Хүлэмжээ буулгаад хүүхдүүдэд зориулж спорт заал барьж байна

Д.Сонинсайханы хийсэн фанеран паар

Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг, бидний хэлж заншсанаар эргүүл хамгаалалтын 805 дугаар ангийн хойхон талын гэр хороолол дунд шинээр барьж буй спорт заалыг зорин очлоо. Хашааны хаалгандаа хээ сийлж, шуудангийн хайрцаг өлгөсөн хөдөлмөрч энэ өрхийн тэргүүнийг Дагвасамбуугийн Сонинсайхан гэдэг. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумд 1971 онд төрсөн. Багаасаа л гарын ур дүйтэй байсан тул наймдугаар ангиа төгсөөд Налайхын ТМС-ийн өрмийн мастерын ангид элсэн орсон аж. Гэвч төгсөлгүй дундаас нь орхижээ. Нэгэнт сургуулиасаа гарсан тул ажил хийхээр шийдэж Зүүнбүрэн сум дахь төмөр замын өртөөнд засварчнаар орж, яваандаа токарьчин болсон байна. Олон зүйл туршиж, хийж үзэх сонирхолтой боловч цагт баригдаж, дуртай зүйлээ хийж чадахгүй байсан учир төмөр замын ажлаа орхиж, хувиараа хөдөлмөр эрхлэхээр шийдэж. 

Тухайн үед цаг хэцүү, ганц намын бодлого давамгайлж байсан учир тэгж ажиллаж болохгүй, шахалт, хавчлагад их өртөж байсан талаараа ч дурслаа. Гадаадаас оруулж ирэх техник, технологи муу учир машин, мотоциклийн хөдөлгүүр боож амьдралаа залгуулдаг байж. Орчин үеийнх шиг сэлбэг, багаж, хэрэгсэл элбэг бус учир хүн бүр ийм ажлыг амар, хялбар хийдэггүй байсан үе. Хувиараа ажил хийж байх үедээ машины манивилд цохиулж зүүн хөлөө хугалснаас болж бага зэрэг доголж алхана. 1986 онд токарийн машинаараа төмөр зүсэж байхдаа гарынхаа эрхий хуруугаа тайрчихсан гэнэ. Бие муу боловч тэрбээр хэнээс ч дутахгүй хийсэн бүтээсэн зүйлтэй хүн. “Нас нэмэхийн хэрээр хуучин шарх сэдэрч, дусал, тариагаа өөрөө хийсээр байтал сүүлдээ сувилагч болж байна даа” хэмээгээд гэрээс гарч хийсэн ажлаа бидэнд танилцууллаа.

Тэрбээр Баянзүрх дүүргийн IV хорооны гэр хороололд амьдардаг хүүхдүүдэд зориулж хашаандаа 288 ам метр талбайтай спорт заал барьж буй. Эхнэртэйгээ ярилцаж байгаад спорт заал барих шийдвэр гаргасан ч хүлэмжээ буулган, барилгын ажил эхлүүлэх зориг хүрэхгүй байсаар нэг жил өнгөрчээ. Нэг өдөр найз нь тэднийд ирж “Боломж нь байхад барьчих л хэрэгтэй. Хүнд буян болно” гэж урам өгснөөр гурван жил тарьсан мод, хүлэмжээ буулгаж 2017 оны намар барилгын ажлаа эхлүүлсэн байна. Өргөст хэмх, улаан лооль зэрэг хүнсний ногоо тарьж өвлийн хүнсээ базаадаг байсан хүлэмжээ зүгээр ч нэг буулгаад хаясангүй. Хажууханд нь байх 201 дүгээр цэцэрлэгийн хашаа руу шилжүүлсэн гэнэ. Цэцэрлэгийн хашаан дээгүүр өнгийж үзвэл жижиг хүлэмж харагдана. Мод, бут, сөөг гээд тарьж байсан бүхнээ дээрх цэцэрлэгт хандивласан аж. Гэхдээ Д.Сонинсайхан модонд хайртай нэгэн учраас барьж буй спорт заалныхаа үүдэнд чангаанз, хушга, моносын мод тарьсан байлаа. Сэлэнгэ, Хөвсгөл аймгаас захиж авчирсан дөрвөн мод нь эхний жил ургаагүй гэнэ. Саяхан нэг нь цэцэглэсэн боловч хатчихжээ. Өмнө нь дээрх моддыг тарьж үзээгүй тул өдөр бүр усалж байгаа аж.

