Хүний оршихуйг нийтлэг үзэгдэл болгодог яруу найрагч

Хүний оршихуйг нийтлэг үзэгдэл болгодог яруу найрагч Нобелийн утга зохиолын салбарын 2020 оны шагналын эзнээр Америкийн яруу найрагч Луиз Глюк тодорсныг Шведийн академийн мэдэгдэлд дурдав. Гайхамшигт чадвараараа хувь хүний оршихуйг бүх нийтийн, нийтлэг үзэгдэл болгодог яруу найргийн дуу хоолойтойнх нь төлөө түүнд эл шагналыг олгох болсныг үүнд тэмдэглэжээ. Нобелийн хорооны тэргүүн Андес Олссон гаргасан шийдвэрээ тайлбарлахдаа Луизын яруу найргийг “Ойлгомжтой байх, ойлголцох хүсэл эрмэлзэл бүхий ил тод, шулуун зоримогийн сацуу хошигнол, цэцэн ухаан шингэсэн бүтээл” хэмээн тодорхойлсон байна. 

СОНГОДОГ ТҮҮХ, ҮЛГЭР ДОМГООР ХҮМҮҮЖСЭН ОХИН 

Луиз Глюк 1943 оны дөрөвдүгээр сарын 22- нд АНУ-ын Нью-Йорк хотод мэндэлжээ. Тэрбээр бизнес эрхлэгч Даниэль Глюк, гэрийн эзэгтэй Беатрис Глюк нарын эсэн мэнд өссөн хоёр охины том нь. Ээж Беатрис нь Оросын еврей гаралтай бол аавынх нь талын эмээ, өвөө нь Унгарын еврей бөгөөд эцгийг нь мэндлэхээс өмнө АНУ-д очиж, хүнсний дэлгүүртэй болсон хүмүүс аж. Аав Даниэль нь зохиолч болохыг хүсдэг байсан ч эхнэрийнхээ ахтай хамтран “X-Ac¬to” брэндийн хутга бүтээн, үйлдвэрлэсэн нь амжилт олжээ. Ээж нь Массачусетс муж улсын Уэллсли хотын коллеж төгссөн. Эцэг, эх нь хүүхдүүддээ Жанна д’Аркийн амьдрал зэрэг сонгодог түүх, Грекийн үлгэр домог цээжлүүлдэг байсан учраас Луиз багаасаа шүлэг бичиж эхэлжээ. Өсвөр насандаа тэрбээр турахыг хүсдэг сэтгэцийн өвчтэй байсан бөгөөд үүнийгээ ээжээсээ хараат бус байх гэсэн оролдлогын үр дүн хэмээн нэг эсээндээ бичсэн аж. Өөр нэг эсээндээ уг өвчнийг өөрийг нь мэндлэхээс өмнө нас барсан эгчтэйгээ холбон тайлбарлажээ. Ташрамд дурдахад, эмэгтэй дүү Тереза (1945–2018) нь Ситибанкны дэд ерөнхийлөгч хэдий ч зохиол бичиж, ном гаргасан төдийгүй богино зөгнөлт зохиолын шагнал хүртсэн нэгэн гэнэ. Луиз дунд сургууль төгсөх жилийнхээ намар эхлүүлсэн мэдрэлийн эмчилгээгээ долоон жил хийлгэсэн бөгөөд энэ нь түүнд өвчнөө давж, бодож сургажээ. 1961 онд дунд сургуулиа төгссөн ч коллежид өдрөөр сурах боломжгүй байсан тул Сара Лоуренсийн коллежийн яруу найргийн ангид эчнээ сурч, 1963-1966 онд Колумбын их сургуулийн Ерөнхий судалгааны сургуулийн, яруу найргийн семинарт хамрагдсан байна. Энэ нь дипломын тусгай хөтөлбөр аж. Тус сургуулийн алдарт яруу найрагч Леони Адамс, Стэнли Куниц зэрэг багш нь түүнийг яруу найрагч болоход гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн Луиз үздэг. 

