Хүлгээ ч маллаж, хүнээ ч аргадах морьт эргүүлүүд

Монгол Улсад жилд гарч буй гэмт хэргийн дийлэнх нь хүн амын нягтрал, суурьшлаа дагаад нийслэлд гардаг. Цагдаагийн байгууллагаас сүүлийн жилүүдэд гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон ажил зохион байгуулж буй бөгөөд хэрэг гарсны дараа илрүүлэхээсээ илүүтэй, урьдчилан сэргийлэх чиглэлд эрчимтэй анхаарах болсон. Тиймдээ ч авто, мотоциклт, дугуйт, явган, завьт, нохойт, морьт гээд эргүүлийн олон чиглэл гарган алба хаагчдаа үүрэг гүйцэтгүүлж байгаа билээ. Эдгээр эргүүлийн төлөөлөл болгож, морьт эргүүлүүд нэг өдөр хэрхэн үүрэг гүйцэтгэдгийг өнгөрсөн бямба гарагт сурвалжилснаа хүргэе.

09.00 цаг. Амралтын өдөр болоод ч тэр үү, эсвэл ширүүн салхитай зэвэргэн өглөө байснаас ч болсон уу нийслэлийн хөл хөдөлгөөн харьцангуй бага байлаа. Харин хотын баруун этгээдээс таван морьтон Туул гол өгсөн довтолгоно. Хуучнаар 22-ын товчооны баруун хойно байрлах цагдаагийн байгууллагын харьяаны жүчээнээс мордсон тэд ийнхүү дөрөө харшуулан ергүүлэх болсон нь өнөөдөр хотод гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэх ээлжтэй учраас тэр. Үе тэнгийн залуус элдвийг хөөрөлдөн морьдоо шогшуулахдаа шогшуулж, хатирахдаа хатирч, ергүүлэхдээ ергүүлсээр Дунд голын хойд хөвөөн дэх ЦЕГ-ын Автобаазад ирлээ. 

09.50 цаг. Хүрэн, хээр, хар, цагаан, саарал зүсмийн морьдыг эзэд нь усанд оруулаад, эмээлээ тохон, тахных нь бэхэлгээг нягталж, хувийн бэлтгэлээ алба хаагчид хангаснаар эргүүлд гарахад бэлэн болжээ. Энэ үед НЦГ-ын Хэв журмын хэлтсийн дарга, дэд хурандаа Ш.Батболд зэрэг албаны хүн очиж, эргүүлийн маршрут, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах үүрэг, чиглэл өгч, эргүүлд гарах хугацаандаа анхаарал болгоомжтой явахыг анхааруулаад мордуулав.

10.00 цаг. Энэ өдөр үүрэг гүйцэтгэх морьт эргүүлийн алба хаагчид өөр, өөрсдийн хариуцсан чиглэлд мордсон бөгөөд амралтын өдөр хүн их очдог Туул голын эрэг дагуу Маршалын гүүрнээс Зайсангийн, Зайсангаас Яармагийн, цаашлаад Сонсголонгийн гүүр хүртэл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд гэмт хэрэг, зөрчил, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхэд голлон анхаарах даалгавартай. 

Ингээд Дунд голоос 120 мянгат, “Оргил” рашаан сувиллын дэргэдүүр гарч, автомашин, мотоциклтой цагдаа нар хүрэх боломжгүй хэсэгт морьтойгоо хүрч, шалгах ёстой газруудаа шалгасаар Зайсан толгойн хойно, Туул голын эрэгт ирлээ.

ЦЕГ-ын тэргүүн дэд даргын тушаалаар 2012 оноос морьт эргүүл дээр дурдсан чиглэлд үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд метрополис хотуудад байдаг морьт эргүүлийн уналгад ашигладаг сэрвээ өндөртэй морьдыг ОХУ-аас авчран хотын төв дотуур, баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд ч явуулж хэвшсэн юм. 

Энэ удаад дэд ахлагч О.Чинзориг, Н.Чойдорж, Б.Баасандорж нар Зайсангаас дээш Маршалын гүүр хүртэл голын урд, хойд эрэг дагуу, дэд ахлагч Э.Энхбаяр, Г.Ганболд нар Зайсангаас доош Яармагийн гүүр чиглэлд эргүүлээр явлаа. Тэдний үүрэг бол автомашинаар хүрэх боломжгүй бүх л газрыг шалгаж, хяналт тавих, гэмт хэрэг, зөрчил, усны аюулаас хүүхэд хөгшид гэлтгүй урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авах явдал гэдгийг дээр дурдсан. 10.00-18.00 цагийн хооронд алба хаагчид үүрэг гүйцэтгэнэ. 