Түүний гэргийг Цэдэнбазарын Түмэн-Өлзий гэх бөгөөд бага ангийн багш мэргэжилтэй. Мөн л Сэлэнгэ нутгийн хүн. Тэрбээр багш мэргэжил эзэмшээд Зүүнбүрэн сумд очиж ажиллажээ. Багшлах хугацаандаа сурвалжилгын минь гол баатар Д.Сонинсайхантай танилцаж, 1992 онд гэр бүл болж, 2006 онд Улаанбаатар луу шилжин суурьшсан юм байна. Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дахь энэ газарт 2009 онд нүүж ирэхэд нь хогонд дарагдаж, шороо овоолсон, гэр барих л зайтай байсан гэнэ. Д.Сонинсайхан тэр үед Шар хаданд ажил хийдэг байж. 06.00 цагт гараад 00.00 цагт гэрийн бараа харна. Харин гэргий Ц.Түмэн-Өлзий нь хоёр хүүхэдтэйгээ нийлж өдөржин хог, шороогоо зөөнө. Тэр үед том охин нь зургаа, хүү нь дөрөвдүгээр ангид сурдаг байжээ. Халуунд ажилласнаас болж хааяа гурвуулаа наршина. Нүүж ирээд гурван жил болоход хөршүүд нь “Манай хажууд хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон, ажилсаг хүүхэн ирчихэж” хэмээн ярьж байсан удаатай гэсэн. Д.Сонинсайхан 22.00 цагийн үед ажлаасаа ирвэл нэг машин шороо хүрздэж аччихаад унтдаг байжээ. Гэрээ барихын тулд 40 гаруй машин хог, шороо зөөж, цэвэрлэсэн газартаа өдгөө хорооныхоо хүүхдүүдэд зориулж спорт заал барьж буй нь энэ. 2011 онд байшингаа барьж, өвлийн хүйтэн ид тачигнаж эхэлсэн арваннэгдүгээр сард дулааны шугам хоолойгоо холбон гагнаж дуусгаад орж байж. Туслуулах том хүнгүй тул эхнэрээрээ паараа бариулж байгаад хоёр хоног ноцолдож байжээ. Цорго, холигч зэргийг авах мөнгөгүй учир шууд л ус гүйх паараа гагнасан нь өдгөө ч хэвээрээ.

100 гаруй сая төгрөгөөр барьж буй спорт заалны ажил өдгөө 60 гаруй хувьтай үргэлжилж байгаа юм билээ. Мөнгөгүй учир үлдсэн ажлаа дуусгахын тулд банкны зээлд хамрагдах хүсэлтэйгээ Д.Сонинсайхан хэлсэн. Харамсалтай нь, тогтмол эрхэлсэн ажилгүй болохоор зээл авахад бэрх. Банкны зээлийн эргэн төлөлт өндөр учир өнөөг хүртэл нэг ч удаа зээл авч байгаагүй, эхэлсэн ажлаа дуусгахад үүнээс өөр аргагүй болсноо сэтгэл дундуур хэлэв. Шал, дээвэр, дулаалга, будаг гээд үлдсэн ажлаа дуусгахад нэг сар зарцуулах гэнэ. Үүнд 60 орчим сая төгрөг хэрэгтэй. Хөрөнгө мөнгөөр бус ч хүн хүчээр тусалж буй олон найз байгааг тэрбээр хэллээ. Шинэхэн заалныхаа цонхыг тогтооход хорооных нь бүх хэсгийн ахлагч ирж угааж, цэвэрлэж өгчээ. Дээрх хороонд улсын ганцхан сургууль бий. Уг нь ахлах ангийн сурагчид барилгын ажилд тус болохоор хэдийн том болчихсон. Гэхдээ одоогийн хүүхдүүд ажил хийх дургүй, дээрээс нь гэмтэж, бэртэх эрсдэлтэй тул “тус болооч” хэмээн хандаж зүрхэлдэггүй гэнэ.

