Хүдрийн биет “хүүрнэдэг”

БУЛАН ТОХОЙ БҮРИЙГ “ШИНШЛЭХ” БОЛОМЖТОЙ

Инновац, технологийн хөгжлийг “шингээсэн”, хариуцлагатай уул уурхай болон бусад салбарынхаа ачаар хөгжилд хүрсэн, өөдрөг яваа улс бол Австрали. Тус улсын хоёр дахь том муж нь Күинслэнд юм. Мужийнхаа нэрээр “овоглосон” Күинслэндийн их сургуулийн Тогтвортой уул уурхайн институтийн хөтөлбөрийн ахлагч Робин Эванс “Манайх дэлхийн топ 50 их сургуулийн нэг. Аливаа эерэг өөрчлөлтийг авчрах удирдагчдыг төрүүлэх зорилготой” хэмээн ярилаа.

Робин Эванс

Тус институт нь геологи хайгуул, эрчим хүч, усны менежмент, түүхий эд боловсруулалт, ажилчдын эрүүл мэнд, нөхөн сэргээлт, оршин суугчидтай байгуулах гэрээний талаар судалдаг юм байна. Уул уурхайн салбарын шилдэг боловсон хүчин бэлтгэдэг гэх тодотголтой уг сургуулийн дээрх төв нь олон чиглэлээр мэргэшсэн судлаачтай аж.

Робин Эванс мөн “Уул уурхайн салбарыг автоматжуулалт ихээхэн өөрчилж байгаа. Мэдээлэлд “живж” буй өнөө үед хэрэгтэйгээ олж авах нь бүх салбарт чухал болж байна. Иймээс дата менежмент нь уул уурхайн салбарт ч ач тустай” хэмээлээ.

Бидний сууж байсан томоо гэгч цонхтой өрөөний гаднаас оюутан бололтой хоёр залуу хэсэг харж зогссоны дараа нэг нь орж ирээд, зураг авч гарлаа. Ашигт малтмалын арвин нөөцтэй Австралийн уул уурхайн туршлагаас судлах боломжийг “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Оюутолгой” компани Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд олгосон юм.

Оюутны “хэрэгт дурлаж” орж ирсэн өрөө нь дээрх их сургууль дахь виртуал бодит байдлын лабораторийн өрөө (virtual reality lab) байсан юм. Тэр үед доктор Мехмет Кизил жилд 10 сая тонн нүүрс олборлодог уурхайн доторхыг яг л бодит юм шиг, тэнд байгаа мэтээр харуулж байсан тул сонирхолтой санагдсан биз ээ. Тэндхийн оюутнууд уурхайн дотор ямар байдгийг харж, булан тохой бүрийг “шиншилдэг” байх нь. Бүх л тоног төхөөрөмж, туузан дамжуурга, туннель шинээр хэрхэн гаргаж байгаа, бэхэлгээ яаж хийсэн зэргийг мэдэж болох учраас ийн хэлсэн хэрэг.

Нэг удаа шанагаараа 100 тонныг ухдаг, 50 сая ам.долларын үнэтэй экскаватор хэрхэн ажиллаж буй, гэнэтийн осол гарвал хэрхэх ёстойг ч төвөггүй мэдчихэж чадна, тэд. Дашрамд дурдахад, Австралид 10 сая тонн нүүрсийг техникийн ачаар тавхан уурхайчин өлхөн олборлох болжээ. Монгол Улс энэ оны эхний есөн сард 27 сая тонн нүүрс экспортолсон дүн бий. Үүнийг олборлоход өчнөөн олон уурхайчин оролцсонтой харьцуулахад хамаагүй цөөн гэдэг нь анзаарагдах болов уу.

Эргэн сануулахад, хүнд даацын автомашины 90 жолооч ажилгүй болсон ч Техник удирдлагын төвд нь 600 хүний ажлын байр бий болсныг “Rio tinto”-гийн мэргэжилтэн дуулгасныг өмнө нь дурдсан билээ. Мөн дата шинжээч, дрон нисгэгч, кибер хамгаалагчийн ажлын байр бий болсон гэж байсан юм.

ЭДИЙН ЗАСГИЙН БОДИТ МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРМЭЛЗЭЛТЭЙ БОЛСОН

Бид Австралид цөөнгүй газрын үйл ажиллагаатай танилцсаны нэг нь Мельбурн дэх “Aus­tralian financial review” сонины редакц байлаа. “Fairfax media”-гийн эрхлэн гаргадаг тус сонины редакцыг танилцуулсан, эрдэс баялгийн чиглэлээр бичдэг сэтгүүлч Петер Кер “Bloomberg terminal” ашиглаж мэдээлэл авахаас гадна Монголын улстөрч, бизнес эрхлэгчдийг твиттерт дагаж, зарим мэдээллээ “шүүрддэг” гэж байв.