12.00 цаг. Энэ өдөр ширүүн салхитай, Улаанбаатар хот орчимд бороотой байснаас голын эрэг рүү ирсэн хүн цөөн байлаа. Гэхдээ хүүхдээ салхилуулсан, тоглуулсан эцэг, эхчүүд үдээс өмнө мэр сэр явж байсан юм. 

Дэд ахлагч Э.Энхбаяр, Г.Ганболд нар Туул голын хойд эрэг дагуу Зайсангаас уруудан Яармаг чиглэлд явж байтал гүүрэн доор нэг залуу унтаж байхтай таарав. 18-19 настай болов уу гэмээр тэр залууг дээрх хоёр цагдаа очиж сэрээгээд бичиг баримтыг нь шалгахад Сонгинохайрхан дүүргийн нутаг, Толгойтод гэртэй нэгэн байлаа. Яагаад Зайсангийн гүүрэн доор ирээд унтаж буйг нь асуухад хариу хэлсэнгүй, орон гэрээсээ зугтсан нэгэн байж болзошгүй хэмээн шалгуулахаар түүний тухай мэдээллийг харьяалах дүүргийнх нь цагдаагийнхнаас асууж тодруулахаар болсон юм. Улмаар бичиг баримтынх нь дугаар, хаягийг тэмдэглэж аваад өөрт нь бороо орж, гол үерлэх магадлалтай ойрын өдрүүдэд Туул голын эрэг, голдирол дагуу амарч зугаалахгүй байхыг сануулаад түүнийг голын голдирлоос гаргаж, унаанд суун явтал нь цагдаагийн алба хаагчид араас нь харж байлаа. 

12.30 цаг. Маршалын гүүр чиглэлд явсан дэд ахлагч Н.Чойдорж, О.Чинзориг, Б.Баасандорж нар Туулын эргийн хамгаалалтын 50 метр доторх бургасан дундуур, хойд эрэг дагуу эргүүл хийж, голоо өгссөн юм. Өнгөрсөн жил голын эрэг дагуу ногоо сайхан ургасан нэгэн талбай, бургас байсныг энэ жил эргүүлд гарахад нь ухаж сэндийчээд орхисон байгааг дээрх гурван алба хаагч халаглан хэлж байлаа. Туул голын эргийн хамгаалалтын бүс дотор өнгөрсөн дөрөвдүгээр сард ийнхүү ухсаныг тэр хавийн оршин суугчид цагдаагийнханд хэлсэн аж. Уг нь тэнд морьт эргүүлийн алба хаагчид түр амсхийж, морьдоо идээшлүүлэн, нурууг нь амраан, өөрсдөө ч замын хүнсээрээ үдийн цайгаа уучихдаг байж. 

Хэн гэдэг эрх мэдэлтний өгсөн зөвшөөрлөөр голын эрэгт маш ойр газарт, бургас, моддыг нь гэмтээн хайргыг нь эргүүлсэн нь одоогоор тодорхойгүй гэнэ. Тэндээс холгүй, бургас дундуур яваад хэд хэдэн “окоп”-ыг эргэсэн юм. Орон гэргүй, Туул голын эрэгт хэдэн чулуу тулан гал түлж, тогоогоо суулган, хог түүж амьдардаг хүмүүсийн оромж, хоноглодог газрыг цагдаагийнхан ийн нэрийддэг аж. Хэд хэдэн үүргэвч орхисон, малгайгаа бургаснаас зүүсэн нэг “окоп”-ны дэргэдүүр өнгөрөхөд хүмүүс нь яваад удаагүй нь илт байв. Шингэрүүлсэн хийн бортогоноос хошууг нь салгаагүй, тогоотой хоол нь бүлээнээрээ шахам байсан учраас цагдаагийнхан ингэж дүгнэсэн хэрэг. Морьт эргүүлийн алба хаагчид гал түймрийн аюулаас сэрэмжилж, шингэрүүлсэн хийн бортгыг хошуунаас нь салгаж орхиод мордсон юм. Тэдний эргүүл хийж буй бүсэд ийнхүү бургасанд хоног төөрүүлэгчид олон байдаг аж. Түүнийг нь илтгэх мэт 2-3 “окоп” нэлээд явж байгаад тааралдах юм билээ. Өдрийн цагаар тэдгээр “окоп” бүгд эзгүй, хүмүүс нь Улаанчулуут руу, эсвэл орон сууцны хорооллууд руу хог ухах “ажилдаа” явцгаачихдаг гэнэ. 

