Хүйтэн зэвсэг хэрэглэгчид олширчээ

Галт зэвсэг эзэмшдэг, ашигладаг бол сайтар нууж, далдлаарай гэж зөвлөе. Яагаад гэж үү, Монгол Улс дахь галт зэвсгийн хэрэглээ өссөн, хүйтэн зэвсэг ашиглаж хүний амь хөнөөж, дээрэм тонуул хийх үйлдэл нэг, хоёроор тогтохгүй болсныг цагдаагийнхан анхаарууллаа. Мөн хуульчилсан байтал галт зэвсгийн хадгалалт, хамгаалалтад иргэд төдийлөн анхаардаггүй учраас санамсаргүйгээр хүний амь эрсдэх тохиолдол ч бүртгэгдсээр байгаа аж. Жишээ нь, хэдхэн хоногийн өмнө гэртээ тоглож байсан нэг айлын тэрсхэн хоёр хүү ил байсан буугаар оролдож байгаад сум алдаж, нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Хүйтэн зэвсгээ хүний нүднээс далд байлгахгүй бол энэ мэт явдал давтагдаж болзошгүй, үүнээс ч ноцтой явдал гарахыг үгүйсгэх аргагүй. Учир нь дээр дурдсанчлан манай иргэд галт зэвсэг худалдан авах, хадгалах, ашиглах нь жилээс жилд өссөөр байгаа билээ. 2010 онд галт зэвсэг ашиглаж үйлдсэн хэрэг хоёр бүртгэгдэж байж. Тэгвэл энэ оны эхний найман сарын байдлаар галт зэвсэг ашиглаж үйлдсэн гэмт хэрэг 27 бүртгэгджээ. Арваадхан жилийн өмнө хоёроор тоологдож байсан бол өдгөө галт зэвсэг ашиглаж үйлдсэн хэрэг 13.5 дахин өссөн гэсэн үг. Албаны тоон мэдээллээс харахад Монгол Улсад галт зэвсэг ашиглаж үйлдсэн хэрэг жилд 35-40 орчим бүртгэгдэх болжээ.

Галт зэвсэгтэй холбоотой зөрчил, гэмт хэрэг энэ мэтээр жилээс жилд өсөж буйг хуульчид хэлж байна. Тиймээс галт зэвсэгтэй холбогдох эрх зүйн орчныг сайжруулах талаар 2011 оноос эрчимтэй ярьж эхэлсэн. Улмаар 2015 оны наймдугаар сарын 7-нд Галт зэвсгийн тухай хуулийг шинэчлэн, найруулж, баталсан байдаг. Өмнөх хуулиар Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн насан туршдаа ганц удаа буу эзэмших эрхтэй байв. Үүнтэй адил нэг удаа галт зэвсэг импортолно гэж хуульчилсан. Харин шинэчлэн найруулсан хуулиар Монгол Улсын иргэн жил бүр галт зэвсэг импортлох эрхтэй болжээ. Гэхдээ галт зэвсэг эзэмших иргэн 21 нас хүрсэн, эрүүл, сэтгэцийн өөрчлөлтгүй, гэмт хэрэг үйлдэж байгаагүй зэрэг шаардлагыг хангасан байх ёстой. Хамгийн гол нь галт зэвсэг эзэмших бол хуулийн байгууллагад бүртгүүлж, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс сар бүр зохион байгуулдаг сургалтад заавал хамрагдах ёстой.

Иргэд хуульд зааснаар жил бүр импортлох эрхтэй болсон нь манай улсад галт зэвсгийн тоо ихсэж, түүнийг худалдан авах, өмчлөх, эзэмших, ашиглах нь нэмэгдсэн гэдгийг цагдаагийнхан хэлсэн. Харамсалтай нь, эзэмшигчдэд нь галт зэвсэг ашиглахдаа холбогдох хууль, журам, дүрэм, тодорхой шаардлагыг биелүүлэхдээ хойрго ханддаг юм байна.

Үүний улмаас галт зэвсэг ашиглан амиа хорлох, хадгалалт, хамгаалалт зөрчсөнөөр сум алдаж, эндэх, бусдыг буудаж гэмтээх, буу ашиглан дээрэм тонуул хийх, нэгнээ айлган сүрдүүлэх хэрэг гарсаар байгаа юм. Тухайлбал, тав хоногийн өмнө Архангай аймгийн Хотон сумд 33 настай нэгэн иргэн толгой руугаа буудаж амиа хорлосон хэрэг гарсан. Мөн энэ он гарснаас хойш бусдын бууг хулгайлсан зургаан тохиолдол бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас хоёр тохиолдолд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, буу алдагдсан хэргийн илрүүлэлт ердөө 33.3 хувьтай байна.

Монголд галт зэвсэг импортлох, худалдах эрхтэй долоон аж ахуйн нэгж байдаг. Тэдгээр нь АНУ, ОХУ, Чех, БНХАУ, Австрали, Канад зэрэг орноос таван нэр, төрлийн 850 гаруй загварын галт зэвсэг оруулан, иргэдэд борлуулдаг аж. Хүнийг хөнөөх аюултай эл хүйтэн зэвсгийн өртөг дөрөв, таван саяас эхлээд хэдэн зуун сая төгрөгөөр үнэлэгдэх нь ч бий гэнэ. Үүнээс гадна иргэд улсын хилээр хууль бусаар зэвсэг оруулахыг завддаг гэдгийг гаалийнхан хэлсэн.

