Хүний аминд хүрсэн электрон тамхийг хориглов

Электрон тамхи эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй

Электрон тамхи эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй тул худалдахыг хориглох олон улсын хөдөлгөөнд хамгийн сүүлд нэгдсэн улс нь Энэтхэг болов. Мөн уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, сурталчлахыг хоригложээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр Энэтхэгт насанд хүрсэн 106 сая тамхичин байдаг. Уг үзүүлэлтээр тус улс дэлхийд Хятадын дараа ордог бөгөөд электрон тамхи үйлдвэрлэгч компаниудын хувьд ашигтай зах зээл болж байв. 

Электрон тамхийг хориглох асуудал бусад улсын анхаарлыг ч ихээхэн татах болсон. АНУ амт оруулсан, электрон тамхийг дэлгүүрүүдээс татахаар төлөвлөж буйгаа өнгөрсөн долоо хоногт зарлаж, чихэрлэг амт нь олон сая хүүхдийг никотины хамааралд оруулсныг анхааруулжээ. Нью-Йорк, Мичиган муж улсад нь амт оруулсан электрон тамхийг хориглосон. Ийм тамхинаас болж 36 муж улс, Виржинийн арлуудад нь 450 гаруй хүн уушгины хүнд өвчтэй болж, зургаан хүн нас барсан тохиолдлыг шалгаж буй аж.

Удаан хугацаагаар ханиалгах, цээжээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах, ядрах, гэдэс өвдөх шинж тэмдэг илэрвэл эмчид хандахыг АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хяналт тавих төвөөс зөвлөжээ. Сөргөөр нөлөөлж буй шалтгаан нь электрон тамхины шингэнд агуулагддаг Е аминдэм бүхий тос, мансууруулах бодис (Tetrahydrocannabinol)-той холбоотой байх магадлалтай гэж Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарт хяналт тавих газрынх нь мэргэжилтнүүд үзсэн байна. Хятадын “Alibaba”, “JD.com” цахим худалдаанд гарснаас хойш долоо хоногийн дараа АНУ-ын “Juul” компанийн бүтээгдэхүүнийг эгүүлэн татаад байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)