Хятад болон АНУ худалдааны маргаанаа удахгүй зохицуулах нь

Хятад болон Америкийн төлөөлөгчид ирэх сарын 1-нээс өмнө худалдааны маргаанаа зохицуулж, хэлэлцээр байгуулахад бэлэн хэмээн Хятадын шинжээчид үзэж буй. “Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Лю Хэгийн байр суурь худалдааны хэлэлцээний үеэр маш чухал. Тэрбээр чухал шийдвэр гаргах, хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхтэй” гэж тус улсын Худалдааны яамны дэргэдэх Олон улсын зах зээлийн судалгааны хүрээлэнгийн орлогч дарга Бай Мин хэлснийг “Global times” сонин эш татжээ. “Худалдааны хэлэлцээний үеэр ахиц гарах, харилцан буулт хийхээр байгаа. Заасан хугацаа дуусах хүртэлх долоо хоногийн хугацаанд талууд санал зөрөлдөөнөө зохицуулахад хэзээ хэзээнээс илүү бэлтгэжээ” гэж тэрбээр тэмдэглэсэн байна.

“Хятад, АНУ хооронд санал нийлэхгүй хэд хэдэн асуудал бий. Гэхдээ худалдааны хэлэлцээндээ ахиц гаргах зорилгоор тус хоёр улс нягт харилцаж байгаа нь найдвар төрүүлсэн” гэж Бээжин дэх Цинхуагийн их сургуулийн Санхүүгийн судалгааны хүрээлэнгийн тэргүүн Жу Минь хэлснийг “China daily” сонин эш татжээ. “Хоёр талын харилцаагаа зөв хөгжихөд туслахын тулд Хятад болон АНУ байнга зөвлөлдөх хэрэгтэй” гэж Олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны академийн ажилтан Лян Мин хэлэв.

Лю Хэ тэргүүтэй Хятадын төлөөлөгчид, АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, худалдааны хэлэлцээнд тусулсыг төлөөлөгч Роберт Лайтхайзер нарын хооронд болох хэлэлцээ өнөөдөр Вашингтонд эхэлж, хоёр өдөр үргэлжилнэ. Хэрэв амжилтгүй болбол Вашингтон Хятадын бараа, бүтээгдэхүүнээс авдаг татвараа нэмж магадгүй учир энэ удаагийнх онцгой ач холбогдолтой хэлэлцээ юм. Үүний өмнө хоёр улсын хүсэлтээр Бээжинд болсон зөвлөлдөөнийг талууд амжилттай болсныг тэмдэглэсэн.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр Аргентинд уулзахдаа гурван сарын дотор худалдааны хэлэлцээр байгуулах алхмууд хийхээр тохиролцсон билээ. Ингэснээр урьдчилан төлөвлөсний дагуу Хятадын 200 тэрбум долларын бүтээгдэхүүнээс авч байсан 10 хувийн татвараа энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 25 болгож нэмэхгүй байхаар зөвшилцсөнийг Цагаан ордны тэргүүн мэдэгджээ. Худалдааны хэлэлцээр байгуулах хугацаа ирэх сарын 1-нд дуусах бөгөөд хэлэлцээ Вашингтоны хувьд зөв чиглэлээр, амжилттай болж буй цагт татвараа нэмэхгүй гэдгээ Д.Трамп хэлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)