14.00 цаг. Салхи тогтож, нар ээснээр хүмүүс гол руу ирж эхлэв. Маршалын гүүрнээс баруун тийш хүмүүс олноороо очдог, шорлог, хуушуур хийж борлуулдаг хэсэгт загасны уурга барьсан хоёр залуу, хүүхдээ салхилуулж яваа нэгэн бүсгүй морьт эргүүлүүдийн бараанаар машин руугаа зүглэсэн юм. Загасны үржлийн цагаар хууль зөрчиж, уурга барин гол руу очсондоо бантсан бололтой, их хурдан алга боллоо. Эргээс холгүй нэг эр шаргал өнгөтэй зүйл уснаас гаргаж байгааг холоос харсан цагдаагийнхан мориндоо ташуур өгөн очицгоов. Тэд хоорондоо машины шалавчаа угааж байгаа хүн бололтой хэмээн ярьцгаасан ч эндүү байлаа. Эрэг дагуу зогссон эр салхины аясаар голын усанд хаягдсан картон хайрцгийг гаргаж, эргээс зайлуулж байв. Түүн шиг нэгэн байхад эрэгт нь ууж идчихээд хогоо зөнд нь хаячихаад алга болдог хүмүүс маш олон байдгийг морьт эргүүл, дэд ахлагч О.Чинзориг хэлж байсан. Ийм байдлаар хаяж орхисон хогийг ойр хавийн “окоп”-ныхноор цэвэрлүүлж, төвлөрсөн хогийн цэгт хаяулдаг юм байна. Хориотой үед Туулын бургасан дотор гал түлж амьдарч байгаа, торгууль төлөх мөнгөгүй тэдэнд ингэж л хариуцлага тооцохоос өөр яалтай билээ гэсэн бодол эрхгүй төрсөн. 

Энэ үед голын эрэгт ирсэн иргэд, ээж, аавтайгаа яваа хүүхдүүд, охид, залуус морьт эргүүлийнхнийг харж, цагдаагийнхан зөв, зүйтэй ажил хийж, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж байгааг сайшааж, зарим нь “Морин дээр чинь сууж зургаа авхуулах гэсэн юм” хэмээж байв. Хот суурин газар өссөн, морь малтай харьцаж сураагүй охид, залуус “Морин дээр чинь суух” гэж ярихыг нь сонсоод монгол- чууд бид уламжлалт ахуйгаасаа улам л алсарч буйд сэтгэл шимширч байлаа. 

15.30 цаг. Зайсан руу модон дундуур уруудаж явахад эргүүлийн алба хаагчид нүүр, нүдээ бургасанд шавхуурдуулах, хувцас, малгай мөрдэсээ огло татуулах, морьд нь шувуу, туулайнаас үргэж, бусган авч шидчих гээд бага гэлтгүй бэрхшээлтэй тулгардаг юм билээ. Өглөө нь цэвэрхэн хувцас, малгайтай гарсан алба хаагчдын хувцас өдөр гэхэд загалтаад өнгөө алдчихаж байв. Гэхдээ цагдаагийн алба хаагчид үүнийгээ ээлжээс бууж, гэртээ харьсан хойноо угааж, цэвэрлэн тордсоор нормт хугацаагаа дуустал өмсдөг аж. 

Голоо уруудах зуураа Төв аймгийн Лүн, Завханы Дөрвөлжин сумд үер болж, уурхайн далан задарсан, зам эвдэрсэн тухай мэдээлэл авч харилцан ярилцсаар Зайсангийн гүүр орчимд ирэхэд 6-12 настай болов уу гэмээр охид, хөвгүүд нийлсэн 15 хүүхэд гүүрэн доор гал түлж, усанд шумбацгааж байлаа. Эцэг, эхийн хараа хяналтгүй яваа тэдэн рүү дэд ахлагч О.Чинзориг, Н.Чойдорж нар түрүүлж очин, хүүхдүүдийг уснаас гаргаад, “Ахын дүү нар одоо явцгаа. Бороо их орж, гол үерлэх магадлалтай байгаа, аав, ээжийнхээ зөвшөөрөлгүй ингэж явж болохгүй. Гал түлж болохгүй, асаасан галаа унтраа” гэв. Хүүхдүүд ч бандаашаа мушгих нь мушгиад, зарим нь мушгилгүйгээр өмдөө өмсөн, тэр даруй хувцаслаад явахыг завдав. Гэвч хэн нь ч галаа унтраасангүй. Тэднийг бүгдийг нь дуудаж, хаанаас шүдэнз авч гал асаасныг лавлахад бусдаасаа арай том хүү “Эрэг дээр байсан шүдэнзээр асаасан” гэв. Түүдэг дундаа хэдэн төмс хийчихсэн байлаа. Мөн л эрэг дээр орхисон байсан төмсийг шарж байгаа гэсэн тайлбар мөнөөх хүү өгсөн юм. Гар утас, үнэт эдлэл байгаа, эсэхийг хүүхдүүдээс асуухад хэн нь ч утасгүй ирсэн гэдгээ хэлэв. 

