Хүнд хэлбэрийн сүрьеэг есөн сарын хугацаанд эмчилдэг боллоо

Олон эмд тэсвэртэй сүрьеэг хоёр жил болон есөн сарын хугацаанд эмчлэхэд хэрэглэдэг эм, тарианы ялгааг зурагт үзүүлэв

ДЭМБ-ын 2011 онд гаргасан зөвлөмжийн дагуу манай улс олон эмд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС)-г хоёр жил хүртэлх хугацаанд эмчилдэг байв. Ингэхдээ өвчтөн өдөр бүр 4-5 төрлийн эм ууж, найман сарын турш өндөр тунтай тариа хийлгэж, илааршдаг байсныг ХӨСҮТ-ийнхөн хэлсэн. Түүгээр ч зогсохгүй олон төрлийн хүчтэй эм хэрэглэдэг тул гаж нөлөө цөөнгүй илэрч, эмчилгээгээ таслах тохиолдол элбэг байж. Өөрөөр хэлбэл, хоёр хүн тутмын нэгийг нь л анагаадаг байсан гэнэ. Тиймээс тус төвийнхөн хүнд хэлбэрийн сүрьеэгийн эмчилгээний хугацааг богиносгох үр дүнтэй арга нэвтрүүлснээ өчигдөр мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиник болон лавлагаа лабораторийнхон Монголын сүрьеэтэй тэмцэх нэгдсэн холбоотой хамтран олон улсын “Stream” хөтөлбөрийн эмнэл зүйн судалгааны бүрэлдэхүүнд 2014 оноос орж, ажиллажээ. Уг судалгааг Лондоны их сургууль хариуцан, Сүрьеэ, уушгины өвчинтэй тэмцэх олон улсын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа аж. Эл судалгааны III үеийн I шатанд сүрьеэгийн өвчлөл өндөртэй Монгол, Вьетнам, Өмнөд Африк, Этиоп улс оролцож, ОЭТС-гийн эмчилгээний хугацааг богиносгож, 9-11 сар болгох аргыг манай эрдэмтэн, судлаачид нэвтрүүлсэн юм байна. Үүний үр дүнг “New England journal of medicine” сэтгүүлд нийтэлжээ. Манай улс сүрьеэгийн тусламж, үйлчилгээний удирдамжидаа дээрх горимыг 2018 оноос нэвтрүүлж, энэ оны эхний 11 сарын байдлаар 85 хүнийг богино хугацаанд төгс эмчилсэн гэнэ. Ингэхдээ ОЭТС өвчний үед өмнө нь хэрэглэдэг байсан сонсгол бууруулж дүлийрэх, бөөрөнд хортой нөлөөлдөг тарилгыг эмчилгээнээс хасаж, эмийн төрөл, тоог ч бууруулсан байна. Ташрамд өгүүлэхэд, эмчилгээний хугацааг ийнхүү богиносгосноор өвчтөн, түүний гэр бүл, цаашлаад эрүүл мэндийн салбарт үзүүлэх санхүүгийн дарамтыг бууруулахад чухал нөлөө үзүүлж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)