Хятад, Монголын найрамдлын гүүр “Солонго” сэтгүүл 25 нас хүрлээ

1993 онд Хятад, Монголын харилцаанд нэгэн шинэ гүүр нэмэгдэж, солонго татсан юм. Тэр бол Хятадын улсын зэрэглэлийн хамгийн анхны гадаад сэтгүүл, Монголын хувьд ч эх хэлээр маань гарсан анхны гадаад сэтгүүл “Солонго” билээ. Тус сэтгүүл монгол хэлээр, кирилл үсгээр хэвлэгдэж, монголчуудын хүртээл болсноос хойш хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны индэр болсоор 25 дахь жилтэйгээ золгож байна. “Хятад орныг танин мэдэх Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд”-ийн хүрээнд “Солонго” сэтгүүлийн 25 жилийн ойд зориулсан уншигчдын уулзалт, “Солонго” хэвлэл мэдээллийн төвийн III форум зэрэг арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө.

25 жилийн хугацаанд уламжлалт цаасан сэтгүүлээс орчин үеийн техник технологийн ололт бүрийг шингээсэн хэвлэл мэдээллийн төв болон өргөжиж, агуулга, хэлбэр, дүр төрхөө бүрэн шинэчилсэн “Солонго” монголчуудын унших дуртай сэтгүүл болж чадсаныг энэ үеэр байнгын уншигч С.Баатар хэлж байв. Тэрбээр уг сэтгүүлийг анхны дугаараас нь эхлээд алгасалгүй уншиж, цуглуулсан гэнэ. Кирилл бичгээр хэвлэгддэг “Солонго” сэтгүүл Хятад, Монгол хоёр улсын худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаа, соёлын харилцаа, мэдээлэл нэвтрэлцэх соёлын чухал тээгч, хоёр улсын ард түмний найрсаг харилцааны гүүр болж урлаг, эдийн засаг зэрэг салбаруудын хамтын ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулсаар ирснийг тэрбээр онцлоод “Солонго”25 настай золгож, эрийн цээнд хүрсэн” хэмээсэн юм.

Сэтгүүлийг ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны Суртал ухуулгын албаны удирдлага дор Өвөрмонголын Өдрийн сонины хорооны харьяан дахь гадаад ухуулгын ажлыг хариуцдаг “Солонго”мэдээллийн төвөөс эрхлэн гаргаж, монголчуудын хүртээлд хүргэдэг. Уншигчдын хүсэлт, шаардлагын дагуу “Солонго” сэтгүүлийг Монгол Улсад албан ёсоор бүртгүүлж, төлөөлөгчийн газраа 2014 онд Улаанбаатар хотод албан ёсоор байгуулсан бөгөөд өдгөө сэтгүүлээс гадна “Солонго” сонин, Solongonews.mn сайт, “Солонго” гар утасны аппликейшн, микроблог, вичат зэрэг мэдээллийн олон төрөлт хэрэгсэл болон өргөжиж, манай улсын нийслэлд төдийгүй 21 аймагт уншигчтай болжээ. Энэ бол “Солонго”-ынхны 25 жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн юм.

“Солонго” хэвлэл мэдээллийн төвийн III форумд ӨМӨЗО-ы Өдрийн сонины хорооны дэд ерөнхий редактор Уртнаст, “Солонго” хэвлэл мэдээллийн төвийн дарга Л.Наранхүү, нийтлэлч Б.Галаарид, нар оролцож уншигчид, мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсон, сэтгүүлийн өнгөрсөн, ирээдүйн талаар санал солилцлоо.

Энэ үеэр ӨМӨЗО-ны Өдрийн сонины хорооны дэд ерөнхий редактор Уртнаст “Солонго” сэтгүүл өнгөрсөн 25 жилийн хугацаанд тасралтгүй Хятад, Монгол Улсын соёлын солилцоонд чухал гүүр болж ирсэн. Цаг үеэ дагаад мэдээллийн агуулгыг зөв сонгох нь хэвлэл мэдээллийн ажлын гол цөм нь юм. “Солонго” сэтгүүл нь уламжлалт мэдээллийн хэрэгслээс орчин үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд болон хөгжиж олон хэлбэр агуулга, эх сурвалжтайгаар мэдээллийг хүргэж ирлээ. Хятад, Монгол хоёр улсын засгийн газрын анхаарал, дэмжлэгийн дор хоёр талын хэвлэл мэдээллийн салбарын харилцаа гүнзгийрч боловсон хүчнээ сурталчлах, солилцоо, хамтарсан сургалтын арга хэмжээ зохион байгуулах зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Хоёр улсын харилцаа сайжирсаар байна. Хоёр талын хэвлэл мэдээллийн салбарынхан энэхүү таатай нөхцөл байдлыг ашиглан харилцан итгэлцэж, хамтран ажиллах зарчмын дагуу хоёр улсын харилцааны эерэг хөгжлийг улам гүнзгийрүүлэхийг хүсэж байна. Ирээдүйд бий болох шинэ арга хэлбэрийг тасралтгүй эрэлхийлж олон төрлийн арга замаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болтугай”гэв.