Түүний хэлснээр Монголын эдийн засгийн талаарх англи хэлээрх мэдээлэл тийм ч хангалттай бус аж. Манай улсыг “чиглэсэн” гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом өссөн 2011 онд Монголд ирж байсан тэрбээр “Хүмүүс эдийн засгийн мэдээлэл авахыг эрмэлзэж байна. Хөрөнгө оруулагчид, компанийн хувьцаа эзэмшигчид бодит мэдээлэл авахыг чухалчлах болсон” хэмээн тодотголоо.

Технологийн гигантуудтай хэрхэн өрсөлдөх вэ гэдэг нь сүүлийн жилүүдэд сэтгүүл зүйн сорилтын нэг болсон. Тэр дундаа “Facebook”, “Google”, “Twitter” зэрэг компани хэвлэл мэдээллийн салбарынхныг зорих мөнгөнөөс “шүүрдэх” болсон билээ. Энэ сорилтыг давахын тулд тус сониныхон нэлээд өөрчлөлт хийж буй гэнэ. Тухайлбал, цахим хуудасны хандалтаа нэмэгдүүлэхийг зорьж байгаа аж.

Петер Кер “Өмнө нь хүмүүс цахим хуудаснаас мэдээллийг үнэгүй авах ёстой гэж боддог байсан. Гэхдээ бодит мэдээлэлд мөнгө төлөх ёстой гэдгийг уншигчид ойлгодог болж буй нь сүүлийн хоёр жил ажиглагдлаа. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсний нэг нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Худалдагдсан сэтгүүл зүй”, “худал мэдээлэл” гэж давтсаар байгаа тул олон нийт найдвартай, зөв мэдээлэл авахыг хүсдэг болсон” гэв.

Товчхондоо, чанартай сэтгүүл зүй “тэсэж үлдэж” чадах нь. Иймээс ч тэд аливаа мэдээллийг хоёр болон түүнээс олон эх сурвалжаас тодруулахыг зорьдог болов уу. Уг сониныхон цахим хуудсандаа сониныхоо бүх мэдээллийг оруулахаас гадна илүү ихийг бэлтгэдэг юм байна.

Лондон, Вашингтон зэрэг хотод сурвалжлагчтай дээрх сонины сэтгүүлчид нийтлэлээ тогтсон загварын дагуу бичдэг аж. Гол гарчиг, нийтлэлээс гадна сошиал сүлжээнд агуулгыг нь дурдахдаа уншигчдыг татах үг, өгүүлбэр “шигтгэдэг” байх нь. Тэд 10 жилийн өмнө нийтлэлээ бичээд л болчихдог байсан бол өдгөө олон ажлыг ийнхүү давхар хийдэг болжээ. Сошиал сүлжээнд нийтлэлээ “сурталчлахаас” гадна зургаа сонгох зэргийг амжуулна гэсэн үг.

Уг сонин өдөрт 100-200 мянган хувь хэвлэгддэг агаад “хөрш” редакц болох “The Age”-ийнхтэй харьцуулахад энэ нь хамаагүй бага тоо гэсэн. Эдийн засгийн мэдээлэл авах хүсэлтэй уншигчдыг “онилдогтой” энэ нь холбоотой. Гэхдээ эднийх зөвхөн эдийн засгийн мэдээллээр “балбаад” байхгүй, спортын болон бусад салбарын мэдээллийг ч өгнө. Зөвхөн номын шүүмж бичдэг, овоолсон номд дарагдсан сэтгүүлч бидэнтэй уулзсан нь олон чиглэлээр мэдээлэл хүргэхийг зорьдгийг нь төвөггүй ойлгуулж байлаа.

Сонирхуулахад, тус сонин реклам сурталчилгааны (30 орчим хүнтэй), бас уншигчдын судалгаа хийдэг багтай. Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэхийн тулд зар сурталчилгааны менежерүүдийг сэтгүүлчдээс аль болох тусгаарладаг гэнэ.

ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАГЧ “БАНДУУРА”

Австралид хүн амын тоогоороо хоёрдугаарт эрэмбэлэгддэг Мельбурнд бидний очсон өөр нэг газар бол “Rio tinto” группийн Бандуурагийн (Bundoora) судалгааны төв байв. Өнгөрсөн жилийн есдүгээр сард 25 жилийнх нь ой тохиосон уг төвийг танилцуулсан “Rio tinto”-гийн Өсөлт, инновацын группийн техникийн хөгжлийн ерөнхий менежер Жаред Осборн “Шинэ хүдрийн биет олох, хайгуул хийх, уурхайг хаах гээд бүх л шатанд бид судалгаа хийдэг” хэмээн онцоллоо.

Жаред Осборн

Аливаа хүдрийн биетийг олсны дараа хөрөнгө оруулахаас өмнө учирч болзошгүй эрсдэлийг нь судалж, аль болох багасгах чиглэлд ажилладаг дээрх төвийг барьж байгуулахад 20 сая ам.долларын хөрөнгө оруулж байжээ. Судалгааны төвийнхөн тухайн төсөлд хөрөнгө оруулаад хэрэггүй гэвэл алдагдалд орж болзошгүйг урьдчилан харсан гэсэн үг.