ШҮҮМЖЛЭГЧДИЙН ТААШААЛД НИЙЦСЭН УРАН БҮТЭЭЛЧ 

Колумбын их сургуулийг эрдмийн зэрэггүй дүүргэсэн Луиз нарийн бичгийн ажил хийж байгаад 1967 онд эмч Чарльз Герцтэй гэрлэсэн ч удалгүй хоёр тийш болжээ. 1968 онд тэрбээр шүлгийн анхны “Ууган хүү” номоо хэвлэснийг шүүмжлэгчид нааштай үнэлсэн байна. 1971 оноос Вермонт муж улсын Годдард коллежид яруу найргийн багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд дөрвөн жилийн дараа “Намгийн байшин” хоёр дахь номоо гаргасныг олон шүүмжлэгч түүний онцлог дуу хоолойг нээсэн хувьсгалт ажил болсныг тэмдэглэв. 1973 онд зохиолч Жон Драноутай гэрлэн хүү Нойгоо төрүүлжээ. Тэд 1977 онд гэрлэлтээ бүртгүүлсэн байна. 1980 онд Жон болон яруу найрагч Эллен Брайнт Фойгтын нөхөр Фрэнсис Фойгт хамтран арилжааны хувийн коллеж болох Шинэ Английн хоолны институтийг байгуулав. Тэд тус сургуулийн анхны хөрөнгө оруулагчид бөгөөд захирлуудын зөвлөлийн гишүүн байжээ. 1980 онд Луиз шүлгийн гурав дахь “Уруудаж буй биет” номоо хэвлүүлэв. Үүнд орсон “Живсэн хүүхдүүд” шүлгээс нь түүнийг хүүхэд үзэн яддаг гэх зэргээр шүүмжилсэн ч эл номыг мэргэжилтн үүд бүхэлд нь таатай хүлээн авчээ. Тэр жил тэдний гэрт гал гарч, байсан бүхэн нь шатсан байна. Эл эмгэнэлт явдлын дараа Луизын бичсэн шүлгүүд нь олон шагнал хүртсэн “Ахиллын ялалт” номд нь багтжээ. Үүнийг өмнөх бүтээлүүдээс нь “илүү тод, цэвэр тунгалаг бөгөөд хурц” хэмээн зохиолч, шүүмжлэгч Лиз Розенберг “New York times” сонинд бичсэн нийтлэлдээ тодорхойлсон байдаг. 

“Луиз манай үеийн гарамгай яруу найрагчдын нэг болохыг энэ ном харуулж байна” гэж шүүмжлэгч Питер Ститт мэдэгджээ. Эл номд орсон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийн сүлд дуулалтай зүйрлэдэг “Хуурмаг жүрж” шүлгийг антологи бүтээлээр нэрлэсэн байна. 1984 оноос Луиз Массачусетс муж улсын Уильямс коллежид англи хэлний тэнхимийн ахлах багшаар ажиллав. Дараагийн жилд аав нь нас барж, энэ уй гашуугаа өгүүлсэн “Арарат” номоо бэлтгэхэд хүргэжээ. Шүүмжлэгч Дуайт Гарнер 2012 онд “New York times” сонинд бичсэн нийтлэлдээ уг номыг “Сүүлийн 25 жилд гарсан, Америкийн шүлгийн хамгийн хэрцгий бөг өөд гунигтай бүтээл” хэмээсэн байна. Үүний дараа Луиз хамгийн алдартай, шүүмжлэгчдийн таашаалд нийцсэн бүтээлийн нэг болсон “Зэрлэг цахилдаг” номоо бэлтгэв. Үүнд орсон шүлгүүдэд цэцэрлэгийн цэцг үүдийг цэцэрлэгч болон бурхантай амьдралын мөн чанарын тухай ярилцаж буйгаар дүрсэлжээ. “Weekly” хэвлэлийн газар уг номыг яруу найргийн гайхамшгийг харуулсан чухал бүтээл хэмээсэн бол шүүмжлэгч Элизабет Лунд “чухал үйл явдал” гэсэн байна. Эл ном 1993 онд Пулитцерийн шагнал хүртсэн нь Луиз Глюкийн Америкийн гарамгай яруу найрагч гэсэн нэр хүндийг бэхж үүлсэн аж. 1990-ээд он түүнд уран бүтээлийн амжилт авчирсан ч хувийн амьдралын хувьд таагүй жил үүд байв. Жон Драноугаас салснаар Луиз туурвилынхаа хамгийн үр бүтээлтэй үе рүү орж, бичих чадвараа харуулжээ. 

