Хятад зураачид бүтээлээ дэлгэлээ

Сэрүүн салхи үлээж, морь үүрсэн, банхар хуцаж, бор шувууд шулганалдана. Цаст уулын бэлд сарлаг бэлчжээ. Ийнхүү би Монголын тал нутгаар аялж байснаа Хятад улсын нутагт “орчихов”. Үндэсний хувцсаараа гоёсон эмэгтэй, нүүр нүдгүй төөнөх гал руу нүүрс хүрздэж, шаргуу ажиллах үйлдвэрийн ажилчид.

Ийм дүр зургийг дөрөв дэх жилдээ зохиож буй “Хятадын орчин үеийн урлаг 2016” үзэсгэлэнгээс харж болно. БНХАУ-ын Зураачдын эвлэлийн 20 уран бүтээлч будааны цаас, бэхээр голлон урласан 40 орчим бүтээлийг энд дэлгэжээ.

Хятад уран зургийн техникийг гүн би буюу зураасан зураг, шие и буюу бичилтэт арга барил гэж хуваадаг.

Монголын зураачдын эвлэлийн дэд тэргүүн Ц.Соёлмаа “Хятадын зураачдын эвлэлийн дарга Лю Да Вэй, муж бүрийн зураачдын дэмжлэгээр 2013 онд анх Монголд үзэсгэлэн гаргаж байлаа. Энэ үйл явдал хоёр орны соёлын харилцаа, дүрслэх урлагийн хөгжилд том нөлөө үзүүлж буй.

Хятадын уламжлалт зураг нарийн мэдрэмж, техник шаарддаг учраас ийм арга барил эзэмшихэд олон жилийн тууштай сургуулилалт шаарддаг. Хятад үндэстэн олон зуун жилийн түүхтэй урлагаа орчин үеийн хөгжилд орхигдуулаагүй. Үүнийг харуулахыг зорьсон” гэв.

Уг үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)