Хүнийг зомби болгодог хар тамхи

Өнгөрсөн наймдугаар сарын дундуур АНУ-ын Флорида мужид 19 настай Аустин Харриуф хэмээх оюутан залуу хос хоёрыг гэрт нь хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Флоридагийн их сургуулийн оюутан Аустины алуурчин болсон шалтгаан флакка хэмээх хар тамхи байсныг шинжээчид илрүүлсэн юм. Аустин хос хоёрыг хутгалж хөнөөгөөд зогсохгүй хохирогчийн нүүрийг идэж байхдаа цагдаагийнханд баривчлагдсан юм. Өөрийн ухаангүй болсон оюутныг цагдаагийнхан зогсоох гээд дийлээгүй. Тиймээс нэмэлт хүч дуудаж, тусгай бэлтгэгдсэн дөрвөн цагдаа арай гэж тогтоож авчээ. Цагдаагийнхан түүнийг яг л араатан шиг авирлаж байсан гэж тэмдэглэсэн юм.

Ник Галло хэмээх өөр нэгэн эр машиндаа сууж байсан эмэгтэй рүү халдсан гэдэг. Тэрбээр арынх нь цонхыг хагартал мөргөж, хохирогчийн зүрхийг амаар нь гаргачих шахжээ. Аз таарч цагдаа ирсэнээр хөөрхий эмэгтэй аврагдсан юм. Түүнийг ч мөн флакка хэрэглэсэн гэж шинжээчид дүгнэсэн.

Матью Кееней хэмээх эр гэгээн цагаан өдөр хотын гудамжаар нүцгэн гүйж, олныг гайхшруулсан удаатай. Тэр ч бас дээрх хоёрынхтой ижил шалтгаанаар ийм тэнэглэл үйлдсэн аж.

Флакка бол шинэ төрлийн хар тамхи. Хүнийг мансууруулах, тэр ч бүү хэл бүр зомби хэмжээнд хүртэл ухаанаа алддаг энэ хар тамхи БНХАУ-д үйлдвэрлэгдсэн. Харин 2013 оноос уг бодисыг хэрэглэх хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн баримт бий. Цагдаагийн тэмдэглэлд таван хүн флакка хэрэглэснээс нэг нь галзуурсан гэж бичсэн байдаг.  

Флакка бол коккейн ба Амфетамин буюу Метамфетамины гидрохлоридын холимог бодис. Амфетамин бол клубын хар тамхи гэдгээрээ алдартай. Энэ хар тамхийг хэрэглэсэн хүн ядрах, эцэж цуцахыг мэдрэхээ байдаг. Үүнээс болоод клубт бүжиглэж цэнгэх дуртай залуус амфетамин уугаад олон цагаар огт ядралгүй цэнгэдэг гэнэ. АНУ-ын зах зээлд ердөө 5 ам.доллароор зарагддаг энэ бодис иргэдийн дунд өргөн хэрэглээ болж буйд Засгийн газар нь санаа зовж сууна.    

АНУ-ын Засгийн газар хар тамхитай тэмцэхийн тулд сүүлийн 45 жилд нэг триллон ам.доллар зарцуулсан. Дэлхийд томд тооцогдох шоронгийн систем байгуулаад ч үр дүн гаргаж чадаагүй аж. Үүний шалтгааныг иргэдийнх нь дунд хар тамхины талаарх ойлголт муу байдагтай холбоотой гэж үзэж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)