1994 онд “Нотолгоо ба онолууд: яруу найргийн эсээ”, 1996 онд хайр дурлал болон гэрлэлтээ цуцлуулсан тухай “Нуга” шүлгийн номоо гаргав. Дараа нь “Вита Нова” (1999), “Долоон нас” (2001) гэсэн хоёр ч номоо хэвлүүлсэн байна. 2001 оны есдүгээр сарын 11- ний террорист халдлагын хариуд 2004 онд шүлгийн “Октябрь” номоо бэлтгэжээ. Эртний Грекийн домогт тулгуурлан гэмтэл, зовлон шаналлыг дүрслэн өгүүлсэн зургаан хэсэгтэй шүлэг үүнд багтсан аж. Тэр жил Луиз Йелийн их сургуулийн Розенкранц сангийн зохиолчоор томилогджээ. Үүнээс хойш “Аверно”, “Тосгоны амьдрал”, “Итгэмжит, буянтай шөнө”, “Шүлгүүд: 1962-2012” шүлгийн, “Америкийн өвөрмөц байдал” эсээний номоо гаргасан байна. Тэрбээр шүлэг, өгүүллэгийн нийт 20 ном хэвлүүлсэн аж. 1999 онд Луизыг АНУ-ын Конгрессын номын сан 200 жилийнхээ ойг тохиолдуулан тусгай зөвлөхөөр ажиллахыг хүсжээ. Үүний дагуу тэрбээр ой тэмдэглэх хөтөлбөр гаргахад нь тусалсан байна. Мөн онд Америкийн яруу найрагчдын академийн канцлераар сонгогдож, эл албан тушаалыг 2005 он хүртэл хашсан аж. 2003 онд Йелийн залуу яруу найрагчдын тэмцээний шүүгчээр томилогдож, 2010 он хүртэл ажилласан байна. Эл хугацаандаа залуу яруу найрагчдын бүтээлийг хэвлэх сонгон шалгаруулалтын шүүгч хийжээ. 

Тэрчлэн Луиз Стэнфорд, Бостоны их сургууль, Айовагийн зохиолчдын урлан зэрэг олон байгууллагад урилгаар багшлав. Луиз Глюк Нобелийн утга зохиолын шагнал бий болсон 1901 оноос хойш эл нэр хүндийн эзнээр тодорсон 16 дахь эмэгтэй болов. Уг шагналыг 43 уран бүтээлч хүртсэн байдаг. Нобелийн утга зохиолын салбарын шагналыг ирэх арванхо ёрдугаар сарын 10-нд гардуулах бөгөөд энэ жил 10 сая швед крон буюу 1.1 сая ам.долларын урамшуулал дагалдах аж. Түүний бүтээл эрдэм шинжилгээ судалгааны материал болдог. Баримт бичгүүд нь тухайлбал, гар бичмэл, захидал болон бусад материал нь Йелийн их сургуулийн Ховор ном, гар бичмэлийн номын санд хадгалагддаг юм байна. 

ХАТУУ ӨНГӨ АЯСТАЙ УЯНГЫН ШҮЛЭГЧ 

Луиз Глюк хэл шинжлэлийн нарийн, хатуу өнгө аястай уянгын шүлгээрээ их алдартай. Яруу найрагч Крейг Морган Тейчер түүнийг “Үг нь хэзээд цөөн, олзворлоход хэцүү, бас орхигдуулж болдоггүй зохиолч” хэмээн тодорхойлжээ. Үгийг болгоомжтой ашигладгаараа Луиз “шүүсийг нь шахсан” чамбай яруу найргийг үнэлдэг Эмили Дикинсоноос эхлээд Элизабет Бишоп хүртэлх Америкийн яруу найрагчдын нэг юм гэж эрдэмтэн Лаура Куинни нотолсон байна. Тэрбээр шүлгүүддээ төгсгөл холбох арга ховорхон ашиглаж, үүний оронд хэмнэлийг алдагдуулахгүйн тулд давтах, тэгшитгэх болон өөр бусад техник хэрэглэдэг. Хувийн амьдралд тохиолдсон үйл явдлаас ихэвчлэн санаа аван эр, эмийн харилцааг ч нэгдүгээр биеийг төлөөлүүлэн шүлгэндээ бичих хандлага зонхилдог тул түүнийг шашинлаг яруу найрагч гэж үнэлэх нь зөв, эсэх талаар эрдэмтэн, судлаачид маргадаг. Эрдэмтэн Роберт Бейкер Луизыг эргэлзээгүй шашинлаг яруу найрагч гэсэн бол бусад нь түүний шүлгийг намтарчилсан, үлгэр домгийн арга техник ашигладгийг онцлон тэмдэглэжээ. 