Гэхдээ гааль, хилийн албаныхан энэ төрлийн зөрчлийг хяналт, шалгалтаар дор нь илрүүлдэг аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Сүхбаатар дүүргийн нутагт нэгэн иргэн галт зэвсэг хууль бусаар худалдах гэж байсныг цагдаагийнхан үйлдэл дээр нь илрүүлсэн гэнэ. Мөн жил бүрийн галт зэвсгийн тооллого, үзлэгээр хууль бусаар хадгалсан бууг илрүүлдэг юм байна. Тухайлбал, цагдаагийнхан сүүлийн гурван жилд ямар нэг бичиг баримтгүй, эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй 762 галт зэвсгийг иргэдээс хураажээ.

Монгол Улсын галт зэвсгийн 2020 оны тооллого хараахан эхлээгүй байна. 2018 оны галт зэвсгийн тооллогоор иргэд, аж ахуйн нэгжүүд 29 890-ийг бүртгүүлсэн гэнэ. Харин өнгөрсөн жилийн тооллогоор 44 559 галт зэвсэг бүртгүүлжээ. Тооллогын явцад бууг зохих журмын дагуу хадгалаагүй, эзэмших гэрчилгээ аваагүй зэрэг зөрчил цөөнгүй гардаг аж. Энэ оны эхний найман сарын байдлаар галт зэвсгээ журмын дагуу хадгалаагүй, бусад зөрчил гаргасан 121 хүнийг 6.8 сая төгрөгөөр торгож, эзэмших, өмчлөх гэрчилгээгүй долоон бууг хураан авчээ. Өнгөрсөн оны эхний найман сард мөн галт зэвсэг хууль бусаар хадгалсан 77 зөрчил илрүүлж, эзэн холбогдогчийг нь 7.4 сая төгрөгөөр торгосон байна. Монголд галт зэвсгийн ашиглалтыг иргэний, аж ахуйн нэгжийн, хууль сахиулах тусгай чиг үүргийн, байлдааны зориулалтаар ашиглана гэж хуульчилсан. Иргэдийн 90 хувь нь ан агнуурын зорилгоор галт зэвсэг ашигладаг. Бусад нь харуул хамгаалалтын, спорт сургалтын, үзмэр урлагийн болон цуглуулгын гэсэн зориулалтаар авдаг. Хуулийн заалттай холбоотойгоор галт зэвсгийн хэрэглээ өссөнийг дээр дурдсан. Тухайлбал, нэг иргэн тав, арав түүнээс олон галт зэвсэг эзэмших нь энгийн үзэгдэл болсныг албаны хүн хэлсэн.

Цагдаагийн байгууллагаас сүүлийн үед гарсан ноцтой хэргүүдтэй холбоотойгоор галт зэвсгийн ашиглалт, хамгаалалтын дүрэм, журмаа мөрдөхийг анхааруулж байгаа юм. Америк, ОХУ-ынхтай харьцуулахад Монголд гарч буй дээрх төрлийн гэмт хэрэг бага мэт боловч жил ирэх тусам өсөж буйг энд сануулъя. Сүүлийн үед улстөрчид, бизнесменүүд эр, эмгүй буу үүрсэн зургаа цахим орчинд байршуулах болсон. Харин хуульчид тэдний эл үйлдлийг буруутгаж, ёс зүйгүй хэмээн шүүмжилж буй.

Нэг нэгэндээ буу бэлэглэх, өвлүүлэх уламжлал Монголд эртнээс байжээ. Эртний уламжлал орчин цагт улам л газар аваад буй гэх. Гэхдээ галт зэвсгийг хүнд бэлэглэхээсээ урьтаж аюулгүй болгох ёстой аж. Тухайлбал, гол төмрийг цоолох юм уу, шовог төмрийг авах зэргээр хор хөнөөлийг нь багасгах ёстой. Улмаар иргэд бэлгэнд авсан буугаа 10 хоногийн дотор цагдаагийн байгууллагад бүртгүүлж, бичиг баримтжуулж, сургалтад хамрагдах хуультай. Гэтэл бэлэг авсан, өгсөн хүмүүсийн аль аль нь энэхүү дүрэм, журмыг мөрддөггүйгээс эрсдэл гардаг байна. Улмаар ил задгай байршуулж, эсвэл ханандаа өлгөн тахиж шүтэх нь холгүй юм болдог гэнэ. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард Өмнөговьд нэгэн ноцтой хэрэг гарчээ. Архинд халамцсан нэгэн нөхөр эхнэр, хүүхдүүд рүүгээ галт зэвсэг шагайж, айлгаж сүрдүүлэн агсам тавьжээ. Цагдаагийнхан амжиж ирснээр эл аймшигт явдал эцэс болсон байна. Тухайн этгээд хүйтэн зэвсгээ найзаасаа бэлгэнд авсан гэж мэдүүлжээ. Уг зэвсгээ ил задгай хадгалж байсан гэнэ. Азаар тухайн буу сумгүй байсан нь эхнэр, хүүхдийнх нь зол болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)