“Солонго” мэдээллийн төвийн захирал Л.Наранхүү “Солонго” сэтгүүл нь мэдээллийн төв болон өргөжиж, сэтгүүл, сайт, сонин зэрэг олон төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж өргөжсөн. Эдгээр ололт амжилт “Солонго” сэтгүүлийн үе үеийн сэтгүүлч, редактор, уншигчдын маань халуун дэмжлэгийн үр дүн. “Солонго” сэтгүүл нь 25 жилийн турш 290 дугаараа уншигчдад хүргэсэн. Өнөөдөр манай сэтгүүлийг шимтэн уншдаг мянга мянган уншигчтай болсон. Амьдралд жаргал, зовлон хосолдгийн адил “Солонго” сэтгүүлийн 25 жилийн зам харгуй дардан шулуун байгаагүй.

Бид нөхөрсөг, үнэн зөв, хүртээмжтэй, ойлголцлыг батжуулах, хөрш орны гадаад харилцааны бодлогыг хичээн баримталсан мэдээллээр Хятад, Монгол найрсаг харилцааны агшин бүрийг мөнхлөн тэмдэглэхийг зорьж ирлээ. “Солонго” сэтгүүл нь улсын зэрэглэлийн сэтгүүлийн хувьд Хятад улсын байр суурийг олон улсад илэрхийлэх, иргэдийн төлөөлөл болон мөн сурталчилгааны зарчмын дагуу Монгол Улсад Хятадын эдийн засаг, нийгэм хөгжил, соёл түүхийг танилцуулан, хоёр улсын бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааны үр дүнг шуурхай мэдээлдгээрээ хоёр улсын харилцаанд чухал гүүр нь болж байв. 25 жилийн турш бид сэтгүүлийн агуулга, чанарын хувьд анхаарч ирсэн. Манай сэтгүүл хөгжлийн гурван үе шатыг дамжсан. Нэгдүгээр үе шат 1993-2000 он хүртэл, хоёрдугаар үе шат 2001-2010 он, гуравдугаар үе шат 2010 өнөөдрийг хүртэл гэж ангилж болно. 2010 он бол томоохон шинэчлэлийн үе байлаа.

Сэтгүүлийн дизайн, сэдвийн сонголт зэрэг хэд хэдэн удаагийн шинэчлэл сэтгүүлд томоохон өөрчлөлтийг авчирсан. Энэ нь мөн манай сэтгүүлийн нийгэмд хамгийн том нөлөөлөл үзүүлсэн цаг үе байсан. Мөн уншигчдын тоо нэмэгдсээр ирсэн нь бидний хамгийн том ололт. Сүүлийн үеийн шинэчлэлүүдээс дурдвал, контентын чанарыг сайжруулж, түгээлтийн арга хэлбэрийг шинэчилсэн. Сүүлийн үед бид уламжлалт сэтгүүлзүйг орчин үеийн сэтгүүлзүйтэй нэгтгэх дижитал төсөл хэрэгжүүлсэн нь уншигчид орон зай үл хамааран дижитал хэлбэрээр мэдээлэл хүлээн авах боломж олголоо.

Хоёрдугаарт, агуулгыг өргөжүүлж соёлын ач холбогдлыг тод харуулахад анхаарсан. Тухайлбал, цуврал мэдээллүүдийг хүргэж, өөрийн брэнд булангуудтай болсон. “Солонго аялал” сурвалжилгын аян Монголын оюутнуудын хамгийн унших дуртай контент боллоо. Сүүлийн жилүүдэд бид хоёр орны сэтгүүлчдийг оролцуулсан нөлөө бүхий хэд хэдэн сурвалжилга хамтран бэлтгэсэн” гэсэн юм.

Тус форумын үеэр “Миний мэдэх хоёр хөрш” зохион бичлэгийн уралдаанд байр эзэлсэн сурагчдын шагналыг гардууллаа. Монгол бичгээр ирүүлсэн зохион бичлэгийн уралдааны нэгдүгээр байрт 14 дүгээр сургуулийн сурагч Т.Хишигдэлгэр, хоёрдугаар байрт 14 дүгээр сургуулийн сурагч Э.Жавхлан, Э.Уянга, гуравдугаар байрт 14 дүгээр сургуулийн сурагч А.Энхтуул, С.Дарьсүрэн, Т.Халиун нар тус тус шалгарлаа. Харин хятад хэлээрх зохион бичлэгийн уралдааны нэгдүгээр байрт Энхжин, хоёрдугаар байрт Ля Жа Шин, Жан Мишээл, гуравдугаар байрт Мин Солонго, Мон Шан, Жү Юн Шу нар тус тус шалгарчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)