Энэтөвийнхөн инновацын судалгаа хийн, өртгийн хэмжээг бууруулах, уул уурхайн үйл ажиллагаанаас байгальд үзүүлэх нөлөөг багасгах, ээлтэй байх арга замыг эрэлхийлэх, улмаар тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах, оновчтой шийдэл гаргахыг эрмэлздэг байна. Үүнээс “Rio tinto” инновац, технологид анхаардаг нь анзаарагдана.

Бандуурагийн судалгааны төвд тус группийн бүх төслийг “шинжилдэг”, бас дэмжиж ажилладаг. Өмнө нь хүдрийн биет олоход хайгуулд маш их хөрөнгө зардаг байсан бол өдгөө дэвшилт технологи ашиглах болсноор зардлаа бууруулж чаджээ. Жаред Осборн “Хүдрийн биетийг сайн судлахад ямар аргаар олборлох вэ гэдгийг өөрөө яг таг “хэлээд” өгчихдөг гэсэн юм. Хүдэрт ямар ямар элемент агуулагдаж буйг нарийн тодорхойлдог тэнд биднийг очиход Сербид илрүүлсэн ядаарын төсөл дээр ажиллаж, эрсдэлийг нь судалж буйгаа дуулгасан.

Ядаар (jadar) нь лити, борат агуулсан хүдрийн биет тул дэлхийн зах зээлд орон зай эзлэх боломжтой, эко машин зэргийг үйлдвэрлэхэд ашиглах учраас ирээдүйтэй төсөл гэж “Rio tinto”-гийнхон харж байгаа гэнэ. Үүнийг өмнө нь илрүүлж байгаагүй бөгөөд Серби дэх Ядаарын бүсэд олсон учраас ийн нэрлэсэн бололтой. Энэхүү төсөл нь тус группийн томоохон хөрөнгө оруулалтын нэг болох байх гэж Жаред Осборн өгүүлсэн юм. Сонирхуулахад, одоогоор тэд баяжмал үйлдвэрлэхээр судалж буй бөгөөд туршилтын байгууламждаа 2-3 тонныг “гаргасан” гэв.

Үүнээс гадна төмрийн хүдэр, зэс, уран болон борат (телевиз, ухаалаг утас, таблет үйлдвэрлэхэд ашигладаг)-ын судалгаан дээр ажиллаж буй аж. Бандуурагийн судалгааны төвд хамгийн туршлагатай хүмүүс ажилладаг нь “Rio tinto”-гийн бусад нэгжээс онцлог гэж техникийн хөгжлийн ерөнхий менежер ам бардам хэлсэн. Хэрэв энэ төвд ажиллаагүй бол их сургуульд багшлах байсан, 15-30 жилийн туршлагатай мэргэжилтнүүд бий учраас аргагүй биз. 120 ажилтантай тус төвд сүүлийн таван жилд осол гараагүй гэнэ. “Бандуура”-гийнхан “Оюутолгой”-д зэсийн агуулгыг нэмэгдүүлэх боломжийн талаар зөвлөдөг бөгөөд цаашид эрсдэлийг бууруулах систем нэвтрүүлэхэд анхаарна гэж байлаа.

Өдгөө Оюутолгойн уурхайд усыг дахин ашиглахад хамтран ажиллаж буй. Жаред Осборн “Rio tin­to”-гийн бусад уурхайтай харьцуулахад Оюутолгой хамгийн бага ус ашигладаг” хэмээн тодотгосон юм. ABC (Australian broadcasting corporation)-д олон жил ажилласан туршлагатай, өдгөө Күинслэндийн их сургуулийн сэтгүүл зүйн багш, доктор Жон Харрисон “Күинслэнд мужийн эдийн засгийн хамгийн том гурван салбар нь уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал.

Уул уурхайн талаар мэдээлэл бэлтгэж буй сэтгүүлчид гурван асуудалд төвлөрч байгаа гэхэд болно. Эдгээр нь уурхайн нөхөн сэргээлт, цаг уурын өөрчлөлт, шинэ уурхай нээснээр ямар нөлөө үзүүлэх вэ юм” хэмээн ярилаа. 20 жилийн өмнө компаниуд уугуул иргэдийг хүндэлж байна уу гэдэг нь чухал сэдвийн нэг байсан бол одоо бүрэн шийдэгджээ. Харин манайд орон нутгийн засаг захиргаатай байгуулах гэрээний талаарх ойлголт, мэдлэг дулимаг гэхэд хилсдэхгүй.

Хариуцлага, ил тод байдалд анхаарч, инновац, технологид хөрөнгө оруулж, зардлаа бууруулахыг чухалчилж, хуулиа ягштал мөрддөг австраличууд уул уурхайгаа ухаалгаар удирдаж сурчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)