Хүлэмжийн гүзээлзгэнэ, улаан лоолийг балт зөгий тордоно


Монгол орныхоо хөрсөнд ургасан, эрүүл, чанартай бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэхийг иргэд эрмэлзэх болсон. Энэ хэрээр хүнсний ногоо, жимс жимсгэний ургалтын хугацааг уртасгах зорилгоор хүлэмжийн аж ахуй эрхлэх нь нэмэгдэж, таримлын төрөл зүйл ч олон болсоор байгаа аж. Тухайлбал, хүлэмжийн гүзээлзгэний үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо нэмэгдсээр байна.

Гүзээлзгэний тариаланд балт зөгийнүүд үндсэн тоос хүртээгч гэж тооцогддог. Зөгийн энэ зүйлийг ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн “Хөрсний үржил шим ба тогтвортой газар тариалангийн менежмент” профессорын багийн судлаачид хүлэмжийн нөхцөлд амжилттай туршиж эхэлжээ. Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих техник туслалцааны төслийн санхүүжилтээр хийж буй уг судалгааны үр дүнг өнөөдөр нийтийн хүртээл болгох гэнэ.

Тодруулбал, “Every day farm” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийн талбайд “Балт зөгийг хүлэмжийн гүзээлзгэнэ, улаан лоолийн тоос хүртээгчээр ашиглах нь” сэдэвт нээлттэй өдөрлөг, сургалт болох бөгөөд хүлэмжийн аж ахуй эрхлэгч 40 гаруй иргэн, байгууллага оролцох ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)