Утас, үнэт эдлэлтэй ирсэн багачуудыг “окоп”- ны хүмүүс, хүүхдүүд нь зодож дээрэмдэх, усанд орж байх хооронд нь хулгайлах явдал удаа дараа гардаг учир ийн тодруулсан аж. Хэд хоногийн өмнө тэдний нөгөө ээлжийнхнийг морьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 14-15 орчим настай хоёр хүү Туул голд тоглож байгаад живж, морьт эргүүлийн цагдаа нар ойрхон явж тааран амийг нь аварсан юм байна. 

16.00 цаг. Яармагийн гүүр чиглэлд явсан дэд ахлагч Э.Энхбаяр, Г.Ганболд нар утсаар бусадтайгаа холбоо барьж ирж буйгаа дуулгаад, үдийн хоолоо идэцгээх болов. Тэд бургасан дунд нэг газар цуглаад, Э.Энхбаяр, Г.Ганболд нарын авчирсан пирожкийг идэж, ундааг нь уун үдэлцгээсэн. Тэдний өмнөх жил эргүүлд гарахдаа үдэлдэг байсан газраасаа холгүй, арай жижиг талбайд морьдынхоо нурууг амраахын сацуу ийнхүү ундалсан юм. Энэ өдөр ээлжинд гарч буй морьт эргүүлийн таван дэд ахлагч нар маань 2016 онд Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хааж, халагдахдаа цагдаагийн байгууллагад орж ажиллах саналаа өгсөн 20 гаруй залуусын төлөөлөл аж. Архангай, Баянхонгор, Төв гээд газар газраас цэрэгт ирсэн залуус саналаараа цагдаад орж, мөр зэрэгцэн морьт эргүүлд гарч буй гэнэ. Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хүндэт харуулд жагсаж, Есөн хөлт их цагаан тугийн хамгаалагч цэргүүд явснаараа, тухайн жилд Их цагаан сүлдийг түүхэндээ анх удаа Төрийн ордноос гурван удаа гаргаж залахад оролцож байснаараа бахархдаг юм билээ. 2016 онд Үндэсний их баяр наадам, Төрийн далбааны өдөр, АСЕМ-ын уулзалтын үеэр Чингисийн хүрээ цогцолборт болсон арга хэмжээнд зориулан Есөн хөлт цагаан тугийг гурвантаа Төрийн ордноос залж байжээ. 

Морьтой эргүүлүүдийн хүлгүүд бас цэргийн эрдэмд шамдаж, номхон зогсох, ёслох, цоройх гэх зэрэг үйлдлийг эзнийхээ тушаалаар хийдэг болсон аж. Бүгд өөрсдийн гэсэн нэртэй. Дэд ахлагч Н.Чойдоржийн морийг л гэхэд “Чойгийн гэдгэр хээр” гэнэ. Толгой өндөр, гэдийж явдаг учраас ийнхүү “Гэдгэр” гэдэг нэр оноож. “Гэдгэр”-ийг зөвхөн Н.Чойдорж л унана гэх мэтээр О.Чинзориг, Б.Баасандорж, Э.Энхбаяр, Г.Ганболд нарын хүлгүүд бүгд тогтсон эзэнтэй. Өөр морь унана, өөр хүнд унуулна гэж байхгүй гэнэ. Эзэд нь унаж буй хүлгээ өөрийн хүүхэд мэт л асарч, хамгаалж, арчилж тойлдог аж. 

