"Хятад эзэдтэй компанийн өмнө Монгол хүний алтан амь үнэгүйдэж байна" гэлээ


Өнөөдөр Монголын Эрчим хүч, Геологи уул уурхайн ҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Учир нь энэ сарын 9-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жаргалант багийн нутаг дахь Ухаа худаг уурхайгаас Гашуун Сухайт хилийн боомтын чиглэлийн замын 145 дахь км-т жолооч “Д” нь нүүрсээ ачин тээврийн замдаа явж байх үед автомашиных нь кабинд гал гарсны улмаас 97 хувийн түлэгдэлтэй гэмтлийн эмнэлэгт ухаангүй, үхэх сэхэхийн зааг дээр хүргэгдэн иржээ. Тэд хэлэхдээ "Энэ хэргийн талаар онцгой байдал, цагдаа гээд төрийн зүгээс хэн ч ам нээхгүй байгаа тул бид ард иргэддээ хандаж хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар арьс нөхөх эмчилгээнд 70-80 сая төгрөг хэрэгтэй болоод байгаа боловч хохирогчийн ажилладаг Хятад эзэдтэй “Омог цагаан шонхор” ХХК компанийн төлөөллүүд ар гэрийнхэнтэй уулзахдаа мөнгө төгрөгийн туслалцаа үзүүлэх боломжгүй гэж хэлжээ. ХАБЭА тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар осол гаргасан компани энэ ажилтны эмчилгээний бүх зардлыг гаргах хуультай. Иймд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос Монголын хуулийг мөрдөхгүй байгаа энэхүү компанид хариуцлага тооцох ёстой гэдгийг хатуу анхааруулж шаардлага хүргүүлж байгаа" гэлээ.

Мөн энэ үеэр Монголын Эрчим хүч, Геологи Уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал “Чингис хааны мэндэлсэн өдрийг энэ сарын 8-9-нд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлсэн гэвч энэ өдрүүдэд Монголын ард түмнийг тэжээн тэтгэдэг Уул уурхайн салбарын уурхайчин, жолооч нар тасралтгүй ажиллаж байсан. Эрдэнэс таван толгой ХХК-аас нүүрс ачаад гарсан жолооч “Д” нь Өмнөговь аймгийн Гашуун Сухайт чиглэлийн 145 дахь км-ийн замд осолд өртсөн. Энэ осол юунаас болж гарсныг Онцгой байдлаас галын шинжээчийн дүгнэлт гаргах ёстой биз. Гэтэл Өмнөговь аймгийн ОБЕГ-ынхан ослын газарт очоогүй хоёр хоногийн дараа биднээс тийм осол гарсан юм уу гэж асуусан. Монголын төр ямархуу байдалтай ажиллаж байна. Цагдаагийн байгууллага яагаад ард түмэнд мэдээлэл өгөхгүй байна. Эрдэнэт хүний амь нас эрсдэхэд хүрч одоогоор ухаангүй шоконд орчихсон хэвтэж байна. Оюу толгойн ХХК-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх багийнхан байгаагүй бол тэр хүн тэндээ амь эрстэх байсан. Түүний амийг аварч хүчил төрөгчөөр амьсгалуулж зардлынх нь 50 хувийг гарган онгоцоор тээвэрлүүлж эмчилгээнд оруулсан. Энэ хүн өнөөдөр ухаангүй байдалтай байна. Биеийнх нь 95 хувь түлэгдэлтэй амь нас нь дээсэн дөрөөн дээр байна. Бид энэ ажилтныхаа төлөө хэвлэлийн бага хурал хийж байна. Түүний ажиллаж байсан “Омог цагаан шонхор” хэмээх Хятад эзэнтэй компани өдөрт 370 автомашинаар нүүрс тээвэрлэлт хийж байна. ХАБЭА хуульд заасан ажил олгогчийнхоо үүргийг биелүүлэхгүй ар гэрт нэг ч төгрөг олгохгүй гэж хэлээ. Энэ хүн 1-8 насны гурван хүүхэдтэй одоо амь нас нь аюулд орчихлоо. Монгол хүний амь нас Хятад эздийн өмнө үнэгүйдсэн үү гэдгийг би Монголын төрөөс асуумаар байна. Иймээс энэ компанийн нүүрс тээвэрлэх эрхийг зогсоож хохирлыг барагдуулахыг Монголын эрчим хүч Геологи уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбоо Монголын төрөөс шаардаж байна” хэмээн хэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)