Хүлээлт үүсгээд байсан 100 айлын зам АШИГЛАЛТАД орлоо

Сүүлийн 44 жилд засвар шинэчлэлт огт хийгдээгүй байсан 100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1,6 км авто замын барилгын ажил өнөөдөр дуусаж, зорчих хэсгийн хөдөлгөөн нээгдлээ. 

Хэдийгээр авто зам нээгдээд байгаа ч явган хүний зам хараахан бэлэн болоогүй харагдав. Явган хүний зам болон бусад тоноглолын ажлуудыг энэ оны есдүгээр сард багтаан гүйцэтгэж дуусах аж. 

Тус замыг 12 метр өргөнтэй дөрвөн эгнээ, 2,25 метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн замтай цогц бүтээн байгуулалт байхаар төлөвлөжээ. Мөн ус зайлуулах лотки шугам суурилуулснаараа онцлогтой юм.

Замыг шинэчлэхэд 3 тэрбум 450 сая төгрөг зарцуулсан бөгөөд нийслэлийн удирдлагууд гүйцэтгэгч компанид гурван жилийн баталгаатай хийхийг шаардсан байна. Хэрэв гурван жилийн хугацаанд замд ямар нэгэн эвдрэл, гэмтэл учирвал тухайн компаниас хөрөнгө гаргаж засварлана хэмээн тохиролцжээ.

Гудамж замын шинэчлэлт хийгдсэнээр энэ оны 10 дугаар сарын 1-ны өдөр гэхэд тээврийн хэрэгслийн зорчих хэсэг, явган дугуйн зам, авто зогсоох зэрэг гудамж замын бүрдлүүдийг ялган өгч, иргэдийн ая тухтай амьдрах, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулсан олон нийтэд хүртээмжтэй авто зам болно хэмээн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх онцоллоо.

100 айлын зам нь байгалиасаа их намагтай газар байрладаг аж. Тийм болохоор дугуйн зам тавихын тулд доош нь 30-40 см ухаж байж зам тавьж байгаа юм байна. Үндсэндээ бол дугуйн болон явган хүний зам нийтдээ 40-50 см-ийн зузаантайгаар тавигдаж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)