-т болно.

Дуучин С.Баттулгын аав Л.Сүхбат нь бүжгийн багш, бүжиг дэглээч, найруулагч, ээж Ч.Лхагвахүү нь бүжигчин, драмын жүжигчин хүн байсан. Түүний хийсэн уран бүтээл бүр нь утга агуулга, уялдаа холбоотой байдаг нь урлагийн гэр бүлд төрж, өсөн хүмүүжсэнтэй салшгүй холбоотой билээ. Үр хүүхдүүдээ урлагтаа үнэнч зүтгэж, олон түмэнтэйгээ ойр байхыг захидаг байсан аав, ээжийнхээ үйлсийг үргэлжлүүлж яваа уран бүтээлч энэ удаагийн тоглолтоо талархал, хүндэтгэлийн гэж тодотгосон нь учиртай. Эмэгтэйчүүдийн баяр тохиолдуулсан тоглолт олон болох гэж байна. Эдгээрийн дундаас “Хүний сайхан хорвоод” тоглолтыг онцолж эрхэм дотно хүмүүсийнхээ хамт тус тоглолтыг зорин ирэх үзэгч олондоо уран бүтээлчийн өмнөөс талархал дэвшүүлье.

Дуучин С.Баттулга “Тоглолт халуун дотно уур амьсгалаар дүүрэн болно гэдэгт эргэлзэхгүй байна. Хамтран ажиллах уран бүтээлчдийн хувьд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын эстрад, симфони оркестр, найрал дуучид, бүжигчид, Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэдэх ҮЛГЭР ЖИШЭЭ үлээвэр найрал хөгжим, зочин дуучид, уран бүтээлчид гэх мэт өргөн бүрэлдэхүүнтэй томоохон тоглолт болно” хэмээн сэтгэл дүүрэн ярьж байна.

С.Баттулгатай тэртээ 2005 онд ярилцаж байхад нэгэн түүхийг надад ярьсан юм. 1999 онд оюутан байхдаа ирээдүйн гэргий Цээгийтэйгээ болзжээ. Цаг нэлээд орой болсон тул оюутан залуу сэтгэлтэй бүсгүйгээ I хороололд байдаг гэрт нь “баатарлагаар” хүргэж өгөөд, XVI хороолол буюу Улаанхуарангийн эцэст байдаг гэр рүүгээ үүр цайтал алхсан хэдий ч Улаанбаатар хотыг баруунаас зүүн тийш хөндлөн туулахдаа залуу хархүү сэтгэлдээ баяр хөөртэй явж байжээ. Залуу хосын хөгжилтэй бөгөөд дурсамжтай энэ бяцхан түүх “Хүний сайхан хорвоог” хамтдаа туулах холын аяны эхлэл байжээ.

Бас нэгэн дурсамж: Хоёр жилийн өмнө юм байна, мань хүн бас нэгэн уртын сунгаанд давхисан юм байна шүү. Манай нэгэн ойрын танилын хүүхдүүдийн хурим зун болов оо. Залуу хос найрандаа Тулгаагийн “Зүрхний уяа” дууг заавал дуулуулмаар байна гэж хүссэн тул охины ээж залгаад дуучинтай холбож өгөхийг хүслээ. Залгатал Тулгаа, Цээгий хоёр хүүхдүүдтэйгээ Архангайд явж байлаа. Хурим маргааш орой болох гээд байдаг. Хуримын эздийн хүндэтгэн урихыг хүссэн дуучин Архангайд, сумандаа амарч байдаг. Энэ тухай өнөөх эмэгтэйд хэлэхэд “Хоёр хүүхдийнхээ хүсэлтийг биелүүлмээр байна, яах вэ” гэхээр нь дахиад залгаж хэлтэл “Ингэтлээ хүсэж байгаа хүмүүст үгүй гэлтэй биш, очъё доо. Өглөө эрт гаръя” гэсэн хариу өгөн, хуриманд амжиж ирэн дуулсан юм. Сүүлд сонсохноо хоёрхон дууг нь дуулуулна гэж урьсан хүмүүс, бараг оройжин “ашигласан” байсан. Дээр цухас дурдсан ашиг гэдэг нь Тулгаагийн хувьд хүмүүсийн зүгээс ирдэг чин сэтгэлийн талархал нь байж эерэг энерги, эрч хүчнийх нь ундарга  болдог байх.

Сэтгэл сайхантай, итгэл даадаг, хэлсэн үгэндээ эзэн нь байдаг, бусдыг уриалан дуудаж, нэгдэн нягтруулж чаддаг, дуу хуур, урлагийн сайхнаар ард түмнээ хөглөдөг дуучин С.Баттулга энэ удаагийн тоглолтоо эхчүүд эмэгтэйчүүдээ хүндэтгэн “Хүний сайхан хорвоод” гэж нэрлэсэнтэй адил сэтгүүлч миний бие түүнийг олон жилийн өмнөөс мэдэхийн хувьд “Хүний сайн нэгэн” хэмээн хүндэтгэнэ...


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)