Хятад улс АНУ-ын үнэт цаасыг худалдахад бэлэн

Хятад болон Америк энэ сарын 27-нд худалдааны дайнаа зогсоож магадгүй. Гэсэн хэдий ч АНУ-ын гол зээлдэгч Хятад улс Америкийн өрийн үнэт цаасанд оруулсан хөрөнгө оруулалтаасаа идэвхтэй ангижирч эхэлжээ. Худалдааны маргаанаа зохицуулахаар энэ үйл явц улам хурдасна гэж дэлхийн хамгийн томд тооцогддог хөрөнгө оруулалтын “Black rock” компанийн тэргүүн Лоуренс Финк үзэж байна.

БҮГДИЙГ ХУДАЛДЖЭЭ

Өнгөрсөн оны эцсээр Хятадын Төвбанканд 1.12 их наяд доллароор үнэлэгдэх, АНУ-ын өрийн үнэт цаас байв. Энэ нь гадаад оронд байдаг, Америкийн өрийн 28 хувь юм. Бусад томоохон зээлдүүлэгч гэвэл Япон (1.03 их наяд доллар буюу 25.7 хувь), Бразил (303 тэрбум доллар буюу 7.5 хувь), Ирланд (280 тэрбум доллар буюу долоон хувь), Британи (273 тэрбум доллар буюу 6.8 хувь).

Сүүлийн үед Америкийн өрөнд хөрөнгө оруулах нь багасах хандлага ажиглагдсаныг шинжээчид тэмдэглэжээ. Тухайлбал, зөвхөн өнгөрсөн оны зургадугаар сард Японы үнэт цаасны сан долоон жилийн хамгийн доод үзүүлэлтэд хүрсэн байна. Мөн АНУ-ын өрөнд хөрөнгө оруулагч 30 томоохон улсын жагсаалтаас Орос, Турк хасагджээ. Тэд Вашингтоны эдийн засгийн дарамтад орсон юм. Москва Америкийн өрийн үнэт цаасыг бүгдийг нь худалдсан байна.

ХЭТ ОРОЙТСОН

Хятад улс онцгой болгоомжлол төрүүлж байна. 2013 онд Бээжин Америкийн өрийн бичгээс 1.3 их наяд долларынхыг эзэмшдэг байжээ. 2016 оны эцэс, 2017 оны эхээр юанийн ханшийг чангаруулахын тулд энэ хөрөнгөө багасгаснаа дараа нь нөхсөн аж. Харин өнгөрсөн онд эргээд худалдаж эхэлсэн байна. Тийнхүү таван жилд БНХАУ уг үнэт цаасны хэмжээгээ 13.8 хувиар багасгажээ.

Үнэт цаасны худалдаа хийх замаар Вашингтон эдийн засгийн өсөлтөө эрчимжүүлэхээр гаргаж буй зардлаа олж, хүүгээ бага хувьд барьж чаддаг. Хятадын ийм хөрөнгө оруулалт юанийн доллартой харьцах ханшийг сулруулдаг. Үүний улмаас Хятадын экспорт америкчуудад өөрсдийнх нь бараанаас хямд тусдаг аж.

Гэвч худалдааны дайн сүүлийн саруудад хоёр улсад хэдэн тэрбумаар хэмжигдэх хохирол учруулах болсон тул Бээжин Америкийн өрийн үнэт цаасыг худалдахаа нэг бус удаа мэдэгджээ. Одоо Вашингтон Бээжинтэй эвлэрэхээр шийдсэн ч энэ нь Америкийн өрийн бичгийг худалдах төлөвлөгөөнөөсөө Хятад улс татгалзахад хүргэхгүй гэнэ.

Вашингтонд улс төр, эдийн засгийн дарамт үзүүлэх хүчтэй хөшүүрэг нь Хятадын хувьд өрийн үнэт цаас юм. Үүнийг худалдахаар долларын ханш тогтворгүй болж, Америкийн эдийн засаг удааширна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)