Д.Сонинсайханых гурван хүүхэдтэй. Том охиныг нь С.Үржинханд, дунд хүүг нь С.Банзрагч, багыг нь С.Бүжинлхам гэдэг. Хүү нь аавыгаа дуурайж гарын ур, дүйтэй учир ажилд нь тусалж спорт заалаа барихад нь нэмэр болж байгаа. Зургадугаар ангиасаа гагнуур хийж эхэлсэн бөгөөд аав, хүү хоёр нийлж хийсэн жаазаараа гэрийнхээ хоёр ханыг чимжээ. Хүү нь заал барих хэсгийн газрыг тэгшлэх гэж 600 000 төгрөгөөр авсан машинаа ашиглаж дуусчихаад хэрэгцээгүй болчихоор нь ус зөөх машин бүтээж. Түүгээрээ одоо ч усаа зөөсөөр байна. Элс шигших цахилгаан шигшүүр, зуурмагийн машин зэргийг ч өөрсдөө хийсэн гэнэ. Д.Сонинсайхан “Манай гэрийнхэн спортод их хайртай. Ээждээ золгох гээд Цагаан сараар сумдаа очиход сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван баг гарчихдаг . Би залуудаа спортоор хичээллэдэг байлаа. Хөлөө хугалснаас хойш тоглоогүй. Гэр хороолол дундах заал учир төвийн шугам сүлжээнд холбогдохгүй. Тиймээс хямд зардлаар халааж болох шинэ технологи туршиж байна. Уг нь бараг л болчихсон. Хэдэн тоног төхөөрөмж авчихвал бүрэн гүйцэд ажиллуулах гээд л байна. 

Ажиллаж байгаа нэг токарь бий. Хашааны хаалгаа хийсэн. Төмөр дээр хээ сийлдэг юм. Хаягдал техник олж, өнөөхөө эвлүүлж байтал нэг тоног төхөөрөмж болчихно. 500 тоннын даралттай гидро пресс сэлбэчихээд арай л ажилд оруулж чадаагүй байна. 500 тонн хүчээр дарж фанеран паараа гаргаж авдаг. Галт тэрэгний нэг чирэгч толгой 200 тонн байдаг. Тийм хэмжээний хоёр толгой нийлсэн шиг хүчээр дарж фанераа хийдэг гэсэн үг. Энэ төхөөрөмжөө өөрөө эвлүүлчихээд л байна даа. Халаалтын системээ шийдэх гэж бараг долоон сар болж, хэтэрхий удчихлаа. Хийж буй паар маань нам даралтын зуухаар халах учир хуурай тень шиг хүний биед сөрөг нөлөөгүйн зэрэгцээ хямд. Миний тооцоолсноор бол хоёр удаа ус буцалгах хэмжээний цахилгаанаар энэ заалыг халааж болно. Сард 200 000 төгрөгөөр хална. Хэрэв амжилттай болчихвол цаашид хорооны иргэдтэйгээ хамтарч, утаагүй хороо болох зорилттой байгаа. Цахилгаан бага зарцуулах учир нарны эрчим хүчээр ч халах боломжтой” гэлээ.

Уг спорт заалыг ашиглалтад оруулсныхаа дараа дээрх хорооны иргэдээс бусад хүмүүст цагт 30 000 төгрөгөөр түрээслүүлэхээр төлөвлөжээ. Халаалтаа улам бага зардлаар шийдчихвэл үүнээс ч хямд тоглуулах боломжтой гэнэ.

“Ядаж л хорооныхоо айлуудыг нэг ижил хаалгатай болгочихмоор байна” хэмээж буй тэрбээр үйлдвэртэй болох зорилготой юм билээ. Хийж буй зүйлээсээ хаягдал огт гаргахгүй байхыг хичээж, хаалганаас үлдсэн жижиг төмрөөр шуудангийн хайрцаг, хашааны дугаар зэргээ урласан байв. Мод, төмөр аль алинаар бүтээл хийдэг учир түүнийгээ хөгжүүлж үйлдвэр нээх том зорилго өвөртлөн буй түүнийг төр, засаг, хотын удирдлага дэмжээсэй.

Бэлтгэсэн: Ж.Отгонтуул


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)