АМЬДРАЛЫГ ИЛҮҮ ГҮН ГҮНЗГИЙ ОЙЛГОХ ҮҮД ХААЛГЫГ НЭЭГЧ 

Сэдвийн хувьд Луизын бүтээлүүд янз бүр байдаг ч эрдэмтэн, шүүмжлэгчид нэн тэргүүний ач холбогдолтой хэд хэдэн сэдвийг онцолсон байна. Юуны түрүүнд, түүний бүтээл шаналгаанд тулгуурласан гэдэг. Учир нь амьдралынхаа турш тэрбээр үхэл, хагацал, гадуурхал, салалт, эдгээх болон шинэчлэх оролдлогын тухай бичжээ. Луизын шүлэгт аз жаргалтай, эсвэл хүлцэнгүй байдлыг уламжлал ёсоор ашигласан ч мөнх бусыг, охин биеэ алдана гэдгээ ухамсарлахыг зохиогч санал болгосон байдгийг эрдэмтэн Дэниел Моррис тэмдэглэсэн байна. Үүнийг эрдэмтэн Жоанн Фейт Диль нотолж, Луизын шүлгүүд дэх эл эцсийн мэдрэмж нь эргэж харах хүч өгч, хүүхдийн тэрэг гэх мэт ердийн объектуудыг ганцаардал, алдагдлын дүр төрх болгон харуулдгийг өгүүлжээ. Гэсэн ч Луизын хувьд шаналал нь амьдралыг илүү гүн гүнзгий ойлгох үүд хаалгыг нээдэг байж магадгүй бөгөөд энэ ойлголтыг “Ахиллын ялалт”-д тодорхой тусгасан байж болох юм. Гарчигт дурдсан ялалт бол Ахилл нас баралтыг хүлээн зөвшөөрсөн явдал бөгөөд ингэснээр түүнийг илүү сайн хүн болох боломж олгодог. Луизын бүтээл дэх амьдрал ба үхэл гэсэн эсрэг, тэсрэг хүч хоорондын холбоо нь хү-сэл гэсэн өөр нэг ерөнхий сэдвийг илтгэжээ. Хүслийн олон хэлбэр, жишээлбэл, хайр, анхаарал халамж, ойлголт, эсвэл үнэнийг дамжуулах чадварыг эрэлхийлэх талаар тэрбээр шулуухан бичдэг байсан ч түүний хүсэлд хандах хандлага нь хоёрдмол утгатай байдаг. Луизын шүлгүүд ихэвчлэн зөрчилтэй үзэл бодлыг тусгадаг бөгөөд түүний байр суурь, эрх мэдэл, ёс суртахуун, хүйс болон хэл ярианы талаарх өөрийн хоёрдмол утгыг илэрхийлдэг гэж Дэниел Моррис үздэг. Луиз Глюкийн олон бүтээлд байгалийн тухай өгүүлдэг. “Зэрлэг цахилдаг” шүлгийн үйл явдал цэцгийн сэтгэл хөдлөм “хоолойтой” цэ-цэрлэгт болдог. Гэтэл “Намгийн байшин”-гаас байгалийн яруу найргийн романтик уламжлалыг хэрхэн шинэчлэн найруулсныг уншиж болно гэж Д.Моррис тэмдэглэжээ. “Арарат”-д цэцэг гашуудлын хэл болдог бөгөөд Луизын уран бүтээлд байгаль нь шүүмжлэлтэй үнэлэгдэх, хүлээн зөвшөөрөгдөх зүйл аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)