17.00 цаг. Хүний хөл хөдөлгөөн багатай байсан учраас, мөн үүрэг гүйцэтгэх цаг нь дуусаж буй тул морьт эргүүлүүд энэ удаа бүгдээрээ Маршалын гүүрнээс доошоо уруудахаар ярилцан Зайсангийн гүүрнээс өгслөө. Их тэнгэрийн амны баруун талд, хүмүүс их амарч зугаалдаг хэсэгт машинтай хүмүүс олширчээ. Эргүүлийн цагдаа нар “13.00 цагаас хойш голын эрэгт ирэх хүмүүс нэмэгддэг. Орой болохоор бүр олон болж, архи ууцгаадаг. Хэрүүл зодоон хийж, хэв журам зөрчиж буй тийм хүмүүсийг мориндоо сундлаад ч хамаагүй машинт эргүүл хамгийн их ойртож ирэх боломжтой газар хүргэж, Хан-Уул, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэнд хүлээлгэж өгдөг” гэж дэд ахлагч Н.Чойдорж хэлсэн. Энэ удаад ч ялгаагүй голын эрэг дээр нэг байгууллагынхан юм уу, эсвэл нэг ангийнхан бололтой, 40 гаруй насны 20-иод эр архи ууж байлаа. Тэдэнд хандан морьт эргүүлийн алба хаагчид “Нийгмийн хэв журам зөрчиж болохгүй, хогоо авч явах ёстой, архи уудаг газар энэ биш” гэдгийг анхааруулахад халамцсан хэдий ч цагдаагийнхны үгэнд орж голын эргээс холдон явцгаасан юм. Гэхдээ зарим нь “Та нар юун сүртэй юм бэ. Бөөн бөөнөөрөө морьтойгоо ирж, хөөгөөд” хэмээн омогдож байсан ч хогоо цэвэрлээд явлаа. 

Ийнхүү бөөн эрийг дөнгөж явуултал тэдэнтэй зөрөөд ууттай мод, савтай мах барьсан нэг гэр бүлийнхэн ирэв. Хориотой үед бургас дунд гал түлж болохгүйг сануулахад гэр бүлийн хос уриалгахан хүлээн авч байлаа. Энэ мэт тохиолдол бүхэнтэй морьт эргүүлийн алба хаагчид эвээр ярилцан, үгэнд нь орохгүй нэгэнд нь хууль журмын дагуу арга хэмжээ авч, машинт эргүүлийн цагдаа нарт хүлээлгэж өгдөг аж. Бас болоогүй мэргэжлийн хяналтынхны үүрэг гүйцэтгэж, шорлог, хуушуур хийж, зарж буй хүмүүсийн зөвшөөрлийг ч нягталдаг гэж байгаа. 

Морьт эргүүлийнхэн энэ сарын 1-нд хуваарьт маршрутаараа үүрэг гүйцэтгэж байхад 14-17 насны долоон эрэгтэй хүүхэд согтууруулах ундаа хэрэглэж байхад нь таарчээ. Тэд хүүхдүүдийн эцэг, эхчүүдийг нь дуудан хүлээлгэн өгч, тээврийн хэрэгслийг нь журмын хашаа руу ачуулсан байна. 

18.00 цаг. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж хүмүүс бага, нийгмийн хэв журам зөрчсөн хүн ч цөөн байсан болохоор морьт эргүүлийнхэн агтаа жүчээнд нь хонуулахаар 22-ын товчоо руу явахаар шийдвэрлэсэн юм. Ачаалал ихтэй өдрүүдэд морьт эргүүлүүд Туул гол, Дунд голын орчимд морьдоо аргамжиж, идээшлүүлэн хонодог, алба хаагчдынх нь нэг нь ээлжээр манаж хонодог юм байна. Ийнхүү ээлжтэй хоносон цагдаа маргааш өдөр нь амрангаа бусдадаа үдийн хоол дөхүүлэх нь ч бий. “Морьдоо харж хонохдоо машинтай нь машиндаа, машингүй нь янз бүрээр аргалаад л хонодог” гэдгийг тэд учирласан. 

Тэднийг хотын төвөөр ГХЯ хүртэл үүрэг гүйцэтгэж явах үед машинтай залуус их дургүйцэж, бүдүүн яндан машиндаа суурилуулсан нэг нь дэргэ - дүүр өнгөрөхдөө огцом хурдаа нэмж морьдыг нь үргээх тохиолдол ч байдаг аж. 

Ийнхүү ярьж явахад гол дагуу алхаж байсан нэг иргэн “Хэдэн хүн Зайсангийн гүүрний хажууд мод шатаагаад байна” гэсэн мэдээлэл өглөө. Хоёр алба хаагч тухайн газар луу очихоор явсан ч тухайн иргэн худлаа ярьсан байв.

Нийслэлчүүдийнхээ амар амгалангийн төлөө НЦГ-ын Хэв журмын хэлтсээс авч хэрэгжүүлж буй эргүүлийн олон арга хэмжээний нэгийг сурвалжлахад ийм дүр зураг гарч байна. Согтуу эрсийг мориндоо дүүрээд авто эргүүлийн цагдаа нарт хүлээлгэж өгдөг тэдний тусгай хэрэгсэл, хувцас, бусад хангалтад цагдаагийн байгууллагын удирдлага ч, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийнхөн ч анхаарахад гэмгүй мэт санагдсанаа төгсгөлд нь өгүүлье.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)