Хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн залууст шагнал гардууллаа

2019 оны долдугаар сарын 1-нд Эрхүү дэх Монгол төгсөгчдийн холбооноос уг мужид болсон байгалийн гамшигт нэрвэгдсэн хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэхээр Сайн үйлсийн аянг эхлүүлсэн билээ. Уг аяныг Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохион байгуулсан аж.

Байгалийн гамшигт өртсөн хүмүүст сэтгэл санааны болон материалын дэмжлэг үзүүлсэн тус холбооны залууст Россотрудничество агенлагийн тэргүүн Элеонора Валентиновна Митрофанова талархал илэрхийлэн, шагнал гардууллаа. Шагналыг өнөөдөр гардуулсан бөгөөд Эрхүү дэх Монгол төгсөгчдийн холбооны тэргүүн Э.Зундуйжамцаас уг аяны тухай тодрууллаа.

-Танай холбоо хэдэн гишүүнтэй вэ?

-65000 гаруй гишүүнтэй.

-Эрхүү мужид Монгол Улсаас нийт хэчнээн оюутан суралцаж байна вэ?

- Монголоос одоогийн байдлаар 450 гаруй оюутан суралцдаг.

-Үүний хэд нь аянд хамрагдсан бэ?

-Уг аянд 200 гаруй оюутан сайн дураараа хамрагдсан.

-Сайн үйлсийн аяныг хоёр үе шаттай явуулсан гэж сонссон.

-Эхний ээлжинд бид нэн түрүүнд шаардлагатай хоол хүнс, дулаан хувцас, эм тариа гээд 40 тонн бараа материалыг илгээсэн юм. Харин дараа нь ОХУ-ын Эрхүү мужийн хүүхдүүдийг Монголд амраахаар 100 ширхэг урилга явуулсан. ОХУ-аас 42 хүүхэд 6 багш “Найрамдал зуслан” “Найрамдлын эрдэнэс” зусланд нэг сар амарсан төдийгүй Монголын соёл, дурсгалт газруудтай танилцсан юм. Амрахаар ирсэн хүүхдүүдийн 26 нь үерт гэрээ алдсан байсан.

-Эрхүүд болсон үер хэчнээн айл өрхөд хохирол учруулсан бэ?

-1500 өрх орон гэргүй болсон. Мөн 5000 гаруй хүн үерт өртсөн гэсэн албан бус мэдээлэл бий.

Э.Булган


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)